Төрийн өмчит компаниудыг нээлттэй компани болгоно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 02 сарын 14

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын дарга Б.Цэнгэл өнөөдөр /2022.02.14/ Монголын Хөрөнгийн биржид ажиллаж, 6656 дахь удаагийн үнэт цаасны арилжааг нээж, цан цохилоо.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд  “Төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулах зорилгоор тэдгээрийг олон нийтэд нээлттэй компани болгох нь цаг үеэ олсон зайлшгүй асуудал юм. Үүний тулд төрийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй болох үйл явцыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй, ил тод, шударгаар хийх нь хамгийн оновчтой арга зам юм. Энэ үйл явц нь хөрөнгийн зах зээл төдийгүй улс орны эдийн засагт өндөр ач холбогдолтой байх болно гэв.

Манай улсад “Монгол шуудан” ТӨХК зэрэг сайн туршлага бэлээхэн байна. “Монгол шуудан” ТӨХК нь одоо улсын төсвөөс татаас авдаг байсан бол 2016 онд олон нийтэд нээлттэй компани болсноор компанийн засаглал сайжран, санхүүгийн чадавх нэмэгдэж, компанийн цэвэр ашгийн үзүүлэлт 10 дахин, компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ 2 дахин өссөн байна. Түүнчлэн, төрийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй болгосноор тухайн улсын эдийн засагт өндөр үр ашиг өгсөн олон жишээ байгааг дурдахдаа БНХАУ-ын  “Chalco” компани (төр 36%, олон нийт 64%), “Air china” компани (төр 51.7%, олон нийт 48.3%), ОХУ-ын “Gazprom” компани (төр 50%, олон нийт 50%) зэрэг компаниудыг дурдав.

Төрийн өмчит компаниудын тодорхой хэсгийг олон нийтэд нээлттэй болгох замаар хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь компанийн засаглал, ил тод байдал сайжрах, ашигт ажиллагаа нэмэгдэх зэрэг олон талын үр ашигтай юм.

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл хэлсэн үгэндээ олон улсын нэр хүнд бүхий “Bloomberg” агентлагаас Монголын хөрөнгийн зах зээлийг 2021 оны хамгийн өндөр өсөлттэй зах зээлээр нэрлэсэн байна. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй төрийн өмчит компаниас Монголын Хөрөнгийн бирж ТӨХК нь 2021 онд ашигтай ажилласан цөөн компанийн нэг болсон” гэдгийг тодотголоо гэж МХБ-ээс мэдээллээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top