Г.Төгөлдөр: Улс таныг тэтгэвэртээ гарахад орлоготой байлгах зорилгоор хүчээр даатгал төлүүлдэг

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 09

Үзэгч сонсогч уншигчдад бэлтгэн хүргэдэг “100 асуулт” нэвтрүүлгийн зочноор “Миг даатгал” ХХК-ийн Дэд захирал Г.Төгөлдөр оролцсоныг хүргэж байна.


-Урилгыг минь хүлээн авсанд баярлалаа?

-Нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.

-Даатгалын гарал үүслийн талаар ярилцлагаа эхэлье?

-Би анх даатгалын гарал үүслийн талаар сонсоход сонин санагдаж байсан. Англид ихэвчлэн соёлт нийгмээс үүдэлтэйгээр одоогийн хууль санхүү банкны тогтолцоо үүссэн байдаг. Тухайн үед Англид далайн тээвэр хөгжсөн учир далайн тээвэр эрхэлдэг хүмүүс далайн шуурга, дээрэмд өртөх  зэрэг асуудал гардаг байж. Ийм тохиолдолд нэг нэгэндээ туслах зорилгоор дундаа сан байгуулснаар даатгалын тогтолцоо үүссэн юм билээ. 

-Монгол Улсад хэчнээн төрлийн даатгал байдаг вэ?

-Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан 17 хэлбэрийн 50 гаруй бүтээгдэхүүн бий. Машины даатгал уу, амь даатгал уу, санхүүгийн даатгал уу гэх мэт ерөнхий ангилалыг даатгалын хэлбэр гэж нэрлээд байгаа юм. Тухайлбал, байшин, тоног төхөөрөмж, машин нь хөрөнгийн даатгалд тооцогдоно. Энэ мэт иргэд болон аж ахуйн нэгжид хүртээмжтэй үр өгөөжтэй олон даатгал бий.

-Хувь хүн, компани аж ахуйн нэгж санхүүгийн зохицуулалттай. Цаашлаад эрсдэлийг бууруулах зорилгоор даатгалд хамрагддаг. Эрсдэлийг тодорхой тайлбарлаач?

-Даатгалын компаниудаар жишээ авахад ирээдүйд санхүүгийн хохирол учирч болох магадлалтай. Эрсдэлийг давах гурван арга бий. Нэгдүгээрт, аливаа санхүүгийн хохирлыг бүрэн хариуцна, Хоёрдугаарт, эрсдэлийг бууруулах, Гуравдугаарт, эрсдэлийг шилжүүлэх арга гэж бий. Эрсдэлийг шилжүүлэх гэдэг нь даатгалд даатгана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн иргэний эрсдэлийн хохирлыг даатгал барагдуулах юм.

-Даатгалд хамрагдахын давуу тал нь юу вэ?

-Нийгэм хувь хүний орлого болон санхүүгийн зохицуулалт хатуу байхыг шаардаж байна. Та автомашин барьж яваад мөргөлдөх юм бол 5-10 сая төгрөгийн зардал гарна. Үүнийг яаж төлөх вэ гэх мэт санхүүгийн гэнэтийн хохирол гэр бүлд хүндээр тусдаг. Иймд эдгээр эрсдлүүдийг тооцоолж даатгалд хамрагдчихвал тухайн асуудлыг санхүүгийн дарамтгүйгээр давж чадна. Хэрэв даатгалгүйгээр замын хөдөлгөөнд оролцож яваад “Ланд Круйзер 200” мөргөхөд наад зах нь 10-20 сая төгрөгийн хохирол учирна. Даатгалгүй учир та хохирлыг өөрөө барагдуулахаас аргагүй.

-Манай улсад заавал даатгал төлөгдсөн бөгөөд хамрагдсан байх ёстой гэх жишиг тогтчихлоо. Тэгвэл олон улсад даатгалын систем, тогтолцоо ямар байдаг юм бэ?

