"Бээжин-2022" олимпын нээлтийн үеэр Орос, Хятад хоёр ээлжит хийн хоолой барих тухай зарласан билээ. Харин энэ нь эртнээс хүлээгдэж буй “Сибирийн хүч-2” биш, харин илүү даруухан буюу тав дахин бага хүчин чадалтай төсөл байв.
Хөх түлшийг Алс Дорнодоос Хятад руу хүргэх шинэ төслийг “Сибирийн хүч-3” гэж нэрлэх боломжтой. Энэ төсөл тэргүүлэх ач холбогдолтой юу? Хятад, Орос хоёр улс үүнээс ямар ашиг хайж буй талаар ТАСС агентлагт бичжээ.
Харин үүнээс өмнө “Российская газета” хэвлэлд “Сибирийн хүч-2” төслийн талаар техник, эдийн засгийн үндэслэл батлагдаж, хийн хоолой Баруун Сибирийн Ямал хойгоос Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжина. Монгол Улсад хийн хоолой “Союз Восток” нэрлэгдэнэ гэж бичиж байв.
Тус хэвлэлд онцолсноор, Хятад улсад энэ төсөлд болгоомжтой хандаж байна. Бээжин “Сибирийн хүч-3” гэгдэж буй хийн хоолойг Сахалинаас татах сонирхолтойгоо удаа дараа илэрхийлж байсан юм. Хятадуудын зорилго ойлгомжтой. Бүх учир нь байгалийн хийн үнэд оршиж байгаа. Хийн үнэ хоолой хэр урт байхаас шалтгаална. “Сибирийн хүч-2” хоолой 2000 гаруй км үргэлжлэх бол “Сибирийн хүч-3” хоолойн урт 1000 км хүрэхгүй.
Харин Оросын хувьд “Сибирийн хүч-2” илүү ач холбогдолтой. Учир нь энэ төслөөр Баруун Сибирийн хийн нөөцийн борлуулалтын зах зээлийг солонгоруулах сонирхол Орост бий гэж ОХУ-ын Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн дэд тэргүүн Алексей Гривач ярьжээ.
Өдгөө Оросын байгалийн хий зөвхөн Европ руу нийлүүлэгдэж байгаа бол “Сибирийн хүч-2” төслийн ачаар зах зэлээ дорно зүгт тэлэх боломж нээгдэх юм.
Түүнчлэн, энэ хоолой Красноярск, Чита зэрэг Красноярскийн хязгаарын өмнөд хэсэг болох байгалийн хий хүрээгүй Оросын бүс нутгаар дамжих тул ихээхэн ач холбогдолтой. Ирээдүйд “Сибирийн хүч-2” хоолой тус улсын хийн тээврийн баруун болон зүүн системийг холбох учиртай. Ингэснээр хийн нийлүүлэлтийн аюулгүй болон уян хатан байдлыг нэмэгдүүлнэ гэж Гривач үзэж байна.
Монгол Улс мөн л Оросын хийн хоолой авах сонирхолтой. Төслийн талаар Монголтой тохиролцоонд хүрээд байгаа бөгөөд Хятад улсын байр суурь өнөөг хүртэл тодорхойгүй байсан. Харин нөхцөл байдал хэрхэн өрнөж буй талаар ТАСС ийн бичжээ.
Сибирь хэдэн хүчтэй вэ?
Орос, Хятадын хийн хамтарсан төслийг 1990-ээд орны хоёрдугаар хагасаас эхлэн хэлэлцэж эхэлсэн. Гэвч “Газпром”, Хятадын газрын тос, байгалийн хийн үндэсний корпорац хоёр 2014 онд л Оросын хийг Зүүн болон Баруун Сибириэс нийлүүлэх тухай 30 жилийн хугацаатай хэлэлцээр байгуулж байв. Тэр үед “Сибирийн хүч-1” анхны хийн хоолой баригдаж эхэлсэн. Якутаас Шанхай зэрэг Хятадын дорнод бүс нутагт хий нийлүүлэх хоолой 2019 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орж, жилд 38 тэрбум куб м хий нийлүүлэх хүчин чадалтай. 2021 онд “Сибирийн хүч-1” хоолой нийт найман тэрбум хий дамжуулсан бол 2025 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх хуваарьтай.
