Рэнчинлхүмбэ суманд гарсан ойн түймрийг цурманд оруулжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 12

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт өнгөрөгч баасан гарагт /2022.09.09/ Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Чулуут-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 340 км, сумын төвөөс хойд зүгт 70 км, Цагааннуур сумаас хойд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлага иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын ахлах мэргэжилтэн, хошууч С.Ганболдоор ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, Аврах 69 дүгээр анги, Рэнчинлхүмбэ сумын мэргэжлийн анги, Цагааннуур сумын мэргэжлийн ангийн алба хаагчид хоёр бүлэгт хуваагдан ажилласан байна.

Өчигдөр /2022.09.11/ оройны мэдээгээр түймрийг цурманд оруулсан ажээ. Бид нөхцөл байдал яг одоо ямар байгаа талаар аймгийн Онцгой байдлын албан хаагчтай холбогдож тодруулахад "Өчигдөр орой цурманд оруулсан талаарх мэдээллийг газар дээр ажиллаж буй алба хаагчдаас ирүүлсэн. Өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл ирээгүй байна. Тус түймрийн хувьд дотроо өртөг ихтэй буюу хур өвс, мод ихтэй учраас бүрэн унтраахад хүндрэл учирч байгаа. Гэхдээ түймрийг газар авхуулалгүй цурманд оруулж чадсан. Одоогоор хичнээн га талбайд түймэр гарсан талаарх мэдээллийг дүгнэх боломжгүй. Бүрэн унтарсны дараа сум дундын тогтоолоор эцэслэн гаргадаг" гэх хариултыг өгсөн юм.

Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явахдаа дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг анхааруулж байна.

  • Автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх,
  • Ил задгай гал түлэхгүй байх,
  • Асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах,
  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байж, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top