Аймгийн Засаг дарга Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан тэргүүтэй баг бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Саранчимэг оролцсон бөгөөд Дундговь аймагт хурдацтай явагдаж буй цөлжилтийг бууруулах, ундны усны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх мөн хүүхэд хамгааллын асуудлаар хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх саналтай байгаагаа хэлээд, орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд идэвх санаачлага гарган ажилладаг нутгийн удирдлагуудад талархаж буйгаа илэрхийлж, нутаг орныхоо хөгжлийн төлөө хичээл зүтгэл гарган нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Уулзалтын үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан Дундговь аймагт урьж хамтын ажиллагааны талаар санал солилцох боломж олгосон УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Засаг дарга Ц.Мөнхбат нарт талархал илэрхийлээд анх удаа өргөн баг бүрэлдэхүүнтэй Дундговь аймагт ажиллахаар ирж буйгаа онцолсон юм. Мөн НҮБ-ын Хүүхдийн сан ирэх жилүүдийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж буй энэ үеэр ийнхүү уулзалт хийн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож байгаа нь ихээхэн ач холбогдолтой талаар дурдлаа.
Аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ Дундговь аймгийн нийт ард иргэдэд тулгамдаж буй асуудлууд, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, боловсролын салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүүхэд хамгааллын чиглэлд хамтран ажиллах саналтай байгаа бөгөөд аймгийн нөхцөл байдалтай газар дээр нь ирж танилцсанаар цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тогтоох бодит үр дүн бүхий үйл явдал болж байгааг онцлон хэлээд хамтын ажиллагаанд орон нутгийн зүгээс бүхий л талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр сумдын удирдлагууд, аймгийн холбогдох салбарын төлөөллүүд танилцуулга, мэдээлэл хийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллах саналтай байгаагаа дурдав.
Сэтгэгдэл ( 0 )