2014 онд мөн “Сибирийн хүч-2” төслийн бэлтгэл ажлыг эхлүүлэх тухай зарласан. Энэ нь жилд 50 тэрбум куб.м хий дамжуулах хүчин чадалтай. Үүнд Баруун Сибирьт олборлолт нь эхэлсэн орд газруудыг төдийгүй шинэ орд газрыг хамруулах юм.
Олон хувилбарыг авч үзсэний эцэст “Сибирийн хүч-2”-ыг Монголоор дамжуулах шийдвэрийг боловсруулсан. Учир нь энэ чиглэл нь хийн хоолойн уртыг багасгах, улмаар барилгын өртгийг хямдруулах юм. Гэвч хоёр дахь хийн хоолойг барих тухай гэрээг Хятадын талтай өнөөг хүртэл байгуулж чадаагүй. Энэ оны нэгдүгээр сард Монгол Улсын шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан “Союз Восток” гэгдэж буй хийн хоолойн Монголын хэсгийн барилгын ажил 2024 онд эхэлж, 2027-2028 оны хооронд ашиглалтад орно гэж мэдэгдэв. Өөрөөр хэлбэл үндсэн шийдлийг тохиролцсон гэсэн үг. Гэсэн хэдий ч ОХУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Андрей Денисов өнгөрсөн нэгдүгээр сард хэвлэлийн бага хурал дээр “маш сонирхолтой нэг төсөл бий” гэж болгоомжтой томьёо ашиглаж байв. Тиймээс “Сибирийн хүч-2” төсөл хэзээ эхлэх нь одоогоор тодорхойгүй байна. Оросын Шинжлэх ухааны академийн Эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн хэлтсийн дарга Вячеслав Кулагины хэлснээр, үүнд гайхах зүйл байхгүй. Учир нь энэ төсөл нь олон нарийн асуудлыг хэлэлцэхийг шаардсан олон шаттай төсөл. “Сибирийн хүч-1”-ийг гэхэд л талууд 20 орчим жил боловсруулж, зөвшилцөж байв. Харин “Сибирийн хүч-2”-т транзит улс орж байгаа нь нэмж барилга, ложистикийн нарийн асуудлуудыг тохиролцох шаардлага гарч байна гэж Кулагин тайлбарлажээ.
“Сибирийн хүч-3” төсөл гэж бий юу?
Нэгдүгээр сард элчин сайд Андрей Денисов бас нэг хийн төсөл бэлэн байгаа тухай онцолсон. Үүнээс хойш хэдхэн хоногийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Олимпын нээлтэд оролцох үеэр Орос, Хятадын хооронд Алс Дорнодоос хий нийлүүлэх тухай гэрээ байгуулсан тухай мэдэгдсэн. Гэрээ ёсоор Сахалин арлаас Дундад улсын хойд бүс нутаг руу жилд 10 тэрбум куб м хий нийлүүлэх юм.
Зарим хэвлэлүүд энэхүү төслийг “Сибирийн хүч-3” гэж нэрлээд байгаа. Харин Вячеслав Кулагин төслийг ингэж нэрлэх нь буруу гэж үзэж байна. Учир нь хийн хоолой Сибирь бус Алс Дорнодоос явж байгаа бөгөөд Сибирийн хий энд ямар ч холбоогүй. Тэр тусмаа энэ төсөл “Сибирийн хүч-2”-ын оронд бус зэрэгцэн хэрэгжих юм. Үүнтэй Үндэсний судалгааны эдийн засгийн их сургуулийн Дорно дахины судлалын сургуулийн тэргүүн Андрей Карнеев санал нэг байна. Тус хоёр улсын хувьд эл төсөл нь Оросын хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бас нэг боломж болох юм.
Энэ төслийн томоохон давуу тал нь маш богино хугацаанд барих боломжтой. Учир нь хийн хоолойн үндсэн хэсэг нь хэдийн ашиглагдаж байна. Энэ нь Сахалин-Хабаровск-Владивосток чиглэлийн хийн хоолой юм. Хятад улс руу салаалахын тулд хэдхэн км хоолой татахад хангалттай аж.
