Согтуугаар жолоо барьсан хүмүүст ногдуулдаг УЛС УЛСЫН ТОРГУУЛЬ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 29

Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар цусан дахь спиртийн хэмжээ 0.19 хувиас их бол согтуугаар жолоо барьсан гэж үзэн торгож, жолоодох эрхийг нь хасдаг. Согтууруулах ундаа хэрэгсэл үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд жолоодох эрхийг нь нэг жилийн хугацаанд хасаж, зөрчлийн хуулиар торгоно. Тэгвэл дэлхийн улс орнууд согтуугаар машин жолоодсон иргэдэд ямар торгууль ногдуулдаг вэ? 


АВСТРАЛИ

Австрали улсад Замын хөдөлгөөний дүрмийн зөрчил гаргасан этгээдэд мөнгөн торгууль ногдуулах эсхүл, торгуулийн оноогоор шийтгэдэг. Торгуулийн 12 буюу түүнээс дээш оноо авсан тохиолдол жолоодох эрхийг хасна. Австралийн хуулиар жолоочийн цусан дахь спиртийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ тухайн жолоочийн жолоодох эрхийн ангиллаас хамаараад 100 мл цусанд 0.02-0.05 грамм буюу 0.2-0.5 промилл байдаг.

-Жолоочийн цусан дахь спиртийн агууламж 0.2-0.5 промилл байвал 1100 австрали доллараар торгох, 6 сараас дээш хугацаар эрхийг нь хасна.

-Харин 0.5-0.8 промилл байвал анх удаагийн тохиолдолд 1100 австрали доллароор торгож, 6 сараас дээш хугацаагаар эрх хасна. Харин давтан үйлдвэл 2200 авсрали доллароор торгож, 1 жилээс дээш хугацаагаар эрх хасна. Шүүхийн шийдвэрээр хорих ял оноох үндэстэй байна.

-Спиртийн агууламж 0.8-1.5 промилл байвал анх удаагийн тохиолдолд 2200 асвтрали доллароор торгож, 1 жилээс дээш хугацаагаар эрх хасаж, 9 сар хүртэл хугацаагаар хорино. Харин давтан үйлдвэл 3300 хүртэл австрали доллароор торгож, 2 жилээс дээш хугацаагаар эрх хасахаас гадна, 1 жил хүртэл хугацаар хорих ял шийтгэнэ.

-Спиртийн агууламж 1.5 промиллээс дээшб айвал анх удаагийн тохиолдолд 3300 хүртэл австрали доллароор торгон, 1 жилээс дээш хугацаагаар эрх хасахаас гадна 18 сар хүртэл хугацаагаар хорино. Хэрэв давтан үйлдсэн тохиолдолд 5500 хүртэл австрали доллароор торгон, 3 жилээс дээш хугацаагаар эрх хасаж, 2 жил хүртэл хугацаагаар хорино.

-Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас зайлхийсэн бол анх удаагийн тохиолдолд 3300 хүртэл австрали доллароор торгож, 3 жилээс дээш хугацаагаар эрх хасаж, 18 сар хүртэлх хугацаагаар хорино. Хэрэв давтан үйлдсэн тохиолдолд 5500 хүртэл австрали долллароор торгож, 5 жилээс дээш хугацаагаар эрх хасахаас гадна 2 жил хүртэл хугацаар хорих ял шийтнэ.

-Хурд хэтрүүлж хөдөлгөөнд аюултай байдал үүсгэсэн бол анхны тохиолдолд 2200 хүртэл австрали доллароор торгож, 3 жилээс дээш хугацаагаар эрх хасахас гадна 9 сар хүртэл хугацаагаар хорино. Хэрэв давтан үйлдсэн тохиолдолд 5500 доллароор торгож, 5 жилээс дээш хугацаагаар эрх хасахаас гадна 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

БНХАУ

Хятадад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээдэд мөнгөн торгуулиас гадна торгуулийн оноогоор шийтгэх систем үйлчилдэг. Нэг жилийн хугацаанд жолооч 12-оос илүү торгуулийн оноо авсан бол жолоодох эрхийг хүчингүй болгож, эрхээ сэргээлгэхэд заавал шалгалт өгдөг. Шалгалтад тэнцвэл үнэмлэхийг буцаан олгоно.

Хятад улсын хуулиар өөрийн буруугаас зам тээврийн ноцтой осол гаргасан жолоочид хорих ял ногдуулахаас гадна тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг бүх насаар нь хасах шийтгэл ногдуулах үндэслэлтэй болох юм. Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол анхны эсвэл давтан гэдгээс үл хамааран жолоодох эрхийг бүх насаар нь хасдаг байна. Ослын улмаас хүний амь нас хохирсон бол хууль зөрчсөн зэрэг, тээврийн хэрэгслийн ангилал зэргээс нь хамааран хорих ял онооно.

ЯПОН

Япон улсын хуулиар  тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон этгээдэд 400 ам.долларын торгууль ногдуулахаас гадна жолоодох эрхийг хагас жилийн хугацаагаар хасах, мөн гурван жил хүртэл хугацаагаар хүнд хөдөлмөр гүйцэтгэх, эсхүл хорих ял шийтгэнэ. Хорих ялыг давтан үйлдсэн болон ноцтой осол гаргасан этгээдэд онооно. Түүнчлэн Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, түүнчлэн хөдөлгөөнд оролцож байхдаа өөр этгээдэд тээврийн хэрэгслээ шилжүүлсэн тохиолдолд гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хэрэв жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 5 жил хүртэл хугацаагаар хорино.

КАЗАХСТАН

Казахстан улс нь замын хөдөлгөөний хууль, дүрэм журмаараа олон талаараа Монгол Улстай төстэй юм. Тус улсад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг хатуу хориглоно. Согтууруулах ундааны зөвшөөрөгдөх хэмжээ гэсэн ойлголт байхгүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу согтуурсан этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол жолоодох эрхийг хоёр жилээр хасах шийтгэл ногдуулна. Жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 10-15 хоног баривчлах шийтгэл ногдуулна. Хэрэв энэ үйлдлийг удаа дараалан гаргавал хорих ялын хугацаа уртасч, оноох торгуулийн хэмжээ нэмэгддэггээрээ онцлогтой.

ФРАНЦ

Франц улс нь замын хөдөлгөөний чанд хатуу дүрэм, журамтай гэдгээрээ алдартай. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцохыг хатуу хориглодог. Хэдийгээр цусан дахь согтууруулах бодисын хэмжээг 0.5 промиллоор тогтоосон ч үүнээс илүү байвал торгуулийн шийтгэл хүлээлгэж, жолоодох эрхийг хасах, хорих ялаар шийтгэх үндэс болно.

Тус улсын хуульд зааснаар согтуугаар тээврий хэрэгсэл жолоодсон бол шүүхэд дуудах хуудас хүргүүлж, торгох шийтгэл хүлээлгэнэ. Хүндрүүлэх нөхцөлтэй тохиолдолд 150 мянган еврогоор торгож, 10 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХУВЬ ХҮН(192.82.68.195) 2022 оны 03 сарын 30

Зөв амьгүй архитай тэмцэхээс илүү уг хүнтэй нь тэмцэх хэрэгтэй

0  |  0
Top