Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар "Хөтөлийн цемент шохой" ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр (2022.03.24) тус компанийн талаарх хаалттай байсан мэдээллүүдийг ил болголоо.
"Хөтөлийн цемент шохой" компани нь Хөгжлийн банкнаас нийт 1,2 их наяд төгрөгийн зээл авснаас 377 тэрбум төгрөгийг төлж, 895 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа аж. Үүнд хугацаа хэтэрсэн зээл 185 тэрбум, хугацаа хэтэрсэн үндсэн зээл 101 тэрбум, зээлийн хүүгийн төлбөр 83 тэрбум төгрөг байна.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр 1983 онд Засгийн газрын шийдвэрээр байгуулагдаж байсан. Өөрийн гэсэн шохойн чулууны хоёр ордтой, үйлдвэрийн тоног төхөөрөмж болон ажиллах хүчээр бүрэн хангагдсан үйлдвэр байсан.
2015 онд “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчилж, “Бэйзмент” ХХК-д хувьцааны өмчлөгчийн эрхийг олгосон байна. Тэгвэл засгийн газрын шийдвэрийн дагуу энэ шийдвэрийг хүчингүй болгож, төрийн өмчийн компани болгож байна. Төр алдагдсан хөрөнгөө эргүүлэн авч байна.
Энэхүү шийдвэртэй уялдаж гарах зарим зохион байгуулалтын арга хэмжээг авахаар учир ажлын хэсэг гаргаж, үйлдвэрт очиж ажиллана.
Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг эзэмшиж байсан"Бэйзмент" ХХК нь нэрээ өөрчилж, "Хөтөл" нэртэй болсон. Улмаар одоогоос 10 жилийн өмнө Хөгжлийн банкнаас 61.3 сая ам долларын зээл авсан байна" гэлээ.
"Хөтөл" ХХК нь 2016 оноос хойш тасралтгүй алдагдалтай ажилласан бөгөөд үйл ажиллагаа явуулахаа зогсоосон тул орлогогүй, их хэмжээний буюу 355 тэрбум төгрөгийн өртэй байгаа аж.
Хөгжлийн банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар "2012 онд Хөгжлийн банкнаас 61,3 сая ам.долларыг тухайн үеийн "Бэйзмент" буюу одоогийн "Хөтөл" гэх компанид олгосон. Түүнээс хойш зээлийн нөхцөл, зээл төлөх хуваарийг өөрчлөх гэх мэт байдлаар хойшлуулсаар өдийг хүрсэн.
Энэ 61,3 сая ам.долларын зээлийг авахдаа тухайн үед ашиглаж байсан 17 ширхэг хуучин тоног төхөөрөмжөөс өөр зүйл барьцаалаагүй байна. Энэ барьцаа нь 2,4 тэрбум төгрөг болж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны зүгээс тус компанид шалгалт хийхэд зээлийн санхүүжилтээс 34.1 сая ам.долларыг Худалдаа хөгжлийн банканд, 5,6 сая ам.долларыг Улаанбаатар хотын банканд шилжүүлсэн нь тогтоогдсон. Зээлийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн үг.
Тухайн зээлдэгч компани нь ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа явуулдаггүй. Төслийг хэрэгжүүлсэн, хөрөнгө оруулалт хийсэн компани нь "Цемент шохой" гэх өөр компани хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, толгой компанид нь зээл өгтөл төслийг нь охин компани нь хэрэгжүүлсэн байгаа юм.
Төсөл хэрэгжүүлж байгаа "Цемент шохой" ХХК-аас зээлээ төлөхийг шаардахад хамааралгүй, өөр байгууллага гэх тайлбар өгдөг.
Харин "Бэйзмент" компанийн хувьцаа эзэмшигчдийн зүгээс бидэнд ямар нэгэн хариу өгдөггүй. Гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлдэггүй. 2200 хоногийн турш зээлийн гэрээний зөрчилтэй гэсэн бүртгэлтэй байгаа. Тиймээс бид шүүхэд хандсан. Гэтэл "Бэйзмент" компанийн 100 хувь хувьцаа эзэмшигч нь 2018 онд нас барчихсан байгаа юм. Тэгэхлээр энэ компани хувьцаа эзэмшигчгүй, гүйцэтгэх захиралгүй болчихсон.
Эзэнгүй болсон "Хөтөлийн цемент шохой" компанийг төрийн өмчит болгосны үр дүнд зээлийг төлүүлэх боломжтой болж байна гэж харж байна.
ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 4 )
Ene odoo bas hen gedeg daranguilagcjh vee. Olon hutsaad Huukiug duuriagaad baigaa haashaan. Turd ochison umch vneguidej daraan ta nar uursduu vnegui bolgood avdag bzde bvduun gaiah min
Төрийн мөнгө гэж юу байхав дээ. Татвар төлөгч бидний л ...
Элбэгдоржийг шоронд хатаа.
ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙГ НЭН ЯАРАЛТАЙ БУЦААЖ АВ