Лантуун дохио ТББ-аас “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын жишиг төвийг орон нутагт бүтээн байгуулах төслийг зарлаж, тендерт 9 аймаг оролцон, хоёр шатны шалгаруулалтын дүнд Дундговь аймаг тунаж үлдсэн юм. “Ид шидийн орон” жишиг төвийг байгуулах аймгийг сонгон шалгаруулах эцсийн шалгаруулалтыг тухайн орон нутагт очиж, бодит байдалтай танилцан, уулзалт хийж байгаа бөгөөд өнөөдөр ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна.
Уулзалтад аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр, Засаг даргын даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, “Ид шидийн орон” төслийн сонгон шалгаруулалтын ажлын хэсэг болон төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцлоо.
Энэ үеэр аймгийн удирдлагуудын зүгээс тус төвийг аймаг орон нутагтаа байгуулахад 100 хувь дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж, урсгал зардал, дэд бүтцэд шаардлагатай төсөв хөрөнгө, газрын асуудлыг шийдвэрлэжээ.
Мөн Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргил, Дундговь-Ус ОНӨААТҮГ, Дундговь Цахилгаан түгээх сүлжээ салбар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК Дундговь аймгийн газар зэрэг төрийн болон төрийн өмчит байгууллагуудын зүгээс чиг үүргийн хүрээнд дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Түүнчлэн төвийн сонгон шалгаруулалтын явцад Дундговь аймгийн иргэдийн дунд санал асуулга хийсэн бөгөөд санал асуулгад богино хугацаанд 1315 иргэн, аж ахуйн нэгж оролцож, ажиллах хүч, мөнгөн дэмжлэг, оюуны хөрөнгө оруулалт, эд материалын дэмжлэг зэргээр дэмжиж, хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )