Газрын тосны фьючерс үнэ 96.16 ам.доллар хүрч өсөв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 02 сарын 14

Дэлхийн зах зээл дээр газрын тосны фьючерс үнэ  өссөн үзүүлэлттэй байна. Өнөөдөр Брент төрлийн тосны дөрөвдүгээр сарын  фьючерс үнэ 2014 оны 10 дугаар сарын 1-нээс хойших түүхэн өндөр үнэ буюу баррель нь 96.16 ам.долларт хүрэв. Харин WTI төрлийн тосны гуравдугаар сарын  фьючерс үнэ  94.82 ам.доллар болжээ.

Тэгэхээр ирэх саруудын фьючерс үнэ ийнхүү нэмэгдэж буй нь шатахууны импортын хэт хамааралтай Монгол Улсын хувь таагүй мэдээ юм.

Сануулахад, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2022.02.10/ АИ-92 бензиний үнэ 40-50 төгрөг,  АИ-95 бензиний үнэ 20 төгрөгөөр нэмэгдсэн. Дотоодод шатахууны үнэ ийнхүү дахин нэмэгдэж буй нь гадаад зах зээлийн үнийн өсөлттэй холбоотой.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөөр байгаа. Үнийн өсөлт өнгөрсөн долоо хоногт  долоо дахь долоо хоногтоо  үргэлжилж буйг Ройтерс мэдээлж байсан. Тэгвэл одоогийн байдлаар найм дахь долоо хоногтоо газрын тосны үнэ өсөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top