Үйлчилгээний цогцолбор байгуулах аж ахуйн нэгжтэй гэрээ байгууллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 04 сарын 22

Аялал жуулчлалын гол чиглэл дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулах 4 аж ахуйн нэгжтэй гэрээ байгууллаа

Монгол Улсын Засгийн газар-ын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлогод тусгагдсаны дагуу Аялал жуулчлалын гол чиглэл дагуух үйлчилгээний цогцолбор бүхий түр буудаллах цэгүүдийг байгуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нарын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан, аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулав.

200-250 км тутамд тогтоосон байршлуудад стандартын шаардлага хангасан үйлчилгээний цогцолбор бүхий түр буудаллах цэгүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах тус ажлын хэсэгт МҮХАҮТ, МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл-өөс багтаж ажилласан юм.

Ажлын хэсэг аялал жуулчлалын гол чиглэл, олон улс, улсын чанартай авто зам дагуух түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулах газрын байршил, талбайн хэмжээг тогтоож, тус байршилд батлагдсан стандарт, зураг төслийн дагуу үйлчилгээний цогцолбор барьж, менежментийг хийх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалтыг зарласнаас эхний 4 байршилд цогцолбор барих компанийг шалгаруулсан байна.

  • Архангай аймгийн Цэнхэр сум: “Заяын өгөөж” ХХК
  • Увс аймгийн Зүүнхангай сум: “Драгон” холдинг
  • Хэнтий аймгийн Жаргалтхаан сум: “Исун мод тур” ХХК
  • Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум: “Баян дойт” ХХК

МҮХАҮТ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх боломжтой боллоо. Эдгээр компаниуд 800 саяас 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үйлчилгээний цогцолбор байгуулах бөгөөд цаашид менежментийг хариуцан ажиллана.

Аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах ёслолд ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, ажлын хэсгийн ахлагч Ё.Жаргалсайхан, БОАЖЯ-ны Аялал жуулчалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дэд захирал А.Глымхан, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, албаны болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцов.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулагдах Түр буудаллах цэгүүд нь авто зогсоол, шатахуун түгээх станц, авто үйлчилгээний газар, машин угаалга, ресторан, зочид буудлын үйлчилгээ, ариун цэврийн байгууламж, худалдаатай байхаас гадна эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй байх юм. Монгол Улсад анх удаа олон улсын жишигт нийцсэн, стандартын шаардлага хангасан үйлчилгээний цогцолборууд аялал жуулчлалын гол чиглэл, олон улс, улсын чанартай авто зам дагуу шинээр байгуулагдсанаар гадаад, дотоод аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой.

Нийт 35 байршилд түр буудаллах цэг, үйлчилгээний байгуулах бөгөөд аж ахуйн нэгжүүдийг бусад байршлуудад саналаа ирүүлэхийг урьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top