Хийн хоолой Орост ямар ашигтай вэ?
Мэдээж хэрэг энэ нь орлогын нэмэлт эх үүсвэр юм.Тус төсөл нь “Сибирийн хүч-2” хийн хоолойг барьсан тохиолдолд ч чухал бөгөөд ирээдүйтэй хэвээр байх болно. Нэгт, хийн хоолойн гол хэсэг нь хэдийн ашиглагдаж байгаа. Хоёрт, Киринийн орд газар гэх мэт эх үүсвэрийн бааз бий. Төлөвлөгөө ёсоор хийн хоолойн хүчин чадлыг 20 тэрбум куб м болгож, нэмэгдүүлэх боломжтой ба Хятад улс үүнийг дуртайяа худалдан авна.
Үүний сацуу хийн хоолой барьснаар Алс Дорнодыг хийн хоолойтой холбох боломж гарна.
Хийн хоолой Хятадад ямар ашигтай вэ?
Хятадын хойд бүс нутагт хий маш их эрэлттэй байна. Газар зүйн хувьд Хятадад Оросоос хий авах нь ашигтай. Хойд бүс нутагт нь шингэрүүлсэн байгалийн хий бий ч өртөг өндөртэй. Хятадын том эдийн засаг эрчим хүчний эх үүсвэр байнга шаардаж байдаг. Үүнтэй зэрэгцэн Хятад улс 2060 он гэхэд нүүрстөрөгчийн хэрэглээгээ тэглэх зорилт тавиад байгаа. Өнгөрсөн намар энэ зорилгод хүрэх эхний алхмууд зүүн хойд бүс нутагт эрчим хүчний хямралд хүргэсэн билээ.
Харин байгалийн хий нь Хятадын эрчим хүчний хэрэгцээг хангах экологийн цэвэр арга замын нэг. Экологийн төлөөх тэмцлээс гадна Хятадын хийн хэрэгцээ асар хурдацтай нэмэгдэж байна. Эл хэрэгцээ жилд 40-50 тэрбум куб метрээр өсөж байна. Тиймээс тус улс эрчим хүчний шинэ эх үүсвэр эрэлхийлж байгаа. Хятад улс өмнөд бүс нутгуудынхаа хэрэгцээг шингэрүүлсэн хийгээр хангаж байгаа бол хойд хэсэгт нь Оросоос өөр нийлүүлэгч үгүй. Тиймээс жилд нийлүүлэх 10 тэрбум Оросын хий зах зээлийг нь бүрэн хангахгүй ч эрчим хүчний тэнцвэрийг бага ч гэсэн хангах юм.
Эх сурвалж: ТАСС агентлаг, “Российская газета” хэвлэл
Сэтгэгдэл ( 5 )
Манайх руу хий орж ирэхгүй ээ. Ер нь манайх Япон , Америк, Германыг түшиглэж нэг хоёрын зэрэг Атомын цахилгаан станцыг урд хил орчимд байгуулах хэрэгтэй. Түүнээсээ цахилгаанаа авдаг байх ёстой. Ингэж гэмээ нь бусдын хараат байдлаас гарна. Юм хийхгүй. Бүгдийг гаднаас аваад суугаад байж таарахгүй.
Mongoloor hiin hoolio damjuulah asuudliig hyataduud huleen zuvshuuruugui baigaa zuvhun yariltsaj baigaa herev ted mongoloor dairuulahgui gevel barigdahgui gesen ug,orosiin uuriinh ni sudlaach ingej yarisan shuu,end oilgomjgui yamnuud olon baigaa
Харин манайхан өөрсдөө нутагтаа хайгуулаа сайн хийж олж олборлох л зам байгаа даа
хужаа нар манайхыг хөгжүүлэх сонирхолгүй тул монголоор дайрсан энэ хийн хоолой баригдахгүй гэж мөрийцсөн ч яахав
Манайхаар дайрах хоолой баригдах л юм бн.