Урин дулаан цаг ирж, хүн бүр л дор бүрнээ зуныхаа амралтаар хаашаа яалах тухай бодож, зарим нь төлөвлөгөө ч гаргаж буй биз ээ. Төр засгаас аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар алдаа оноотой ч олон л арга хэмжээ авч байна. Олон сая гадны жуулчдыг хүлээн авах нь улсын эдийн засагт ашигтай нь гарцаагүй.
Харин нэг ирсэн нь нэлээд хэд ирдэг, ирснийхээ сэтгэгдлээр ирээгүй нь манайхыг зорьдог тийм орчин нөхцлийг бүрдүүлэх л хэрэгтэй байгаа юм. Адаглаад л орон нутгийн замд машинаа зогсоогоод амрах талбай, бие засах газар байхгүй нь жуулчдын аргыг бардаг зүйл. Энэ мэт нэг их хөрөнгө шаардахгүй жижиг боловч чухал зүйлсийг бэлдэж байж л мөнгөтэй жуулчдыг татна. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэсэн үг ч бийг санах хэрэгтэй.
Үүнээс гадна дотоодын аялал жуулчлал гэж чамгүй хөрөнгө оруулдаг зүйл бий. Өөрсдийн аймаг, орон нутаг руу очихоос гадна эх орныхоо үзэсгэлэнт газруудаар явах хүсэлтэй, явдаг хүн олширсон. Үүнд хил гааль хаалттай, өвчин тахалтай байсан нь нөлөөлсөн ч хүмүүсийн амьдралын чанар дээшилж, хэв маяг өөрчлөгдсөн нь ч нөлөөлсөн.
Үр хүүдүүддээ эх орныхоо дурсгалт, үзэсгэлэнт газруудыг боломжийнхоо хэрээр үзүүлэхийг хүсдэг аавуудын нэг нь би. Нэг аймаг сонгоод л явахад үзэж харах, амарч зугаалах газар олон бий. Харамсалтай нь ингэж явахад өнөөх л зам харилцаа, бие засах газрын асуудал хүндээр тусдаг. Ямар сайндаа л сүүлийн хэчнээн жил Дарханы замаас үүдэж, Булган, Хөвсгөл, Сэлэнгийг зорих дотоодын аялагчдын тоо эрс буурсан байхав дээ. Тэгэхээр хэдэн зуун саяар нь жуулчдыг авч, гишүүдийн хэлдэгээр “Халаасыг нь сэгсрэх”-ийн тулд ая тухыг нь хангасан орчинг бүрдүүлж, “Саваа бэлдэх” нь чухал байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )