Хөгжлийн банкны үйл ажиллагааг цаашид хэвийн явуулахын тулд энэ онд багтаан 2.2 их наяд төгрөгийн зээлд арга хэмжээ авах шаардлагатай гэсэн мэдээллийг тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт /2022.03.29/ болсон ерөнхий хяналтын сонсголын үеэр өгсөн билээ.
Арга хэмжээ авах шаардлагатай 2.2 их наяд төгрөгийн зээлийнх нь 1/3 буюу 762.6 тэрбум төгрөгийн зээл нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгосон төсвийн шинж чанартай зээлийн багц юм. Түүнчлэн Хөгжлийн банкнаас төрийн өмчит компаниудад олгосон 762.6 тэрбум төгрөгийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх арга хэмжээ авна гэсэн мэдээллийг тус банкны удирдлага өгсөн нь анхаарал татсан билээ.
Тиймээс “Төрийн компаниудын ₮762.6 тэрбумын зээлийг Засгийн газарт шилжүүлснээр бодит хохирлыг хэн хүлээх вэ?” гэсэн бичвэрийг zindaa.mn сайт гуравдугаар сарын 30-нд хүргэж байв.
Л.Оюун-Эрдэнийн удирдаж буй Засгийн газрын байр суурийг харахаар, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ л гээд байгаа. Засгийн газар энэ оны улсын төсвийн орлогыг бүрдүүлэхдээ гол анхаарах асуудлуудынхаа нэгэнд Төрийн өмчийн компанийн шинэчлэл гэж тодорхойлсон.
Төсвийн зорилтыг харахад, 40 их наядаар үнэлэгдэх хөрөнгөтэй төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийх замаар, өгөөжийг нь өсгөж, төсөвт оруулах орлогыг нь хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгаад буй.
Гэтэл Хөгжлийн банктай холбоотой нөхцөл байдлыг харахад, төсөвт орлого ашиг дагуулах үүрэг хүлээсэн төрийн өмчит компаниуд нь бодит байдал дээр 762.6 тэрбум төгрөгийн эрсдэлтэй зээлийн автор нь болчихоод байна.
Хамгийн гол нь олон зуун тэрбумаар хэмжигдэх зээлийг үр ашиггүй хэрэглэсэн өөрийн мэдлийн аж ахуйн нэгжүүдээ Засгийн газар нь хамгаалаад, хариуцлагыг нь өөр дээрээ татах гэж буй мэт нэг талаас харагдавч, хэрэг дээрээ бодит хохирлыг нуруундаа үүрч дүүрэх их ачаа хувийн хэвшлийнхний, татвар төлөгч иргэдийн нуруун дээр л буух учраас энэ талаар анхааруулан, сануулан бичиж хүргэсээр байгаа билээ.
Ер нь төр өөрөө хариуцлага алдчихаад, ачааг нь ард иргэд, татвар төлөгчдийн нуруун дээр тохдог энэ байдал өөрчлөгдөх ёстой. Хөгжлийн банкны асуудал дээр аваад үзэхэд, үйл ажиллагааг нь хэвийн байдалд оруулахын тулд эдийн засаг, санхүүгийн бодлого, шийдвэрийн ямар гарц, гаргалгаанууд байж болох вэ гэдгийг тал талаас эрэлхийлэх ёстой юм. Энэ чиглэлд эдийн засагчдын зүгээс илэрхийлж буй байр суурийг сануулан хүргэе.
Эдийн засагч Б.Отгонтөгс:
Төрийн аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн багцыг шийдвэрлэх эдийн засаг, эрх зүйн орчныг бүрдүүлэх боломж бий
Хөгжлийн банк нь үйл ажиллагаа нь бие даасан хуулиар зохицуулагддаг онцлогтой, Засгийн газрын эзэмшлийн цор ганц бодлогын банк. Зөвхөн банк биш, хөгжлийнхөө явцад санхүүгийн охин компаниудтай болж, групп болон өргөжсөн том байгууллага. Өнөөдрийн ерөнхий хяналтын сонсголын үндсэн зорилго бол тус банкны 1.9 орчим их наяд төгрөгийн чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэх юм.
Эрх бүхий зарим нэг субьектээс дээрх хэмжээний өрийг Засгийн газарт шилжүүлэн, татвар төлөгчдийн мөнгөөр зээлийг төлүүлэх, эсвэл Хөгжлийн банкны үйл ажиллагааг бүрэн зогсоох гэдэг хувилбар яригдаж байна. Дэлхийн хэмжээнд сайн, муу түүхтэй 450 орчим “Хөгжлийн” банк ажиллаж байна. Монгол Улсын Хөгжлийн банк бол ихээхэн хэмжээний бондыг Засгийн газрын баталгаатайгаар, сүүлийн жилүүдэд баталгаагүйгээр авч чадсан, олон улсын санхүүгийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, дэлхийн санхүүгийн зах зээл дээр бонд босгож, гэрээ хэлэлцээр хийж сурж байгаа, дэлхийн санхүүгийн интеграцчлалд орсон, олон улсын санхүүгийн талбарт маш сайн түүхтэй олон улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч юм.
