-Өвөл, зуны хүлэмжийн аж ахуйн талбайн хэмжээг тус бүр 20 га, жимс, жимсгэнийн талбайг 100 га-гаар нэмэгдүүлнэ-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж, 21 аймагт нээлтээ хийгээд буй.
Орон даяар өрнөж буй тус хөдөлгөөний нээлт өчигдөр нийслэл Улаанбаатар хотод боллоо. Нээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран Соёлын төв өргөөнд зохион байгуулсан юм. Тус арга хэмжээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчид, үйлдвэрлэл эрхлэгчид, газар тариалан, мал аж ахуйн салбарын төлөөлөл 1200 гаруй зочин, төлөөлөгч оролцлоо. Түүнчлэн энэ арга хэмжээний үеэр хөдөө аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгч, хүнс үйлдвэрлэгч үндэсний компаниуд бүтээгдэхүүнийхээ дээжээс олон нийтэд танилцуулж байлаа.
У.Хүрэлсүх: Ирэх таван жилийн хугацаанд ххаа-н салбарын хөгжилд зориулан 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт хийнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийслэлийн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр уншиж танилцууллаа. Тэрбээр “Өнөөдөр та бид "Хүнсний хангамж, Аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод өрнүүлэх, хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ хэрхэн дэмжих, асуудал, гарц шийдлээ ярилцахаар хуран цуглаад байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, геополитик, тээвэр логистик, эрчим хүчний доголдол зэргээс улбаалан хүнсний хомсдол хүн төрөлхтний өмнө нэн тулгамдсан асуудал болоод байна.
НҮБ-ын 2021 оны судалгаагаар дэлхийн хүн амын 30 орчим хувь буюу 2.3 тэрбум хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд ороод байгаа бөгөөд 828 сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа тухай тайлан гарсан. Дэлхий даяар хүнсний үнэ огцом өсөж, сүүлийн 14 жилийн хугацаанд байгаагүйгээр хамгийн өндөр түвшинд хүрсэн.
Тухайлбал, бага орлоготой орнуудын 85 хувь, өндөр орлоготой орнуудын 90 гаруй хувьд нь бараа үйлчилгээний үнэ буюу инфляц хоёр оронтой тоонд хүрч өсөөд байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч ард иргэдийнхээ хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар хэрэгжүүлж байна. Энэхүү хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Их Хурал "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолыг баталж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалт, бодлого, үйл ажиллагааны цогц шинэчлэлийг хийхээр тусгасан бөгөөд ирэх таван жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд зориулан 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр шийдвэрлээд байна. Үүний үр дүнд ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ Монгол Улс хүнс экспортлогч улс болох эхлэл тавигдах болно.
Нийслэлийн хүн амын нягтаршил, хөрс, агаарын бохирдлоос хамааралтай хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэл өндөр, эдгээрээс үүдэлтэй хорт хавдар, хоол боловсруулах, зүрх судасны тогтолцооны өвчин эрс ихэссэн нь сүүлийн таван жилийн статистик үзүүлэлтээс тодорхой байна. Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой. Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байна. Иймээс Төрийн Тэргүүний санаачилсан "Тэрбум мод", "Хүнсний хангамж, аюулгүй байдал", "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөнүүдийг өөр хооронд нь нягт уялдаа холбоотой хэрэгжүүлснээр Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтуудаа ханган хэрэгжүүлэх болно” хэмээлээ.