-Манай улс гурван сая хүн амтай. Бүх улсад татаас буюу нийгмийн даатгалыг төлдөг. Улс таныг тэтгэвэртээ гарахад тодорхой хэмжээний орлоготой байлгах зорилгоор хүчээр даатгал төлүүлдэг. Хэрэв даатгалд хамрагдахгүй бол тухайн иргэн тэтгэвэрийн насанд хүрмэгц орлогогүй л гэсэн үг. Эрүүл мэндийн даатгалын тухайд иргэний төлсөн даатгалын хураамж улсын эмнэлгүүдийн үйлчилгээнд зарцуулагдсанаар иргэн бүрд эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хэлбэрээр хүргэхийг зорьж буй хэлбэр. Тухайн улсад санхүүгийн банкны тогтолцоо, хөрөнгө оруулалтын, даатгал гэсэн гурван үндсэн тулгуур байдаг. Манай улсад банк санхүүгийн зах зээлийн 95 хувийг эзэлдэг. Үлдсэн таван хувьд бусад нь багтдаг. Үүнээс үзэхэд даатгал дотоодын нийт бүтээгдэхүүний 90 хувьд ч хүрэхгүй. Хөгжингүй орнуудад даатгал нь зах зээлийн 20 хувийг эзэлдэг. Даатгалын эзлэх хувь өндөр байх нь санхүүгийн хэлбэлзэл үүсэхгүй байх баталгаа болдог. Цаашлаад иргэнд ачаалалгүй.

-Сүүлийн үеийн залуучуудын дунд 40, 50 жилийн дараа нийгмийн даатгалын тогтолцоо энэ хэвээр байх уу гэдэг асуулт урган гарах боллоо. Үнэхээр энэ тогтолцоо хүчин төгөлдөр байх болов уу?

-Би ч гэсэн энэ асуултыг тавьдаг. Одоогийнх шиг улс дангаараа хариуцах уу гэдэг нь эргэлзээтэй. Даатгалын зах зээл нь том байх тусам тухайн улсад эрсдэл нүүрлэхгүй. Хамгийн том хөрөнгө оруулагч гэсэн үг. Жишээлбэл, гаднын улсад жил бүр нэг сая төгрөг төлдөг. 30 жил төлвөл 30 сая төгрөгтэй боллоо. Тэгвэл тухайн иргэн нас барчихаар нийгмийн даатгалд насаараа төлсөн мөнгө хаачихав гэдэг асуулт олны дунд бий. Олон улсад гэнэтийн хагалгаанд орох, хүүхэд тань их сургуульд орох зэрэг үйлчилгээнүүдийг авахад тухайн даатгалын сангаас мөнгө авдаг уян хатан нөхцөлтэй. Үүнийг амьдралын даатгал гэж нэрлэдэг. Монголд энэ жишиг нэвтэрвэл насаараа төлсөн даатгалын мөнгө үр хүүхдүүдэд чинь өвлөгддөг тогтолцоо бүрдэнэ.

-Манай Улсад даатгалын үйлчилгээ үзүүлдэг хэчнээн компани байдаг вэ?

-15-16 компани байдаг. Даатгалыг амьдралын, ердийн гэж хуваадаг. Ердийн даатгал 365 хоног буюу нэг жилийн гэрээ хийдэг. Амьдралын даатгал нь насан туршдаа төлөх боломжтой.

-“Миг даатгал” ХХК хэзээ байгуулагдаж байсан бэ?

-1997 онд байгуулагдсан. Энэ жил 25 жилийн ойтойгоо золгоно.

-Хэр өргөн цар хүрээтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг вэ?

-25 жилийн хугацаанд иргэдэд хүртээмжтэй чанартай үйлчилгээг үзүүлэхийн тулд 21 аймаг 330 сумд салбар нээж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үндсэн 200 гаруй ажилтан 600 төлөөлөгч одоогоор ажиллаж байна. 

