Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Хүний хөгжлийг дэмжих жилийн хүрээнд ахмад настны эрүүл мэнд, насжилтыг дэмжиж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамир спортыг олон түмэнд сурталчилж, ахмад тамирчдыг харилцан туршлага солилцуулах, хүүхэд залууст үлгэр дуурайл үзүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо, Биеийн тамир, спортын газар, Төв халхын дуулалт жүжгийн театр, “Алтан өргөө” цэнгээнт бүжгийн ТББ хамтран “Аймгийн ахмадын спортын гуравдугаар наадам”-ыг зохион байгуулж байна.
Спортын наадамд 14 сумын 176 ахмад тамирчин оролцож, шатар, дартс, волейбол, бүжиг, шагайн харваа, ширээний теннис, модон бөмбөг гэсэн төрлүүдээр хоёр өдрийн турш хурд хүч, оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх аж.
Наадмын нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Ахмадын холбооны дарга Ц.Сугир, Биеийн тамир, спортын газрын дарга А.Отгонбаатар нар оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр аймаг орон нутгаас ахмадуудад авч хэрэгжүүлж байгаа олон талт үйл ажиллагааны талаар танилцуулж, тамирчдад амжилт хүссэн юм.
Сэтгэгдэл ( 0 )