ОЛОН ӨНГӨ: Эцсийн хоргодох газар минь

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 12

“Хүрэн толгойн сүүдэр нь

Хөндийгөө дагаад

хүүшилнэ дээ

Хүний л бага чамтай

Сэтгэл юундаа даслаа даа хө”

Ардын дуу зүрхэн чанадаас уянгална. Ай хө, амраг сэтгэлийн утсыг хөндөн аяар хөндүүрхэн алсрах энэ л дууг тэр минь ямар  сайхан дуулдаг байсан гэж санана. Хүний л бага чамтай сэтгэл юундаа даслаа даа хэмээн хүрэн зүрхнийхээ гүнээс санаа алдан хэлмээр. Ямархан хувь ерөөлөөр аав ээжийн алаг үр тийм сайхан дуучин болж төрдөг байна аа. Амьдралын үймж бужигнасан олны хөлөөс дайжиж хамгийн сүүлд хоргодох газар минь түүний аялгуу дуу ч юм шиг. Хүн мөнх бус. Хөгжим дуу мөнх. Хэнэггүй хээгүй атлаа чамин донж маяг цохилготой хэмнэлээр шуранхайлан дуулах түүний харц алсын уулсын цэнхэрлэнг ширтэж байна уу даа гэлтэй ая намуухан болдог сон.

Цээжнийх нь алсаас цэнхэр цэнхэр шувуухайс нисэлдэн жиргэж түүний өмнөөс жиргээд байна уу гэлтэй уянга яруу, төгс эгшиглэн ундрах ажгуу. Ихэмсэг бардам, зожиг ганцаардмал түүнээс ийм хөг эгшиг хөвөрнө чинээ бодоо нь үгүй цохилох зүрхтэй бүхэн ангайж хоцорно. Яг л хөшөө шиг царцаж орхино.

Уртын дууных нь шидэнд автан жингүйдэж, ер бусын ховсонд хүлэгдэн уягдан суусаар л байдаг сан. Тэр минь мэргэжлийн ямар нэгэн сургууль дүүргэж ноот заалгаж, номын дууг нь сонсоогүй хэр нь унаган байгалиас заяасан өгөгдлөөрөө ийнхүү дуулж л суудаг сан. Дуулахдаа чинхүү сэтгэлээсээ шаналан шархирч, санан гансарч, хайрлан дурлаж, хайлан шингэж дуулдаг байлаа.

Хүн гэдэг сэтгэлийн амьтан ажгуу. Энэ л дууны, эгэл дуучны мөн чанарыг нэвт гэрэлтүүлж, дувт санагдуулсан уртын дуунд ийм хайртай болчих гэж. Ай даа, хүний л бага чамтай сэтгэл юундаа даслаа даа хө. Амьдралын сайн муу, сайхан муухайд живж, хөвж явсаар эцсийн хоргодох газар минь энэ л дуу юм шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top