Л.Халтар: Жолооч нарын шаардлагыг хүлээж авбал Эрээн хилээ хаана

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

Замын-Үүдийн жолооч нарын төлөөлөл чингэлэг тээвэрлэлт Монгол Улсын эдийн засагт сөрөг үр нөлөө үзүүлж байна хэмээн мэдэгдэж, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн.  

Энэхүү шаардлагыг хүлээж авах эсэх болон  ачаа тээвэрлэлтийн хэрхэн зохион байгуулж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай ярилцлаа. 


-Хилийн боомт хаагдсан үеэс яриагаа эхэлье. БНХАУ хилээ хаах үед Монгол Улсын Засгийн газраас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бэ?

-2021 оны аравдугаар сарын 14-нд Эрээн хотын хэд хэдэн газарт ковид-19 халдвар тархаж эхэлсэнтэй холбоотойгоор тус хотын захиргаа шийдвэр гаргаж, Эрээн-Замын-Үүдийн хилийн боомт хаагдсан. Хил хаагдсанаас хойш Эрээн хот шуурхай зохион байгуулалт хийж, хотын хэмжээндээ бүх хөдөлгөөнийг хаасан. Энэ үед бид Эрээнд байгаа консулын газраас цаг тутам мэдээлэл авч байсан. Улмаар 46 хоногийн турш хөдөлгөөн хаалттай байсны эцэст  2021 оны арваннэгдүгээр сарын 20-нд хот доторх хөдөлгөөнөө нээсэн. Үүний дараа Монголын талаас хилийн хооронд хийдэг тээвэрлэлтийг нээх хүсэлтийг удаа дараа тавьсан. Ингээд 2021 оны арваннэгдүгээр сарын 26-нд туршилтаар тээвэрлэлт хийж эхэлсэн. Ингэхдээ хоёр улсын дундын бүс буюу 0 цэгт чингэлэгтэй ачаа байрлуулж, түүнийг нь Монгол руу татах зохион байгуулалт хийсэн. 

Үүний дараа 2021 оны арванхоёрдугаар сарын 27-нд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийн дагуу Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, Замын-Үүд боомтод ажилласан. Тээврийг эхлүүлэхэд БНХАУ-ын талаас хүн хооронд ямар нэгэн харилцаа үүсгэхгүйгээр тээвэр зохион байгуулах шаардлага тавьсан юм. Улмаар 2022 оны нэгдүгээр сарын 11-нээс тээвэр хийж эхэлсэн. Маргааш нь буюу нэгдүгээр сарын 12-нд Монгол Улсын Засгийн газраас "Замын-Үүд" хилийн боомтод авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 27-р тогтоолыг гаргасан. Энэхүү тогтоолоор Хятадын талаас тавьсан шаардлагын дагуу Замын-Үүд сумыг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. 

-Чингэлэг тээвэр эхлээд хоёр сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хичнээн тонн ачаа оруулж ирсэн бэ?

-Чингэлэг тээвэр эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 3041 чингэлгээр 54415 тонн ачаа тээвэрлэж оруулж ирсэн байна. Мөн импортоор 482 шинэ машин оруулж ирсэн байна.  

-Өчигдөр тээвэрчдийн төлөөлөл хэвлэлийн хурал хийж, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагыг та хүлээж авсан уу?

-Замын-Үүдийн жолооч нар ирж, шаардлага тавьсан. Ингэхдээ засгийн газрын 27-р тогтоолыг хүчингүй болгох шаардлага тавьсан. Үүнийг хүчингүй болгож болно. Гэхдээ хүчингүй болгосон тохиолдолд маргаашнаас нь эхлээд БНХАУ хилээ хаана.  

-Замын-Үүдэд хичнээн жолооч тээвэрлэлт хийдэг вэ. Та бүхэн тэдгээр жолооч нартай уулзсан уу?

-Бид жолооч нарын төлөөлөлтэй уулзсан. Манай яаманд шаардах хуудас өгсөн. Тэдний ярьж байгаа гол зүйл нь Засгийн газрын нэгдүгээр сарын 12-нд гаргасан тогтоолыг хүчингүй болгох,  тээвэрлэлтийг хуучин горимд буюу ковид-19 цар тахлын өмнөх нөхцөл байдалд буцааж оруулах гэсэн шаардлага тавьсан. Харамсалтай нь өнөөдрийн нөхцөл байдалд энэ бүхнийг хүлээж авах ямар ч боломж алга. 

БНХАУ онцгой дэглэмээ бууруулаагүй байгаа учраас бид Хятадын бүс рүү нэвтэрч тээвэрлэлт хийх боломжгүй. Жолооч нар барааны үнэ, тээвэрлэлтийн үнэ өсөж байна гэж яриад байна. Дэлхийн зах зээлд бараа, материалын үнэ өсөж байгаа нь үнэн. Цар тахал болон ОХУ-Украины нөхцөл байдлаас үүдээд түүхий эдийн үнэ өсөж байна.  Үүн дээр нь нэмээд Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгож, Эрээн хилээ хаавал маш их үнийн хөөрөгдөл Монгол Улсын зах зээлд бий болно. 

Өнөөдрийн нөхцөл байдалд Монголын талаас хамаарч байгаа нэг ч зүйл алга. Бид БНХАУ-ын талаас тавьж байгаа шаардлагыг биелүүлээд бага ч гэсэн тээвэрлэлт хийж байна. 

Тээвэрчдээс ирүүлсэн шаардлагад 7000 орчим жолооч байна гэж бичсэн байна. Энэ тоог бид судлахад Замын-Үүд боомтод 1600-2000 орчим жолооч, 5300 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Гэхдээ энэ жолооч нар бүгд ажилгүй зогсоогүй. Хилийн 0 цэгээс ложистикийн төвд  ирсэн ачааг гаалийн бүрдүүлэлт хийж нийслэл, орон нутаг руу хүргэж байгаа. Ингэж ачаа хүргэх дотоодын тээврийг Замын-Үүдийн жолооч нарын 70-80 хувь нь хийж байгаа. 20-30 хувь нь ачаа хүлээж авч байгаа иргэд өөрсдийн жолоочтой авч байгаа юм билээ. 

-Засгийн газрын тогтоолын дагуу гурван компаниар тээвэрлэлт хийлгэж байгаа. Эдгээр компанийг хэрхэн сонгосон бэ?

-Засгийн газрын тогтоол гаргахдаа ямар нэгэн аж ахуй нэгжтэй гэрээ хийх хэрэгтэй болсон. Учир нь 50-60  хүнтэй хариуцлага тооцсоноос гурван аж ахуй нэгжтэй тохиролцсон нь амар байна гэсэн дүгнэлтэд хүрээд сонгосон.   Ийнхүү 500 мянган төгрөгөөр тэг цэгээс бүс нутгийн Логистикийн төв хүртэл тээвэрлэлт хийлгэж эхэлсэн.  Энэ мөнгөнд тээвэрлэлт хийж байгаа жолооч нарын байрны хөлс, хоолны зардал, шатахуун, сэлбэг гэх мэт бүх зардлыг багтаасан байгаа. 

-Ярилцсанд баярлалаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top