Г.Мөнгөн: Цалингаасаа хамгийн багадаа 26%-ийг хуримтлуулах хэрэгтэй

2022 оны 03 сарын 16

Иргэн бүр дор хаяж нэг хуримтлалтай байх нь зохистой хэмээн үздэг. Гэвч манай улсад иргэн бүр хуримтлалтай байж чаддаггүй. Тиймээс хуримтлал, хадгаламж, санхүүгийн төлөвлөгөөний талаар  хувийн санхүүгийн зөвлөх Г.Мөнгөнтэй ярилцлаа.


-Сүүлийн үед хүмүүс санхүүгийн төлөвлөгөөгөө бичдэг болжээ. Эсвэл аппликейшн ашиглаад санхүүгээ шийдвэрлэж байна. Санхүүгээ төлөвлөн гэдгийг зөвхөн хуримтлал, хадгаламж зэргээр харах нь хэр оновчтой вэ?

-Санхүүгийн төлөвлөгөө гэдэг нь бүртгэлээс эхэлнэ гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг. Гэхдээ санхүүгийн төлөвлөгөөнөөс өмнө хувь хүний зан төлвөө хэрхэн засах нь илүү чухал зүйл. Хүн бүр ямар нэгэн байдлаар санхүүгийн бэрхшээлтэй учирдаг. Эрүүл мэндийн асуудлаа шийдэх, хүүхдийн сургуулийн төлбөр, тээврийн хэрэгслийн осол гаргатал даатгалаас нь давсан байх гэх мэт асуудлууд байж болно. Бид энэ мэт асуудлуудаас суралцаж чадаж байна уу гэдгийг бодох хэрэгтэй.

Нэг жишээ дурдъя. Өмнөд Солонгос улс руу явсан гэр бүл бий. Тэнд 3-4 жил ажилласан. Өмнөд Солонгос улсыг зорьсон шалтгаан нь ажил хийж хүүхдийнхээ эмчилгээний төлбөрийг төлөх зорилготой. Хүүхэд нь одоо эдгэсэн. Тухайн хос ч бүхий л зээлсэн мөнгөө төлж чадсан л даа. Эргээд тэд энэ асуудлаасаа юуг ойлгосон бэ гэдэг асуулт төрөн гарч байгаа юм. Дахин хэн нэгэн гишүүн нь өвдөхгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Тиймээс санхүүгийн төлөвлөгөө хаанаас эхлэх вэ гэвэл “Чамд тулгарсан асуудлаас чи юуг ойлгосон бэ” гэдгээс эхлэлтэй. Харин үүний гарц нь мөнгө хуримтлуулах мөн үү, биш үү гэдгийг мэдэх хэрэгтэй. Дараагийн удаа өмнөх шигээ алдаа давтахыг хүсэхгүй байвал мөнгө хадгалах шаардлагатай гэсэн үг.

Хоёрдугаарт, амьдралын чанар гэж бий. Заавал өвчин зовлонгоос айж, мөнгө хадгалахаас гадна чөлөөт цаг, хурим, ачлал гэх мэт тодорхой зорилгууддаа мөнгө хадгалах төлөвлөлт хийх хэрэгтэй юм. Чи ямар амьдрал хүсэж байна, түүндээ зориулж мөнгийг ухаалгаар удирдана гэсэн үг. Дансны системээр удирдана гэсэн үг шүү дээ. Үүнээс хамаарч бидний амьдралын чанарын асуудал яригдах юм. Үүнд цаг хугацааны төөрөгдөл давхар яригдана. Өнөөдөр байгаа бүхий л мөнгөө хуваагаад зарцуулчихвал амьдрал хэцүүднэ. Эсвэл чанартай ганц байр авбал бусад хэрэгцээ үгүй болно. Үүний оронд өнөөдөр багахан хэмнэлт хийснээр дараагийн ээлжинд бага, багаар зорилгынхоо төлөөх алхмуудыг хийх боломжтой. Тэгэхээр бид цагийн системээс гадна хэзээ, юунд зориулж зэрэг шийдвэрийг гаргах юм.

