Орос, Украины гал зогсоох зорилготой яриа хэлэлцээний гуравдугаар шат Беловежская пущед боллоо.
Уулзалт гурван цаг үргэлжилжээ. Яриа хэлэлцээнд оролцож буй Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский ОХУ-ын талын хэлэлцээнээс хүлээж байсан зүйл биеллээ олсонгүй, гэхдээ яриа хэлэлцээ үргэлжилнэ гэсэн байна.
Владимир Мединский “Орос хүмүүнлэгийн коридоруудыг нээх асуудлыг тавьсан. Хүмүүнлэгийн коридорууд Украины зэвсэгт хүчин хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс болж ажиллаагүй. Маргаашнаас энэ коридорууд ажиллана гэж найдаж байна. Украины тал бидэнд үүний баталгааг өгсөн” гэжээ.
Үүнээс гадна Украины төлөөлөгч нар Оросын талаас авчирсан цэргийн болон улс төрийн талаар тодорхой саналуудыг тусгасан бүх баримт бичигтэй танилцаж, хянан үзнэ гэсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединскийгийн ярьснаар Оросын тал их баримт бичигтэй иржээ.
ОХУ-ын тал тодорхой санал, төслийг тусгаж, зарчмын хувьд тохиролцсон зүйлүүдийг протоколд ч болтугай бичнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. Эдгээр бүх баримт бичгийг Украины тал хүлээн авчээ. Тэд эх орондоо очоод судална гэсэн бөгөөд уулзалтын үеэр ямар нэгэн баримтыг үзэглэж чадаагүй юм. Гэхдээ энэ асуудалд эргэн орж, магадгүй дараагийн уулзалт дээр гарын үсэг зурна гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский яриа хэлэлцээний дараагийн шатанд урагшлах бодит алхам хийнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Орос, Украины төлөөлөгч нарын хэлэлцээний эхний хоёр шат мөн Беларуст хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 3-нд болсон билээ.
Хэлэлцээний хоёрдугаар шатанд талууд иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд хүмүүнлэгийн коридоруудаар хамтран хангаж, хүнс, эм нийлүүлэх тохиролцоонд хүрсэн юм.
Яриа хэлэлцээний гуравдугаар шатанд оролцсон хоёр талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн өмнөх хоёр шатнаасаа өөрчлөгдөөгүй байлаа. Оросын талаас ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын орлогч Александр Фомин, Гадаад хэргийн сайдын орлогч Андрей Руденко, Төрийн Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Леонид Слуцкий, Беларуст суугаа Оросын Элчин сайд Борис Грызлов нар оролцсон бол Украины талаас “Ард түмний зарц” намын Дээд Рада дахь Зеленскийн фракцын тэргүүн Давид Арахамия, Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников, Гадаад хэргийн сайдын орлогч Николай Точицкий, Украины Ерөнхийлөгчийн захиргааны зөвлөх Михаил Подоляк зэрэг бүрэлдэхүүнтэй улстөрчид оролцлоо.
ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украинд цэргийн ажиллагаа эхэлсэн билээ. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Киевийн дэглэмийн зүгээс найман жилийн турш дарамт шахалт, хоморголон устгалд өртсөн хүмүүсийг хамгаалахын тулд Украиныг цэрэггүйжүүлж, нацистуудыг устгах төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн юм. Харин цэргийн хүчээр газар нутгийг нь булаан эзлэх тухай яриа байхгүй гэсэн билээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр тус улсын Зэвсэгт хүчин зөвхөн цэргийн дэд бүтэц, Украины цэргүүд рүү цохилт өгч байгаа бөгөөд энгийн иргэдэд ямар ч аюул заналхийлэл учруулахгүй гэсэн юм.
Талууд яриа хэлэлцээний гуравдугаар шатанд хүмүүнлэгийн коридор зэрэг асуудалд ахиц дэвшил гарч, улс төр, цэргийн сэдвээр хэлэлцүүлгийг үргэлжлүүлжээ. Гэхдээ бодит үр дүн одоогоор харагдахгүй байгаа талаар хоёр талын төлөөлөгчид мэдэгдсэн.
Орос, Украины яриа хэлэлцээ ойрын хугацаанд дахин үргэлжилнэ гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )