Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд баригдах 37.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын нээлтийн үйл ажиллагаа гуравдугаар сарын 4-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд зохион байгуулагдлаа.
Тус aвто замын нээлтэд БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж, Азийн хөгжлийн банкны төсөл хариуцсан мэргэжилтэн Н.Эрдэнэсайхан, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Засаг даргын орлогч М.Хуягбаатар, “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн зохицуулагч П.Түвшинжаргал нар оролцлоо.
Aвто замын гүйцэтгэгч “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК-ийн төслийн менежер Цуй Ан Ган “Зам барилгын ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, ашиглалтад хүлээлгэж өгөх болно” гэдгийг хэллээ.
Түүнчлэн төслийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 2022-2023 онд Хатгалын төв замыг Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн авто замтай холбох 2 км, Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км хатуу хучилттай авто замууд болон Хатгал орчмын долоон байршилд авто зогсоол барих юм.
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хоёр чиглэлд явган болон морин аяллын жим тохижуулах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнээс, 2022 онд Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км хатуу хучилттай авто замыг иж бүрэн барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна.
Б.Нарангоо
Сэтгэгдэл ( 1 )
Дахиад л Хятад, дахиад л хулхи чанаргүй зам барина. Япончуудтай хамтраад Нарны зам шиг зам бариач. Япон чанар, хэзээ ч авилга өгч авдаггүй.