-Одоогийн нийгэмд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна. Гэтэл цалин, орлого нэмэгдээгүй болохоор хуримтлал үүсгэх боломж өмнөхөөсөө багассан хэмээн хүмүүс ярьж байна шүү дээ. Ийм нөхцөлд хуримтлуулахаа болих нь зөв үү?

-Үүнд ямар ч арга зам байхгүй. Хуримтлуулахаа болих ямар ч шалтгаан байхгүй. Өнөөдөр инфляц, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ болон валютын ханш өссөн, төгрөгийн үнэ цэн буурсан гэх мэт зүйлс хуримтлуулахаа болих гол шалтгаан биш. Чи илүү хадгалах хэрэгтэй гэх шаардлага тулгарч байгаа гэсэн үг. Бидний хэрэглээний барааны үнэ өссөн байна. Хүссэн, хүсээгүй цалин өсөх нь тодорхой. Үүнд сонголт байхгүй. Ийм процесс байсаар ирсэн. Ийм шалтгааны улмаас хуримтлуулахаа болино гэдэг утгагүй шийдвэр. Жоохон халтирсан дээр өөрийн амийг хороож байгаатай утга нэг юм даа. Хадгалах бол дэлхий дээр хэзээ ч хойш нь тавьж байгаагүй зүйл.

-Ер нь цалингийнхаа хэдэн хувийг хадгалбал зохилтой вэ?

-Хамгийн багадаа 26 хувийг хадгалбал зохистой. Яагаад гэвэл улсад 26 хувийн татаас өгдөг учраас ядаж 26 хувийг хадгалж чаддаг байх хэрэгтэй юм.

-Иргэд мөнгөө банканд хадгалуулахаар хүү нь маш багаар тооцогддог учраас хувьцаа, бонд гэх мэтэд хөрөнгө оруулах хэрэгтэй гэдэг. Гэтэл үнэхээр хадгаламжийг мөнгө өсгөх хэрэгсэл гэж харах нь зөв үү?

-Хадгаламжийн хүү бол банк таны мөнгийг хэсэг хугацаанд байлгахдаа мөнгийг тань хэрэглэсний төлөө өгч буй зүйл юм. Хүмүүс дотоодын банкны хүүг их голдог. Гэтэл Герман эсвэл европын аль нэг оронд амьдраад үзвэл таны мөнгийг хадгалсныхаа төлөө банк хүүнд ногдох мөнгийг тооцож өгөхгүй. Эсрэгээрээ хадгалсны хураамжийг танаас авна. Иргэдийн дунд ташаа ойлголт байна. Бид хадгаламжийг мөнгө өсгөх хэрэгсэл хэмээн хараад байгаа нь асуудал юм. Хадгаламж бол мөнгө өсгөх зүйл биш. Харин таны санхүүгийн аюулгүй байдлыг хадгалах, нөөцийг бүрдүүлдэг зүйл юм. Таны мөнгөний үнэ цэнийг унагаахгүйгээр худалдан авах чадвараа хадгалахад нь тусалж буй хэрэгсэл гэсэн үг.

Хөрөнгө оруулалт хийх буюу хувьцаа, койн, бонд худалдан авах нь ахисан түвшний ойлголт. Үүнд мэргэжлийн хүмүүс тоглодог. Хадгаламжид бол хэн ч чамтай тоглохгүй. Мөнгийг тань авах ямар ч боломжгүй гэсэн үг. Харин хөрөнгө оруулалт руу мөнгөө хийж байгаа бол тэнд маш олон төрлийн хүмүүс байгаа гэдгийг санах хэрэгтэй. Тэр дундаа мэргэжлийнхний тоглох талбар байдаг. Хадгаламжаас ялгаатай нь мөнгө тань илүү нэмэгдэх боломжтой Гэвч эсрэгээрээ хөрөнгө оруулсан компани тань дампуурвал асуудал үүснэ. Тодорхой хэмжээнд эрсдэл бий. Тэгэхээр энэ талбарт ороход та мэдлэг мэдээлэл, туршлагатай юу гэдгээ сайн судлах хэрэгтэй. Түүнээс биш мөнгөө хадгалж байгаа хүнд шууд хөрөнгө оруул хэмээн зөвлөх нь байж боломгүй зүйл.