-Бусад даатгалын компа­ниудаас юугаараа ялгаатай вэ?

-Улс орон даяар хүртээмжтэй дэд бүтэц сайтай. Монгол Улсын бүх банк болон банк бустай даатгал зуучлалын үйлчилгээгээр хамтын ажиллагаатай. 21 аймагт тархан суурьшсан малчдын даатгалыг хийдэг. Ингэснээр малчид малаа барьцаалж зээл авахад нэмэртэй байхын зэрэгцээ эргээд бид малыг нь даатгадаг. 

-Иргэд ямар даатгалын бүтээг­дэхүүнийг түлхүү сонгодог вэ?

-Монгол Улсад давхардсан тоогоор 550 мянга орчим жолооч даатгал хийлгэсэн байдаг. Энэ нь жолоочийн хариуцлагын даатгал хүртээмжтэй байгаагийн тод илрэл. Мөн ипотекийн зээл авахад амь нас, гэнэтийн ослын даатгалыг төлдөг. Байгууллагаас хамаарах даатгал нийт зах зээлийн тал хувийг эзэлдэг.

-Таны зүгээс иргэдэд даатгалын ямар бүтээгдэхүүнийг санал болгох вэ?

-Би бүтээгдэхүүнээ зарахаас илүүтэй эрсдэлийг зөвлөх тал дээр анхаарч ажилладаг. Тухайлбал, нэг үйлдвэрийн ажилчин осолд өртлөө гэхэд гэнэтийн ослын даатгалын төлбөрийг даатгалаас төлдөг. Цаашлаад ажилчин хөдөлмөрийн чадвараа алдахад хүрвэл ажил олгогчийн хариуцлагын даатгалаар түүний ажлаагүй хугацааны цалинг тооцуулах боломжтой. 

-Тэгвэл цалингийнхаа хэд хүртэлх хувийг даатгалаас авах боломжтой юм?

-Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, үнэлгээний хувиас хамаарна. Байгууллагын ерөнхий хариуцлагын даатгал гэж бий. Үүнд аж ахуй нэгж ихэнх нь хамрагддаг. Англид компани үүсгэн байгуулж тамга тэмдэг авч банкны данс нээлгэхдээ тус даатгалын үйлчилгээг зайлшгүй авах шаардлагтай байдаг. Энэ нь тус байгууллага үйл ажиллагаа явуулах явцад гуравдагч этгээд танай байгууллагын үйл ажиллагаанаас болж гэмтэх тэр хариуцлагыг даатгадаг даатгал юм. Сүүлийн жилүүдэд байгууллагууд хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг сонгох боллоо. Үүнтэй холбоотойгоор харилцагчдаасаа би эрүүл мэнддээ мөнгө зарцуулахаа  болилоо гэдэг сайхан үгийг сонсоод их урамшсан.

-Албан журмын даатгал гэж байдаг шүү дээ. Энэ даатгал нэрнээсээ хүртэл сүрдмээр юм. Үүний талаар мэдээлэл  өгөөч...

-Бид жолоочийн хариуцлагын даатгалыг түгээмэл мэддэг. Даатгалаас автомашины хохирлыг биш жолоочийн хохирлыг даатгалаас таван сая хүртэлх төгрөгийг төлдөг. Автомашины үнэ нэг жилийн хугацаанд огцом өссөн. Үүнтэй уялдан тухайн автомашины нөхөн төлбөрийн хэмжээ өсөх учиртай. Гэтэл манай улсын даатгалын компаниуд 10 жилийн өмнө тогтсон үнээр үйлчилж байна. Тиймээс нөхөн төлбөрийн энэ дүнг өөрчлөх цаг болсон. Даатгалаас тав хүртэлх сая төгрөгийг жолоочид гаргаж өгдөг тогтолцоо 2012 онд батлагдсан хуулийн хүрээнд үйлчилсээр байна. Үүнээс үзэхэд бид дэлхийн даатгалын компаниудаас 10 жилийн хоцрогдолтой байгаа. 

