Польш улсад олон улсын “Saber Strike 22” цэргийн сургуулилт АНУ-ын Зэвсэгт хүчний Европ дахь командлалын удирдлага дор эхэлжээ.
Польшийн Зэвсэгт хүчний ерөнхий командлалын мэдээлснээр, сургуулилтад 1.3 мянга орчин польш цэрэг, 300 орчим нэгж цэргийн техник, тэр дундаа “Rosomak” хуягт тээвэрлэгч оролцож байна.
Сургуулилтаар АНУ-ын цэргийн анги нэгтгэлийг Герман улсаас Польшийн нутаг дэвсгэрээр дамжуулан Балтын улс орнууд руу шилжүүлж, байрлуулах хувилбаруудыг гүйцэтгэх гэнэ.
Олон улсын “Saber Strike 22” хээрийн тактик сургуулилтыг хоёр жилд нэг удаа бүс нутгийн хямралд хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байх, хилийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, заналхийллийг сөрөх зорилгоор зохион байгуулдаг.
Польшийн Зэвсэгт хүчний ерөнхий командлал энэхүү сургуулилт нь Польшийн Зэвсэгт хүчний цэргийн сургуулилтын хөтөлбөрийн дагуу болж байгаа бөгөөд одоо өрнөж буй ямар нэгэн ажиллагаатай холбоогүй гэж мэдэгджээ.
Өнгөрсөн хоёр долоо хоногт Польшийн зүүн өмнөд бүс нутагт НАТО-гийн зүүн жигүүрийг бэхжүүлэх зорилгоор АНУ-ын дөрвөн мянга гаруй цэрэг, техник орж, ирсэн. Үүнээс өмнө Польш улсад НАТО-гийн хүрээнд таван мянган америк цэрэг байрлаж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )