ИТЭВОН | Жүжигчин Ю А Инь-ий агентлаг албан ёсны МЭДЭГДЭЛ хийв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 02

Жүжигчин Ю А Инь аравдугаар сарын 29-ний өдөр Итэвонд хүрэлцэн ирэх сургаар хүмүүсийн бөөгнөрөл үүсэж, үүний улмаас 156 хүн амь насаа алдсан гэх мэдээлэлд түүний харьяалагддаг агентлаг албан ёсоор хариулт өглөө. 

"UAA" агентлагийн зүгээс Ю А Инь тухайн үед Өмнөд Солонгост байгаагүй тухай мэдээлсэн байна. Тэрээр 29-ний өдөр өөр улс руу явсан нь баримтаар нотлогджээ. 

Тус цуу яриа гарах болсон шалтгаан нь Ю А Инь Итэвон дүүрэгт амьдардагтай холбоотой байж болзошгүй гэнэ. Одоогийн байдлаар энэхүү цуу яриаг чухам хэн гаргасан болох нь тогтоогдоогүй байна. Цагдаагийн байгууллага уг хэрэгтэй холбоотой гүтгэлгийн шинжтэй бүх тохиолдолд сонор сэрэмжтэй хандах болно гэдгээ мэдэгджээ. 

Учир нь тус осолтой холбоотой олон тооны дуудлага, мэдээлэл цагдаа нарт ирж байгаа нь гэмгүй хүмүүсийг хэрэгт холбогдуулан, олон нийтийн сүлжээгээр гутаан доромжлох нэг үндэс болж байна хэмээн үзэж байна. 

Одоогийн байдлаар Итэвонд гарсан осолтой холбоотой бусдын нэр төрд халдсан зургаан хэргийг шалгаж эхэлжээ. Мөн уг эмгэнэлт явдалтай холбоотой 63 дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнээс устгах ажил явагдаж байна

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top