Нөхцөл байдал нэгэнт өнөөдөрт хүрсэн учраас бид цаашид хэрхэх вэ гэдэг дээр ярих нь зүйтэй. Нэн тэргүүнд зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх, төлүүлэх дээр төвлөрч ажиллах шаардлагатай. Ирэх жилүүдийн их хэмжээний өр төлбөрүүдийг төлөх ёстой, ямар ч байсан дефольт болгож болохгүй.
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгосон төсвийн шинж чанартай зээлийн багцыг зээлийн үнэт цаасны хэлбэрээр арилжаалах, муу зээлүүдийг худалдан авах гэх зэргээр санхүүгийн хоёрдогч зах зээлүүдийг бүрдүүлэх, үүнийг шийдвэрлэх эдийн засаг, эрх зүйн орчныг бүрдүүлэх боломж бий. Сангийн яам, Хөгжлийн банк, Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран ажиллахад ийм боломж бий гэж харж байна. Үе үеийн хяналт шалгалтын дараа илэрсэн зөрчлүүд, тэдгээрийг засаж залруулах зөвлөмжүүд хэрэгжээгүйгээс өнөөдрийг хүрсэн байна. Хөгжлийн банкны багийг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх нь зүйтэй. Мэргэжлийн багийн үйл ажиллагаа үнэхээр дутагдаж байгааг энд тэмдэглэж хэлье. Өнөөдрийн хүндрэлтэй нөхцөл, асуудлыг зөвхөн олон улсын түвшний, мэргэжлийн баг л шийдвэрлэж чадна. Хэтдээ Хөгжлийн банкны үйл ажиллагаа жигдэрсэн хойно 5-8 жилийн дараа ч юмуу банкны хувь эзэмшлийг өөрчилж, 80 хувь нь Засгийн газрын, 20 хувийг нь арилжааны банкуудын эзэмшилд худалдах, бүр цаашлаад 50 хувьд хүргэх гэх зэргээр үйл ажиллагааг нь явуулбал олон улсын санхүүгийн зах зээл дээр далайцтай үйл ажиллагаа явуулах чадавхтай, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж чаддаг сайн түүхтэй банк болгох боломж байна. Улмаар улс орны хөгжлийг түүчээлэх санхүүгийн механизм бий болгох боломж бий гэж харж байна.
Өнөөдөр маш олон зээлдэгчийн хэлж байгаа “ханшийн алдагдал” гэдэг асуудлын суурь шалтгаан нь ердөө мэргэжлийн эдийн засагч, санхүүчдийг ажиллуулж чадаагүй. Өөрөөр хэлбэл, зээлдэгч бүрийг судалж, хянаж байдаг судалгааны нэгж Хөгжлийн банкны дэргэд ажиллаж байх ёстой гэсэн юм.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Л.Отгонтуяа:
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгосон 700 гаруй тэрбум төгрөгийн зээлийг төсөв рүү шилжүүлэх боломжгүй
Улсын Их Хурал цаашид энэ асуудлыг шийдвэрлэх Түр хороо байгуулах, улмаар холбогдох арга хэмжээ авах эцсийн шийдвэрийг гаргах нь нэн чухал. Хөгжлийн банкны удирдлагын санал болгож байгаа шиг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгосон төсвийн шинж чанартай 700 гаруй тэрбум төгрөгийн зээлийн багцыг төсөв рүү шилжүүлэх тохиолдолд Сангийн сайдын хэлсэнчлэн боломжгүй, төсөвт асар их дарамт болно гэдгийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний хувиар хэлмээр байна.
Тиймээс Хөгжлийн банкнаас зээл авсан, түүнийгээ зүй зохистойгоор ашиглаж, хуваарийн дагуу төлж чадахгүй байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулах, менежмент хийх, шаардлагатай бол эрх зүйн орчныг өөрчлөх зэрэг арга замаар асуудлыг шийдвэрлэх боломж бий.
Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн 2019 оны аудитын дүгнэлтэд “… тус банк 2012-2016 онд тооцоо судалгаагүйгээр их хэмжээний эх үүсвэр татаж, мөнгөн хөрөнгийн удирдлагыг зохисгүй хэрэгжүүлснээс үүдэн их хэмжээний алдагдал хүлээсэн байна, худалдан авалтын үйл ажиллагаа нь хуулиас гадуур байгаа нь буруу байна, үүнийг засаж, улсад учруулсан хохирлыг барагдуулах, хууль хяналтын байгууллагаар шалгуулж холбогдох арга хэмжээ авах нь зүйтэй…” гэдэг зөвлөмжийг аль аль шатандаа хэрэгжүүлээгүйгээс өнөөдрийн нөхцөл байдалд хүрснийг дурдаад дүрмийг тодорхой болгож, оролцогчдыг чадавхжуулснаар эерэг үр дүн гарах боломж байна гээд Улсын Их Хурал энэ чиглэлд ажиллаасай гэж хүсч байгаагаа илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 0 )