Алдарт “Фауст”, “Гэм зэм” жүжгийг Монголын үзэгчдэдээ хүргэж, театрын урлагт шинэ салхи сэвэлзүүлсэн найруулагч М.Батболд АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр найруулан тавьж буй.
“Опал” жүжгийн гол дүрүүдийн нэг болох Глория Гулокийн дүрийг бүтээсэн жүжигчин, продюсер, “Орфей” театрын захирал Т.Ариунчимэгтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Манай үзэгч, уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байцгаана уу. Намайг Төмөрсүхийн Ариунчимэг гэдэг. Би “Орфей” театрын захирал, продюсер хийдэг. Жүжигчин мэргэжилтэй.
-“Опал” жүжигт таны бүтээсэн Глориягийн дүрийн тухай, түүний дүр нийгэмд яг юуг хэлэх бол?
-Глориягийн дүр бол үнэртэй усны сав авах гэж явж байгаад сүүлдээ Опалын амь насыг нь бүрэлгэж, даатгалын мөнгийг нь авахаар санаархаж байгаа гурван дээрэмчний нэг. Глория бол 20-30 насны эмэгтэй. Амьдралын хатуу хөтүүг үзчихсэн, ямар ч хамаагүй аргаар мөнгө олох гэж яваа хүн.
Дүрийн мөн чанар нь бол хайрыг мэдрээгүй эмэгтэй байж байгаад Опал буюу гол дүрийн эмэгтэйтэйгээ учирснаар хайр гэж юу болох, ээжийн хайр гэж юу байдгийг мэдэрдэг. Хүнийг хайрлана гэдэг нь ямар учиртай юм бэ гэдгийг ойлгоод, дотоод мөн чанараараа өөрчлөгдөж байгаа хүний дүр.
-Өөрийг тань “Опал” жүжгийн Глориягийн дүрд тоглуулах гэж их ятгаж, гуйсан тухайгаа найруулагч М.Батболд ярьсан байсан. Яагаад тэгж удаан гуйлгасан юм бэ?
-/Инээв/. Миний хувьд жүжигчнээр төгсөөд хэсэг хугацаанд багшлаад уран бүтээл дээр ажиллаагүй байсан. Киноны нэг том уран бүтээлтэй. Тайзны хувьд бол анхны том дүрээ авсан. Энэ нь нэг айдас байлаа. Нөгөө талаас театрын арын ажил буюу продюсинг, зохион байгуулалтын ажил хийдэг учраас цаг зав маш хомс байдаг. Энэ хугацаанд тэр ажлаас өөрийгөө чөлөөлөөд дүр бүтээнэ гэдэг бол хариуцлагатай ажил байсан. Эргээд энэ төслөө амжилттай болгох тал дээр санаа хоёрдох учраас аль ч үгүй хоцрох вий дээ гэсэн айдас байсан. Манайд Ж.Энхзаяа эгч маань гүйцэтгэх продюсероор орж ажиллахаар болж, би жүжигтээ орохыг зөвшөөрсөн.
-Өмнө нь “Гэм зэм” жүжигт бүтээсэн дүр, “Опал”-ын Глория хоёрыг харьцуулвал эдгээр дүрийн онцлог юу байв?
-“Гэм зэм”-д мөрдөгч Порфирий Петровичийн ихэр буюу нөгөө хуулбар нь болж тоглож байсан. Уг дүр дээр жүжгийн хоёрдугаар улирал дээр богино хугацаанд бэлдээд тоглож байлаа. Миний гадаад дүр төрх, дуу хоолой, хөдөлгөөн нь манай жүжгийн үндсэн Порфирий Петровичийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Одгэрэлтэй их төстэй байсан болохоор их адилхан болж, дүр маань босож ирсэнд их баяртай байдаг. Тэр бол Глорияд тоглох бас нэг итгэл найдвар болсон. Уг дүрээс урам авсан болохоор Глорияд тоглосон. Глориягийн дүр бол Порфирий Петровичоос тэс ондоо дүр.
Порфирий Петровичийн дүр бол 52 настай эрэгтэй хүний дүр шүү дээ. Түүнийг дотоод сэтгэлзүйгээр нь задлаад олон эмэгтэй хүний хувилбараар гаргаж ирсэн. Тэр хүний хувьд мөрдөгч хүн ямар байдаг, хэрвээ би мөрдөгч байсан бол яаж хүний дотоод сэтгэлийг нээж, хэргийг илрүүлэх вэ, нэг үгийг л барьж аваад цааш нотолгоо хайх зэрэг зарчмыг барьж ажилласан. Найруулагч болон үндсэн Порфирий Петровичийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Одгэрэлийн зарчмыг дагаад дүрээ гаргасан.
Харин Глориягийн хувьд бол цоо шинэ, өөр ертөнц байсан. Миний хувьд анхандаа их хэцүү байсан. Туршлага байхгүй. Амьдралын хар барааныг үзчихсэн хүний харилцаа, хандлагыг харуулахад их хэцүү байсан. Өөрийгөө нэлээд эвдэж энэ дүрийг бүтээсэн.
-Хамтран тоглосон жүжигчидтэйгээ хэрхэн “уусаж” ажилласан бэ. Тухайлбал, жүжигчин Т.Сэргэлэнтэй хайр сэтгэлийн холбоотой хүмүүсийн дүрийг гаргадаг...
