Тоглоомын талбайн СТАНДАРТ бодитоор хэрэгжихгүй байна-II

2022 оны 03 сарын 16

Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсөж торних, тоглож наадах эрхтэй. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхэд тухайн хүүхдийн нийгмийн гарал, амьдрах орчны ялгаа хамааралгүй юм. Хүрэлцээтэй талбай, эвдрэлгүй тоглоом, тохилог орчин үгүй учир тоглоомын талбайд  тоглож чадахгүй хүүхдүүд гэртээ хашигдаж, дэлгэцийн хамааралд өртсөөр байна. Гадаа дулаарч буй ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хашааныхаа хаалгыг хаасан, эвдэрсэн хэсгээ засаж сэлбээгүй тоглоомын талбайд хүүхэд багачуудыг хүлээж авахад бэлэн бус хэвээр. Шинэ стандарт мөрдүүлнэ хэмээн 2019 онд баталсан боловч цаасан дээр л хэрэгжсээр өдийг хүрлээ. Тиймээс бид тоглоомын талбайн чанар стандарт, аюулгүй байдал болон хүртээмжийн талаарх сурвалжилгыг өмнөх цувралаар хүргэсэн. Харин энэ удаагийн дугаарт шинэ стандарыг хэрхэн тогтоосон байдаг, тоглоомын талбайн засвар үйлчилгээг хэн хариуцах ёстой, гэр хорооллын бүсэд амьдрах хүүхдийн тоглох эрхийн талаар сурвалжилга бэлтгэлээ.


 

ХОТЫН ХААНА Ч САГС ТОГЛОХ БОЛОМЖТОЙ ГАЗАР АЛГА

 

Сүүлийн дүн мэдээгээр нийслэл хотод 1452 хүүхдийн тоглоомын талбай байгааг зарласан. Эдгээр тоглоомын талбайд эзэмшлийн хувьд төрийн байгууллагын харьяа 757, төрийн бус байгууллагын харьяа 649, харьяалалгүй 92, стандарт шаардлагын хувьд солих шинэчлэх шаардлагатай 583 байгаа аж. Мөн огт тоглоом байдаггүй 143, 1-3 ширхэг тоглоомтой 683, наймаас дээш тоглоомтой 130 тоглоомын талбай байна.

Үүнээс үзэхэд хотод амьдрах 1-12 насны 400 мянга шахам хүүхдийн хаана нь ч дээрх тоглоомын талбай хүрэхгүй. Хүртээмж тааруу учир хүүхдүүд гэртээ сууж зурагт, гар утасны дэлгэц ширтэхээс өөр аргагүйд хүрснийг ээж аавууд учирлана. Бага насны хүүхдүүд гулсуур, савлууртай тоглоом дээр тоглоход асуудал үгүй. Харин арай ахимаг буюу өсвөр насны хүүхдүүд гадаа гарахдаа сагсны талбайд тоглоно. Тэдний хэлж буйгаар сагсны талбай олдоггүй, олдсон нь самбар болон цагараг нь алга болсон гэх мэт асуудалтай байдаг гэв.

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч Б.Дөлгөөн “Манай сургуулийн ойр хавьцаа хэд хэдэн тоглоомын талбай бий. Гэхдээ нэг нь л сагс тоглох боломжтой, бүрэн бүтэн самбартай байдаг. Тэнд ахиад өөр сургуулиуд байдаг учир байнга сул чөлөөтэй байна гэж үгүй. Сургуулиас ордог биеийн тамирын хичээлийн 40 минутанд хальтхан тоглохоос өөр дасгал хөдөлгөөн хийх боломж хомс байдаг. Манай дүү зургаан настай. Хичээлийн бус цагаар нь гадаа тоглуулах гэхээр олигтой тоглоомтой талбай байдаггүй. Бас архичин хүмүүс цуглаад суучихдаг тул дүүгээ ганцааранг нь тоглуулж чаддаггүй.

Бидэнд чанартай, сонголттой тоглоомтой, аюулгүй байдал хангасан тоглоомын талбай хэрэгтэй байна. Зөвхөн бага насны хүүхдүүд л гадаа тоглодоггүйг томчууд ойлгох хэрэгтэй байна” гэж санал сэтгэгдлээ илэрхийллээ. Энэ бол хотын төвийн сургуульд суралцдаг ахлах ангийн сурагчийн сэтгэгдэл. Тиймээс бид цааш хотын захад орших бүсээр явлаа.

