Өвөрхангай аймгийн удирдлагууд өнгөрөгч долоо хоногийн ажлын өдрүүдэд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 7032-1111 утсанд ирсэн санал шүүмжлэлийн талаар ярилцлаа.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, аймгийн Засаг дарга А.Ишдорж нар иргэдийн гомдол, мэдээлэлтэй уялдуулан хэлтэс, албадын дарга нарт үүрэг чиглэл өгсөн бөгөөд шуурхай хурал дээр аймгийн Засаг дарга “Хурал бүр дээр салбарынх нь асуудал байнга яригддаг, ажлаа хийдэггүй, хариуцлагагүй удирдах албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна” гэдгээ мэдэгдсэн байна.
Өнгөрөгч долоо хоногт Төрийн үйлчилгээний дугаарт нийт 12 иргэн хандаж, 13 асуудлыг уламжилжээ. Мөн 1275 иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс авсан бөгөөд үүнээс хамгийн олон буюу 430 нь иргэний бүртгэл мэдээллийн үйлчилгээг авсан байна.
Эдгээрийн дийлэнх нь барилгын ажлаас болоод айл өрхүүд ая тухтай амьдарч чадахгүй байгаа, зарим цэцэрлэгүүд хүүхдийг харьяаллын дагуу авахгүй байгаа, тогны хэлбэлзлээс болж айл өрхүүдийн цахилгаан хэрэгсэл шатаж байгаа талаарх санал, гомдол байжээ.
Сэтгэгдэл ( 0 )