Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төв /УТҮГ/, Усны газрын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, ажилтан, албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд БОАЖЯ-ны харьяа газруудаас танилцуулга, мэдээлэл хийж, тулгамдаж буй асуудлаа ярилаа. Ойн судалгаа, хөгжлийн төв /УТҮГ/ өнөөдрийн байдлаар 12 үндсэн, 14 гэрээт ажилтантай. Сүүлийн хоёр сар цалингүй ажиллаж байна гээд бүтэц, орон тоо өнөөдрийг хүртэл ойлгомжгүй байгаа нь үйл ажиллагаагаа цаг хугацаандаа төлөвлөж явуулахаас эхлээд хүндрэл тулгарч байгааг хэлэв.
Мөн ойн салбарт тасралтгүй таваас дээш жил гэрээтээр ажиллаж буй мэргэжлийн боловсон хүчнээ үндсэн ажилтнаар авч ажиллуулах, нийт ажилтан албан хаагчдын нийгмийн асуудал орхигдож байгааг тус төвийнхөн хэллээ. Түүнчлэн тус төвийн захирал Г.Цагаанхүү бүтэц, орон тоо, төсөв, хөрөнгө өнөөдрийг болтол тодорхой бус байна гээд цаашид ойн агентлаг байгуулах асуудлыг яаравчилж, ойн талаар төрөөс авч хэрэгжүүлэх тогтвортой бодлого энэ салбарт үгүйлэгдэж байна гэсэн юм.
Үүнээс гадна Монгол орны ойн санг хортон шавьж, бусад хүчин зүйлээс хамгаалах ажлаа төлөвлөн эрчимжүүлэхгүй бол цаг хугацааны хувьд оройтож байгааг сануулаад, Ойн судалгаа, хөгжлийн төвийг анхааралдаа авч ажиллахыг хүслээ. Мөн тус газрын харьяа Модлог ургамлын цэцэрлэгийн газар маргаантай хэвээр өнөөдрийг хүрч, мод, ургамлын төрөл зүйлийг авч үлдэх асуудал орхигдож байгаа тухай ярив.
Цар тахлын улмаас өнгөрсөн гурван жилийн хугацаанд бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, техник шинэчлэлийг огт хийгдээгүй талаар ч дурдсан юм.
БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж нөхцөл байдалтай танилцан тус төвийн ажилтан, албан хаагчдын цалингийн асуудлыг шуурхай шийдэхээр боллоо. Мөн тус газраас танилцуулсан асуудлыг анхааралдаа авч ажиллана гэдгээ илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 0 )