Сонгинохайрхан дүүргийн 45-р хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны “Улаан дэлгүүр” хэмээх буудалд ганцхан тоглоомын талбай бий. Өдрийн 11.50 цагт тус буудлын ойр орчимд хаа нэгтээ усны тэрэг түрэн явах ганц нэг хүн, хүүхдээ сургуульд нь хүргэх гэж автобус хүлээн суух хэсэг хүмүүсээс өөр хөл хөдөлгөөн үгүй байлаа. Амьдрал буцалж буй мэт хотын А бүсээс гэнэтхэн энд ирвэл чимээ ангиргүй газар ирсэн мэт сонин. Зүүн салааны эцсийн буудлаас эхлэн “Улаан дэлгүүр” хүртэл 1.5 километр зайд өөр ямар ч тоглоомын талбай үгүйг оршин суугчид хэлж байлаа.

Хэдэн жилийн өмнө эцсийн буудлын хэсэг газарт нийтийн эзэмшлийн тоглоомын талбай байсан ч жил гаруй хугацааны өмнө шинэ байгуулагдсан амралтын газар тус талбайг хувьдаа авсан гэнэ. Улмаар тус тоглоомын талбайн хашаа байнга цоожтой байх болсон байна. Тиймээс 104-р сургууль хүртэлх ахиад хэдэн километр газарт ганц тоглоомын талбай үлджээ. Гэхдээ Зүүн салаанд ганц байх тоглоомын талбайн тоглоомууд эндхийн хүмүүсийн хэлж буйгаар “үзүүлэнгийн” шинжтэй аж.

Сонгинохайрхан дүүргийн 104-р сургуулийн долоодугаар ангийн сурагчид болох М, Я нар тус тоглоомын талбайд суунгаа хичээлийн цагаа хүлээж байхтай таарлаа. Тэднээс энэ тоглоомын талбайг хэзээ барьсан, тоглох нөхцөл ямар байгааг товчхон тодруулсан юм. “Энэ тоглоомын талбайг 2018 бил үү 2019 онд барьсан. Дүү маань гурван настай. Манай гэр эндээс дээшээ нэлээд өгсөөд очдог тул дүү маань байнга ирж тоглож чадахгүй. Эндхийн сагсны самбар алга болоод 2-3 сар болж байна. Өмнө нь баригдсан цагаасаа хойш эвдэрч гэмтээгүй. Гэсэн ч хорооны ажилтнууд намар аравдугаар сард ирээд сагсны талбайн цагаригийг хураагаад авчихсан. Тэрний дараа Баруун салааныхан ирээд самбарыг нь хулгайлаад явсан. Тийм болохоор гадаа тоглох хэцүү болсон” гэлээ.

Мөн 2019 онд тус тоглоомын талбайг барьсан ч стандартаа хангаж чадсангүй. Түүнээс өмнө тус талбайн хавьд хэсэгхэн шороотой газарт өсвөр насныхан хөлбөмбөг тоглодог байсан гэнэ. Харин бага насны хүүхдүүдэд зориулсан ганц ширхэг эвдэрхий төмөр гулсуур байсан бөгөөд шинээр тохижуулсан ч өмнөхөөсөө дээрдсэн зүйл үгүйг эндхийн хүмүүсийн өдөр тутмын үйлдэл илхэн харуулна.

 

ӨНДӨР ХҮЧДЭЛД ЦОХИУЛАХ УУ, МАШИНД МӨРГҮҮЛЭХ ҮҮ

 

Гулсууран тоглоомны газардах хэсэгт ямар ч зөөлөвч материал байхгүйгээс гадна хүүхдүүд автозамтай нийлсэн газар тоглож буй нь осолтой харагдана.Түүнчлэн өндөр хүчдэлийн цахилгааны тулгуур багана тоглоомтой зэрэгцэж оршиж байгаа нь шинэчлэгдсэн байтугай хуучин стандартаа ч мөрдөөгүйг илтгэнэ. Хэрэв бороо, цастай өдөр бага насны хүүхэд тоглож яваад “Хүрэх хориотой, үхлийн аюултай” гэж бичсэн цахилгааны тулгуур баганад хүрвэл өндөр хүчдэлд цохиулах эрсдэл байна.

