ДУНДГОВЬ: “Саальчин эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган” боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

Өнөөдөр Мандалговь хотноо 15 сумын 400 гаруй төлөөлөгч оролцсон “Саальчин эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган”-ыг өчигдөр зохион байгууллаа. Тус чуулганыг Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дундговь аймаг дахь салбар, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран зохион байгуулсан байна. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, Хөдөлмөр, халамжийн газрын дарга Г.Хишигдаваа нар урилгаар оролцов.

Чуулганы төлөөлөгчдийн хамгийн өндөр настан 91 настай Сайнцагаан сумын малчин Бүтэдийн Долгор, хамгийн залуу төлөөлөгч 28 настай Өлзийт сумын малчин Батжаргалын Норжинсүрэн нар байгаа бол төлөөлөгчдийн дунд “Улсын аварга малчин” 23, “Аймгийн аварга малчин” 56, “Алтан төлийн эзэн” 26 байна.

Чуулганы үеэр аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дарга Ж.Өлзийжаргал “Дундговийн сүү, цагаан идээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хэрэгцээ” илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Мөн энэ үеэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Н.Болормаа “Сүү, сүүн бүтээгдэхүүний сав баглаа боодол”, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Б.Энхтуяа “Дундговь аймгийн сааль сүүний хангамж, үнэ цэнийг нэмэгдүүлэх нь” сэдвээр мэдээлэл хийжээ. Чуулганы үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Эрдэнэс силвер ресурс ХХК, Номгон рашаан, Буянт-Өртөө ХХК, махны худалдаачин С.Отгонцэцэг, Туяа нар ивээн тэтгэж, дэмжлэг үзүүллээ.

Мөн чуулганы үеэр саальчин бүсгүйчүүд өөрсдийн саналыг хуваалцан, уриалга гаргаж олон нийтэд хүргэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top