-Жолоочийн хариуцлагын даатгалын талаар нэг зүйлийг тодруулъя. Зам тээврийн осол гаргасан тохиолдолд цагдаа даатгал хоёрыг зэрэг дуудах ёстой юу. Эсвэл аль нэгийг нь сонгох уу?

-Хоёр машин мөргөлдөхөд ихэнхдээ цагдаагүй шийддэг. Зам тээврийн осол үйлдсэн жолооч нар маргаантай тохиолдолд даат­галын шинжээч цагдаад хандахыг зөвлөдөг. ”Миг даатгал“ ХХК ослын 90 гаруй хувийг баримт дээр үндэслэн онлайнаар шийддэг.

-“Миг даатгал “ХХК хохирлыг хэдий хэр хугацаанд барагдуулдаг вэ?

-Манай даатгуулагчдын тоо өссөн. Ер нь 1-7 хоногийн хугацаанд хохирлыг бүрэн барагдуулдаг. 

-Осол гаргаагүй даатгуу­лагчид ямар урамшуулал үзүүл­­­дэг вэ. Олон улсад тухайн жолоочийн хариуцлагын даатгалын суурь хураамжийг хөнгөлдөг тогтолцоо байдаг юм байна лээ?

-“Миг даатгал”-ын суурь үнэ 33 мянган төгрөг. Жил бүр даат­­гуулдаг, хохирол гаргаагүй жолоочийн хураамжийг 20 мян­ган төгрөг хүртэл бууруулах боломжтой.

-Техник технологи хөгжсөн энэ үед даатгалын мэдээллийг утсаар авах боломж бүрдсэн байна. “Миг даатгал” ХХК даатгалын хугацаа дуусахыг сануулсан мессэжийг жолооч нарт илгээдэг болсноор бусад даатгалын компаниудаас онц­лог­той болов уу. Зах зээлд нэвтрүүлж байгаа шинэ сонир­холтой ямар даатгал байна вэ?

-Байгууллагын зах зээлд зориулан Түшиг гэх даатгалын үйлчилгээг нэвтрүүлсэн. Эмнэлэг, эмийн сангуудтай хамтран 10 сая төгрөг хүртэлх даатгалын үйлчилгээг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр иргэн та өөрт хамгийн ойр байрлах хувийн эмнэлгээс эрүүл мэндийн үйчилгээг төвөггүй авах боломжтой.  Мөн эмийн санд ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр худалдан авалт хийж болно. Та худалдан авсан эмийн ебаримтыг даатгал руу илгээснээр төлбөрийг шилжүүлнэ. Тухайлбал, Азифарм эмийн сан энэ үйлчилгээг нэвтрүүлж “Миг даатгал” ХХК-тай хамтран ажиллаж байгаа. Энэ мэтчилэн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж байна. Эрүүл мэндийн даат­галын үйлчилгээг аж ахуйн нэгж, байгууллага ихээр авдаг. Өөрөөр хэлбэл, ажилчдынхаа эрүүл мэндэд түлхүү анхаардаг болсон. 

-Багцын үнийн тухайд...?

-400-500 мянга, 600-700 мянга, 800-1 сая төгрөг хүртэлх багц бий. 2023 онд хүүхдийн эрсдэлийн даатгалыг хүртээмжтэй болгох зорилго тавьсан.

-Дэлхийн даатгалын салбарын хөгжил хурдацтай байна. Харин манай улсад даатгалын салбар ямар түвшинд байгаа бол...?

-Дэлхийн даатгалын салбарын зах зээлийн хэмжээ 6.2 триллион ам.долларт хүрсэн. 2020-2021 онд Ковидоос үүдэн даатгалын ком­паниуд уналтад орж байсан. “Миг даатгал” ХХК-ийн тухайд эсрэ­гээрээ өсөлттэй ажиллаж чадсан.