-Цар тахлын өдрүүдэд манай улсын хөрөнгийн бирж их ачаалалтай байлаа. Учир нь иргэд санхүүгийн өөр эх үүсвэр олохын тулд хөрөнгийн зах зээлийг сонирхож, орж, бүр тоглогч болсон. Үүнээс алдсан, оносон хүмүүс байна. Гэвч алдсан хүмүүсийн тоо оносноосоо илүү байна шүү дээ. Энэ нь бид санхүүгийн боловсрол муу байгааг харуулсан нэг жишээ боллоо?

-Хүмүүст санхүүгийн боловсролыг багаас нь олгох хэрэгтэй. Эрүүл мэндийн боловсрол насан туршийн байдаг гэдэг шиг санхүүгийн боловсрол бол хүн байх хугацаанд, тэр бүү хэл байхгүй болсон ч үр хүүхдүүдэд нь өвлөгддөг процесс юм. Мөнгө бол дараагийн үед өвлөгдөж үлддэг зүйл. Хүүхдийг ямар нэгэн зүйл худалдаж авахад зөв сонголт хийхэд нь сургаж байна гэдэг бол анхан шатны санхүүгийн боловсрол юм. Улмаар хадгалж, хуримтлуулж, зарцуулж, хөрөнгө оруулах маягаар санхүүгийн боловсрол илүү дээшилдэг. Хүн өөрөө тодорхой хэмжээнд хүрээд түгжигддэг мэт санагдсан.

Тухайлбал, надаас зөвлөгөө авдаг нягтлан бодогч бүсгүй байсан юм. Тэр гурван сая төгрөгийг л хадгалж чаддаг байсан бол дараа нь 30 сая төгрөгийг хадгалж чадсан. Түүнээс цааш хуримтлуулж чадаагүй юм билээ. Тэгэхээр энэ мэтээр хүмүүс өөрөө өөрийгөө хязгаарлачихдаг гэсэн үг. Тэгэхээр дараа дараагийн мөнгөний эх үүсвэрээ олох шаардлага тулгарч байгаа юм. Тэр бол хөрөнгө оруулалт. Санхүүгийн боловсрол дутмаг гэж үзэж байгаа бол мэргэжлийн хүмүүсээс нь зөвлөгөө авах хэрэгтэй. Хүн бүр санхүүч байх албагүй шүү дээ. Гэхдээ санхүүгийн мэдлэг мэдээлэлтэй байх ёстой гэдгээ ухаарсан байх. Оносон хүмүүс байгаа бол эсрэгээрээ байр, машин, хөрөнгөө алдсан хүмүүс байна. Тэр хэрээр аливаа зүйлд судалгаатай ханддаг, шуналаа барих, сэтгэл хөдлөлөөр аливаад хандахгүй байх зэргийг сурсан гэдэгт итгэлтэй байгаа.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 Хуваалцах  Жиргэх

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Haha(66.181.161.40) 2022 оны 03 сарын 16

Bitii shaal daaa 30% uls chaana 26% hadgalna haha 40% iar n amidar huu umhii shaaltuuraa

0  |  0
ЗОЧИН(66.181.187.110) 2022 оны 03 сарын 16

ЭНЭ ОДОО ЯМАР ЗОРИЛГООР ИЙМ КОМПАНИТ АЖИЛ ЯВАГДААД БАЙГАА ЮМ БЭ? ДУНД СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДЭД МӨБНГӨӨ ХЭРХЭН ХУРМТЛАХ ТАЛААР БҮГДИЙГ НЬ ЗААЛАН СУУЛГАЖ ХИЧЭЭЛИЙГ НЬ ЗОГСООН БАЙЖ БАС ХЭДЭН ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ БРОШЮР ТАРААЖ МӨНГӨ УГААЖ.

0  |  0
ЗОЧИН(66.181.187.110) 2022 оны 03 сарын 16

500 мянгаас 26 % хуримтал бол хэдэн төгрөгөөр амьдрах вэ?

0  |  0
Haha(64.119.23.183) 2022 оны 03 сарын 16

Uduud bna uu, tsalin100%-tat shim 22%-nuat 10%- inf 16% tgd zeeltei bol zeelee tulnu zeelgui bol ashiglaltiin zardlaa tulnu. Idej uuhgui hadgalah uu

0  |  0
Top