Гадаад, дотоодын жуулчдад зориулж ховор, нэн ховордсон амьтан, ургамлын талаарх мэдээллийг агуулсан байгаль аппликейшнг хэрэглээнд нэвтрүүллээ
Жил бүрийн 5 дугаар сарын 22-нд "Биологийн олон янз байдлыг хамгаалах дэлхийн өдөр" тохиодог. Энэ өдрийн хүрээнд Монголын биологийн олон янз байдлын “BAIGALI“ аппликейшныг өнөөдөр албан ёсоор танилцуулж, хэрэглээнд нэвтрүүлэх нээлтийг хийж байна. “BAIGALI“ аппликейшнаар Монгол орны 3000 орчим зүйл ховор, нэн ховордсон амьтан, ургамлын, зураг, ажиглалтын явц, газар зүйн байршил, цаг хугацааны мэдээллийг авах боломжтой. Монгол хэл дээр системчлэгдсэн тус аппликейшинг хэрэглэгчид үнэ төлбөргүй утсандаа татаж, ашиглахаас гадна нэмэлт мэдээлэл байршуулж, баяжуулах боломжтой юм байна.
Нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ: “Манай улсын аялал жуулчлалын 80 гаруй хувь нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгальд аялж, түүнийг мэдэрч, таашаал авахад оршдог. Жуулчид онгон дагшин, унаган байгалийн үзэсгэлэнт газрууд, бүрэн бүтнээрээ байгаа биологийн олон янз байдал, аж ахуйг тогтвортой хөгжүүлэх, нүүдэлчдийн соёлыг мэдрэхийн тулд Монгол орныг зорин ирдэг. Түүнчлэн гадаадын ихэнх жуулчид аялах чиглэлээ шийдэхээсээ өмнө зөвхөн санал болгож буй үйлчилгээний талаар төдийгүй, байгалийн тухай мэдээлэл авахын тулд интернэтийг голчлон ашигладаг. Энэ нь бид өөрсдийн ажиглалтаа АПП болон веб сайт дээрээ хэдий чинээ их хуваалцана, төдий чинээ олон улсад Монгол орны үзэмж төгс байгаль, ховор ан амьтан, ургамалыг сурталчилж, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнийг санал болгох боломж бодитоор нэмэгдэж байна гэсэн үг юм. Тиймээс Монгол улсын биологийн олон янз байдлыг илэрхийлэх “BAIGALI“ аппликейшныг аялал жуулчлалын салбарын маркетингийн чухал хэрэгсэл болгох цаашлаад хүн бүрийн хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байна. Түүгээр ч зогсохгүй гадаадын жуулчид өөрсдийн нүдээр үзсэн байгалиа хамгаалахад хөрөнгө оруулалт хийдэг эдийн засгийн үр ашигтай талбар болно гэдэгт итгэлтэй байна.
Үүгээр “BAIGALI“ АПП нь биологийн олон янз байдлыг хамгаалахад зориулж хөрөнгө босгох хэрэгсэл болж, төсвийн мөнгө хүрэлцэхгүй байгаа газарт тусламж болох юм
Эцэст нь энэхүү төслийг ажил хэрэг болгосон биологийн олон янз байдлын экспертүүд, өнөөг хүртэлх зохицуулалт, зохион байгуулах ажлыг гүйцэтгэж ирсэн "Монголын биологийн олон янз байдлын ирээдүй" сан, төслийн техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлж ажилласан “GIZ-SPACES” төсөлд талархал илэрхийлье. БОАЖЯ энэхүү эрчимтэй төслийг үргэлжлүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх бөгөөд эх орныхоо өвөрмөц биологийн олон янз байдлыг хамгаалах үйлсэд оролцож буй хүн бүртэй хамтран ажиллахдаа баяртай байх болно. Та бүхэн “Baigali”APP-ыг аялалынхаа нэг хэсэг болгож, хэрэглэж заншаарай. Хүн бүр эх дэлхийнхээ сайн сайхны төлөө байгаль хамгаалах үйлсэд нэгдэхийг уриалж байна.” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )