Дархан цаазат газар нутагт ХАУС БАРИХЫГ бүрмөсөн зогсооно

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

УИХ-ын БОХХААБХ-оос байгуулагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэдээлэлтэй танилцаж, холбогдох бусад мэргэжлийн байгууллагууд болон дүүргүүдийн удирдлагын саналыг сонслоо.

УИХ-ын 1996 оны 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хил заагийг тогтоожээ. БОАЖЯ, Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Түргэн, Тайн, Жаргалант, Ташгай, Нүхтийн задгай, Хүрхрээ, Хүрэлтогоот зэрэг амнуудын хил заагийг тус тусынхаа газрын кадастрын мэдээллийн санд зөрүүтэй тэмдэглэж, түүгээрээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэж ирсэн нь маргаан дагуулсаар байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ашиглаж байгаа хилийн зааг нь нийт 42271.24 га бөгөөд хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтээр 41423.4 га гэж тооцсон байна. Үүнээс 226.6 га талбайн зөрүү гараад байгаа юм.

Ажлын хэсгийн хуралдаанаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2019 оны А/65 дугаар тушаалаар байгуулагдсан хамтарсан ажлын хэсгийн тодруулж, хэмжилт хийсэн хилийн заагийн 25 эргэлтийн цэгийн солбицлын мэдээллийг нягтлан хэлэлцэв.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг 1994 онд, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийг 1997 онд баталсан. 1994 оноос хойш Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч өнөөгийн газрын харилцааны менежмент, бодлогыг тодорхойлоход хангалтгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс хууль эрх зүйн орчинг шинэчилж, орон нутгийн эрх хэмжээг тодорхой болгох, тусгай хамгаалалттай газарт үүссэн суурьшлын бүсийн асуудлыг цэгцлэх, мэргэжлийн байгууллагуудын үүрэг, оролцоог хэлбэрэлтгүй тогтоох шаардлагатайг ажлын хэсгийн гишүүд онцоллоо.

Тусгай хамгаалалттай газар нутгуудын өнөөгийн байдлын мэдээлэлд дүгнэлт хийхэд эрх зүйн орчинг шинэчлэх шаардлагатай нь харагдаж байна. Хуулийн төслийн үзэл баримтлалыг Үндсэн хууль хийгээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлж сайжруулах чиглэлийг Засгийн газарт өгнө.

Мөн тусгай хамгаалалттай бүсэд суурьшлын бүс нэмж үүсгэхгүй байх, дархан цаазат газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр газар ашиглах гэрчилгээ олгож, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулна гэдэг ч хаус хороолол барьж худалддаг болон хамгаалалтын бүсийг өөрчилдөг байдлыг бүрмөсөн зогсоох, нэгдсэн стандарт нормыг тогтоох чиглэлийг холбогдох байгууллагуудад өгөх асуудлыг ажлын хэсгийн санал, дүгнэлтдээ нарийвчлан тусгахаар болжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н(64.119.17.141) 2022 оны 02 сарын 17

Барьсан газруудыг буулга үгүй бол амралтын журмаар нь ашигла

0  |  0
Top