Өчигдөр буюу гуравдугаар сарын 21-ний өдөр орон нутгийн замд согтуу жолооч осол гаргаж, хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст багийн Бор гүвээ гэдэг газар ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж, нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдаж нас барсан тухай дуудлага онцгой байдлын газарт иржээ. Уг дуудлагын дагуу Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 10 км зам туулан оройн 20:32 цагт очиход, нүүрс ачин Говьсүмбэр аймгийн чиглэлд зорчиж явсан жолооч Э-гийн “ND-4250” загварын зүтгүүрийн араас мөн талбайгаас Цогтцэций сумын чиглэлд зорчиж явсан тус сумын Цагаан-Овоо багийн харьяат иргэн 30 настай эрэгтэй Ж гэгчийн жолоодож явсан “Аллён” загварын суудлын автомашин мөргөжээ. Уг ослын улмаас суудлын автомашины жолооч нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд ирж байгаа дуудлага мэдээлэл, гудамж, замд гарч байгаа зам тээврийн ослын 10-20 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргах болон өртсөн тохиолдол байгаатай холбогдуулан жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 0 )