Байгальд ээлтэй хандлага, зөв дадал, ногоон худалдан авалт, ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх үүднээс эко клубын сурагчдын байгаль орчны талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эх орон унаган байгалиа хайрлан хамгаалах үйлсэд гар бие оролцуулах, санал санаачилгыг нэг дор нэгтгэх, “Зөв мод-зөв арчилгаа” аян, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг сурталчлах зорилгоор “Эко клубын чуулган” арга хэмжээг Дундговь аймгийн хэмжээнд гурав дахь удаагаа зохион байгууллаа.
Чуулганд нийт 16 эко клубийн 130 сурагч, багш нар оролцсон байна. Энэ үеэр эко клуб бүр хоёроос дээшгүй хог хаягдал дахин ашиглаж эсвэл хог хаягдал бууруулах, мод арчлах хөнгөвчилсөн хэрэгсэл, байгальд ээлтэй амьдрахыг уриалсан, сурталчилсан уран зураг, гэрэл зураг бусад бүтээл зэргээр үзэсгэлэн гаргаж, шилдэг бүтээлийг шалгарууллаа.
Түүнчлэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон, хамгийн сайн эко бүтээгдэхүүн хийсэн гурван эко клубын үйл ажиллагааг дэмжих үүднээс зохион байгуулагчид шалгаруулан урамшуулсан байна.
2022 оны шилдэг эко клубээр Политехникийн коллежийн "Ногоон зүрх", удаахь байрт Эрдэнэдалай сумын "Солонго", гуравдугаар байрт Говийн-Ирээдүй цогцолбор сургуулийн "Нахиа" эко клуб тус тус шалгарчээ.
Дашрамд өгүүлэхэд, 2018 онд Дундговь аймаг “Эко клубуудын анхдугаар чуулган”-ыг "БАЙГАЛЬ ХАМГААЛАХАД ХҮҮХДИЙН ОРОЛЦОО" сэдвийн дор "Их газрын чулуу" байгалийн цогцоборт газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Аймгийн музей хамтран зохион байгуулж байсан билээ. Анхдугаар чуулганаас 2 жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөсөн ч цар тахлаас болж цомхон хүрээнд тэмдэглэгдсээр өнөө жил Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Зөв мод-зөв арчилгаа” аяны хүрээнд “Эко клубын чуулган” арга хэмжээг 3 дахь удаагаа “БҮТЭЭЕ-ХАМГААЛЪЯ” уриан дор зохион байгууллаа.
Сэтгэгдэл ( 0 )