БНАСАУ пуужин хөөргөж байгаа шалтгаанаа тайлбарлав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 06

БНАСАУ баллистик пуужингийн туршилтаа бүс нутагт хурцадмал байдал үүсгэж байгаа АНУ, БНСУ-ын хамтарсан хээрийн сургуулилтын эсрэг авч буй арга хэмжээ хэмээн тайлбарлажээ.

Пүрэв гарагийн өглөө Хойд Солонгос дахин хоёр баллистик пуужин харвасан. Пуужингуудыг 15 минутын зайтай хөөргөсөн ба хоёул Япон тэнгист унажээ.

БНАСАУ-ын Гадаад хэргийн яам АНУ болон түүний холбоотон улсууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан, Солонгосын ардын армийн БНСУ, АНУ-ын хамтарсан сургуулилтыг эсэргүүцэн авч буй шударга арга хэмжээг ямар ч үндэслэлгүй буруутгаж буйг эрс буруушааж байна хэмээн мэдэгдэлд онцолжээ. АНУ-ын “Роналд Рейган” нисэх онгоц тээвэрлэгч хөлгийн Солонгосын хойгийн эрэг орчим байрлуулсан нь бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байна гэж Пёньян үзэж байна.

Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногоос эхлэн пуужингийн туршилтаа эрчимжүүлээд байна. Ихэнх пуужингууд нь баллистик пуужин байжээ.

Лхагва гарагт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын асуудлаар хуралдсан ч нэгдсэн дүгнэлтэд хүрч чадаагүй билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top