Мөн 2019 онд баталсан “Хүүхдийн тоглоомын талбайд мөрдөх шинэчилсэн стандарт”-д хүүхдийн тоглоомын талбайн бүсийн хил нь цахилгаан дамжуулах агаарын шугамын доор, газар доорх цахилгаан дамжуулах кабель, дулааны сүлжээний худаг, дамжуулах хоолойн дээр, инженерийн хангамжийн үзлэгийн болон хяналт, тохируулгын худгаас зохих зайд байх ёстой гэж заасан.

 

Гэвч цахилгааны тулгуур баганатай хаяа зэрэгцэн, нэг метр ч хүрэхгүй зайд шахцалдан оршиж байна. Энд хүүхэд цахилгаанд цохиулах, автозамтай зэрэгцэж халхавч төдий хашаа тавьсан хязгаарлах шугам, цементэн шал зэргийн аль алинаас болж бэртэж гэмтэн цаашлаад амь насаа алдаж болох эрсдэл дунд тоглож байна.

Та бүхэн санаж байвал өнгөрөгч оны долоодугаар сарын 18-нд гэрийнхээ гадаах тоглоомын талбайд сагс тоглож байсан хэсэг хүүхэд залуусыг оршин суугчдын амар тайван байдал алдагдуулсан хэмээн цагдаагаас баривчилсан. Шөнийн цагаар буюу 22.00 цагаас хойш барилгын үйл ажиллагаа эрхэлж чанга дуу чимээ гаргадаг аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцдоггүй, хэн ч дуудлага өгдөггүй хэрнээ олдсон цөөхөн талбайдаа тоглох гэсэн хүүхэд залуусаа хааж, боодог сонин тогтолцоо манайд л байна.

Шуудхан хэлэхэд энэ хотын хаана ч аль ч насныхан нийтийн эзэмшлийн талбайд сагс тоглох боломж алга буйг хүүхэд залуус хэлсээр байна. Тоглоомын талбай хогийн цэгээс 100 метрээс хол зайд байх ёстой гэж стандартад заажээ. Гэвч хайхрамжгүй байдал, арчилгаа цэвэрлэгээ дутмагаас үүдэн тоглоомын талбай өөрөө хогийн цэг болох шахлаа. Машины хөдөлгөөнтэй наалдсан газар камерийн хяналт гэх мэтийг яриад ч хэрэггүй. Ийм учраас тухайн бүсэд оршин суух иргэд хүүхдээ тоглуулдаггүй бөгөөд хашаандаа байсан нь аюулгүй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүд, дүүргийн удирдлагууд тууз хайчлах, ажлын тайлан гаргах гэх мэт ажилдаа зориулж хам хум хийж тохижуулсан тоглоомын талбай эзэндээ хэрэгцээгүй үзмэр болж дууслаа.

Хамгийн гол нь хүүхдүүд ид өсөж хөгжих насандаа гоё сайхан зүйлийг хүсэж мөрөөдөх ч сөхөөгүй явах нь харамсалтай. “Улаан дэлгүүр”-ийн ойролцоо таарсан багачуудаас “Та нарын мөрөөдлийн тоглоомын талбай ямархуу вэ?” хэмээн сонирхон асуувал тэд бүгд л чимээгүй доошоо харцгааж ямар ч хариулт хэлж чадахгүй гацаж байлаа.

Өмнө нь хоосон байсан газар хэдэн тоглоом авчирч тавьсан ч энд тоглох осолтойг эцэг эхүүд бүү хэл хүүхдүүд ч зөнгөөрөө мэдэж байна. Өмнөх цуврал сурвалжилгын үеэр хотын төвийн бүсэд амьдрах эцэг эхүүд СӨХ, хороо гэх мэт байгууллагад шаардлага тавьсан талаараа учирлаж байв. Харин энд оршин суух иргэд машин замтай нийлсэн тоглоомын талбай байгаа эсэхийг анзаарах ч сөхөөгүй явах бөгөөд хороондоо мэдэгдээд яахав дээ, юу ч өөрчлөгдөхгүй хэмээн өнгөрнө.

Үргэлжлэл бий...

М.САРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top