-“Миг даатгал” ХХК өөрс­дийгөө эрсдэлээс хэрхэн  хамгаалж байна вэ. Давхар даатгалд хамрагдав уу?

-“Миг даатгал” ХХК есөн их наяд орчим төгрөгийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийн даатгалд хамрагдсан. Үүнийг төлөх хэмжээний нөөц манай компанид байхгүй. Тодорхой даах хэмжээний эрсдэлээ тооцоолж түүнээс давсан хэмжээг гаднын улсын давхар даатгалд жил бүр даатгуулдаг. 30-35 тэрбум төгрөг хүртэлх эрсдэлийг Герман улсын давхар даатгалын компанид байршуулсан. Энэ нь бидний найдвартай байдлыг бататгаж буй хэлбэр.

-Нийгмийн хариуцлагын хүрээнд ямар ажлыг хийв?

-Орон байр нь шатсан зайлшгүй нөхцөл байдалтай нүүр тулсан хүмүүст бид тусалдаг. Үүнийг олон нийтэд зарлаж маркетинг хийхийг хүсдэггүй. Жилд 10 орчим тэрбум төгрөгийг нөхөн олговорт зарцуулдаг. Өнгөрсөн жил Ид шидийн орон төсөлтэй хамтран ажилласан. Тус төвийн хүүхдүүдэд гэнэтийн ослын даатгалыг хийж даатгалтай бүс болгосон. Мөн царх тахлын үед хүнд нөхцөлд ажилласан сувилагч нарт цалингийн урамшуулал олгосон. Цаашлаад Дорноговь аймагт баригдаж буй Шамбала 2050 төслийг дэмжиж ажиллаж байгаа. Ирэх жил хүүхэд рүү чиглэсэн ажлуудыг хийхээр төлөвлөсөн.

-Хөдөө орон нутгийн замд зам тээврийн осол гаргасан тохиолдолд “Миг даатгал“ ХХК хэрхэн шийдэж ажилладаг вэ?

-21 аймагт “Миг даатгал” ХХК-ийн төлөөглөгчид ослын газарт ажилладаг. Үнэхээр боломжгүй нөхцөлд тухайн жолооч ослын газрын зураг, бичлэг зэрэг баримтыг хавсарган “Миг даатгал” ХХК руу илгээх боломжтой. Та хариуцлага алдаж осол гаргасан бол ослын хохирлын тодорхой хувийг төлөх заалттай. Хохирлыг даатгал бүрэн хариуцна гэх ойлголт олны дунд байдаг. Энэ нь даатгалын гэрээтэй нэг бүрчлэн танилцдаггүйгээс улбаатай.

-Шинэ содон ямар бүтээг­дэхүүнийг гаргахаар зорьж байгаа вэ?

-Манай улсад цахилгаан машины эрэлт ихэссэн. Үүнтэй уялдуулан цахилгаан машины даатгалыг нэвтрүүлсэн. Одоогоор “Миг даатгал” ХХК-д даатгалтай 10 гаруй цахилгаан машин байна.

-Цаг зав гаргаж даатгалын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэсэнд баярлалаа. Даатгалын үр өгөөжийн талаар иргэдэд зөвлөгөө  өгөөч...?

-Баярлалаа. Даатгалын үнэ цэнийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон гэж итгэж байна. Та бүхэн хувь хүний санхүүгийн менежментийн төлөвлөгөөг боловсруулаад үзээрэй. Ингэснээр гэнэтийн зүйлд бид ямар их мөнгө зарцуулдаг вэ гэдгийг ойлгоно. Тиймээс даатгал таны санхүүд хэрхэн нэмэртэйг мэдэх байх. Иргэн та бүхэн чухал гэсэн бүхнээ даатгуулаарай.

 

Б.Оюунжаргал

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top