-Жүжигчин Т.Сэргэлэнгийн хувьд бол бид хоёр багын найзууд. Ийм учраас харьцангуй асуудал багатайгаар дүрээ бүтээсэн. Ер нь миний хувьд хамтран тоглосон бүх жүжигчинтэйгээ анх удаагаа хамтран ажилласан. О.Энхтуул эгч, Н.Онон ах, Д.Баттөмөр ах, Ц.Төмөрбаатар гуай гээд бүгд туршлагатай, залуу үедээ ээлтэй жүжигчид байлаа. Хааяа надад шантрах үе их байсан. Тэр үед хэрэгтэй зөвлөгөө, сэтгэлийн дэмийг өгч чадсан. Сайхан баг болж ажилласнаар энэ жүжиг бүтлээ.
-Глориягийн дүр хайрынхаа төлөө их тэвчээр, золиос гаргаж байгаа бүсгүйн дүр. Ер нь эмэгтэй хүн амьдрал дээр ийм золиос гаргах хэрэгтэй байдаг юм болов уу?
-Харин тийм ээ. Хөөрхий тэр бүсгүй Брэдэд дээрэлхүүлээд л, Брэд хайртайг нь далимдуулаад ашиглаад ч байгаа юм шиг. Цаанаа бас мөн чанартаа хайртай ч юм шиг... Эргээд Глория бас яахаас ч буцахгүй, Брэдийгээ хаяхад ч бэлэн байгаад байгаа юм. Глория олон зүйл дээр уучлаад, тэвчээр гаргаад, Опалын хайрыг мэдэрснийхээ дараа сэтгэл зүрх нь өөрчлөгддөг. Гэхдээ эргээд Брэдийг ятгаад, хайртай Опалыгаа алахаас буцахааргүй байгаа нь бусад дүрүүдээс Глориягийн сэтгэлзүй хамгийн аймшигтай нь юм шиг санагдсан.
Гэхдээ ингэж байгаа нь Брэдийг гэх хайрынх нь баталгаа юм болов уу гэж хараад байгаа юм. Тэр бүсгүй Брэдтэй сайхан амьдраад, хүүхэдтэй болъё гэсэндээ өөрийг нь хайрласан Опалыг хүртэл хороохыг завдаж байгаа. Уг мөн чанар нь тэр хүртэл өөрчлөгдөөгүй байсан юм болов уу.
-“Опал” жүжгийг хүн бүр үзэх шалтгааныг та хэлээч...
-“Опал” бол хүний мөн чанар, сайхан сэтгэлийг харуулсан жүжиг. Сайхан сэтгэл гэхээр бусдад туслах, бусдыг хайрлах гээд л хүмүүсийн ерөнхий ойлголт байдаг шүү дээ. “Опал” жүжигт хүний сайхан сэтгэлийг юугаар илүү харуулсан юм бэ гэхээр, хүнийг алдаа, оноотой нь хамт хайрлах, заавал нэг болзол, нөхцөл, шаардлага тавихгүйгээр хайрлах юм гэдгийг харуулсан. Хайрлана гэдэг нь хүнд хөдөлмөр, шалгалт, туршилт, маш олон сорилууд байдаг. Тэр сорилуудыг давж чадвал хайрын мөн чанарыг мэдэрнэ. Хайрлана гэдэг нь зөвхөн сайхан мөн чанарыг нь хэлээд байгаа юм биш гэдгийг л энэ жүжиг харуулж байгаа юм.
Ерөнхийдөө хүний мөн чанар ямар байдаг юм, бид ямар үед амьдарч байгаа вэ гэдгийг харуулна. Гол дүр Опалын зүрх сэтгэлээс хүн бүр маш их урам зориг авч, амьдрах итгэлтэй болох байх гэж бодож байна.
-“Орфей” театрын өмнө нь тавьсан “Гэм зэм” жүжиг болон “Опал”-ын хөндсөн сэдэв, үзэгчдэд хэлэх гэсэн санааг дүгнэвэл?
-“Гэм зэм” бол алдарт Ф.М.Достоевскийн “Гэм зэм” гэх агуу романаас сэдэвлэсэн бүтээл. “Опал” бол хөндөж байгаа сэдэв нь мөн л “Гэм зэм”-ээс дутахааргүй сонгодог сэдэв. Олонд их алдаршаагүй ч гэсэн хэлж дуулгаж байгаа үзэл санаа, үзүүлж байгаа хэлбэр нь манай театрын хэлбэрт дахин нэг шинэчлэл хийх гэсэн, ойрын зайны жүжиг ямар байдгийг хүмүүст мэдрүүлэх гэсэн жүжиг юм.
Үзэгчид жүжигчид болон тайзтайгаа ойр байхаар ямар сэтгэгдэл, мэдрэмж төрдөгийг дахин шинээр харуулахыг зорьсон цоо шинэ жүжиг. “Гэм зэм”, “Опал” хоёр ялгаатай боловч төстэй талууд ихтэй бүтээл юм.
-“Орфей” театрын дараагийн уран бүтээл ямар жүжиг байх бол?
-Бид дараагийн уран бүтээлээрээ Английн зохиолч Майк Барлеттын “Love, Love, Love” гэр бүлийн жүжгийг сонгосон байгаа. Бас одоо дуулгахад эрт байгаа дэлхийн театрын ноён оргилын нэг болсон том уран бүтээл байна. Тэрийг одоохондоо түр нууцалъя.
Сэтгэгдэл ( 0 )