“Хотын нийт өрхийн 68 хувьд нь хүнсний баталгаат байдал алдагдсан” гэв
"Хүн амын хоол тэжээлийн байдал" үндэсний V судалгаагаар Улсын хэмжээнд Улаанбаатар хот хүнсний баталгаат байдал алдагдсан өрхийн үзүүлэлт 68 хувь буюу хамгийн өндөр, тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 27 хувь ноцтой алдагджээ.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Хүнсний аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого" сэдэвт илтгэл тавьж, нийслэлээс ирэх таван жилийн хугацаанд хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, нийслэлийн хүн амыг хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр хангах талаар баримталж буй бодлогыг иргэд, олон нийтэд танилцууллаа. Тэрбээр “Монгол хүн эрүүл байх ёстой. Эрүүл байхын тулд хүнс эрүүл байх ёстой. Нийслэл Улаанбаатар хотод 1.6 сая хүн амьдарч байна. Одоогийн байдлаар хүнсний бүтээгдэхүүн боловсруулах салбарын 655 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч дэргэдээ олон улсын судалгааны “тинк танк” зөвлөл буюу бодлогын судалгааны институтийг анх удаа байгуулан ажиллаж байна. Хүн амын хоол тэжээлийн байдал, үндэсний таван судалгаа хийсэн. Ингэхэд хотын нийт өрхийн 68 хувьд нь хүнсний баталгаат байдал ямар нэг хэмжээгээр алдагдсан статистик үзүүлэлт гарсан. Тэгэхээр хүнсний аюулгүй байдлыг хангах нь цаашид Монгол Улс оршин тогтнох үндэс суурь болно гэж харж байгаа. Өсөн нэмэгдэж байгаа хүнсний эрэлт хэрэгцээнд тулгуурлан хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодоос хангах, импортын бүтээгдэхүүний хамаарлыг бууруулах, хүнсний сүлжээний бүхий л үе шат бүрд аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах нь чухал. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг 21 аймаг, 330 сумаас нийслэлд нийлүүлдэг. Энэ утгаараа нийслэл нь Монгол Улсын эдийн засгийн гол төв бөгөөд улсын хэмжээнд хүнсний хангамжийн нийлүүлэлт, түгээлтийн гол зангилаа. Тиймээс ч “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хүнс экспортлогч улс болох зорилтыг хангахад манлайлан оролцох болно” хэмээн мэдэгдсэн юм.
2022-2027 оныг хүртэл нийслэл Улаанбаатар хотод төр, хувийн хэвлийн хамтын хүрээнд дараах арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөжээ. Үүнд, нийслэлд сүүний чиглэлээр 6655 үнээ байгаа нь сүү боловсруулах үйлдвэрийн 40 хувийг хангаж байгаа юм. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд Сүүний үхрийн фермийн аж ахуйг дэмжиж, сүүний чиглэлийн үнээг 14-15 мянгад хүргэснээр Улаанбаатар хотын хүн амын шингэн сүүний хэрэглээг дотоодоосоо хангах аж.
Гурилын үйлдвэр зургаа байдаг бөгөөд хүчин чадлын ашиглалт 84.3 хувь байна. Суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглахын тулд улаанбуудайн чанарыг сайжруулна. Махны үйлдвэр 45 байдгаас хүчин чадлын ашиглалт 30 хувь ажээ. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд хөдөө орон нутгаас төрийн бодлогоор хэрэгцээлэх малыг үйлдвэрлэлд нийлүүлэхэд чиглэж ажиллах юм.
Өндөгний үйлдвэр эрхэлж буй найман аж ахуйн нэгж байдаг бөгөөд 116.2 сая ширхэг өндөг үйлдвэрлэж, 62.5 хувийг хангаж буй. Өндөг үйлдвэрлэгчийг 15 тэрбум төгрөгөөр дэмжсэнээр 280 сая ширэг өндөг үйлдвэрлэдэг болж дотоодын хэрэгцээг 100 хувь хангана хэмээн тооцоолжээ.
Газар тариалангийн хувьд нийслэлд 80 гаруй ААН, 449 иргэн үйл ажиллагааг 42.4 га талбайд тариалалт хийж, жилд дунджаар 2400 тонн бага тархацтай хүнсний ногоо хураан авдаг байна. Дэвшилтэт технологийн өвлийн болон зуны хүлэмжийг 20 га-аар нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлээ хангах ажээ.
Жилд 500 мянган ширхэг нутагшсан сортын суулгац үйлдвэрлэнэ
Нийслэлд хэрэгжүүлэх арга хэмжээний санхүүжилтэд 232.8 тэрбум төгрөг байх бөгөөд үүнийг улсын төсвөөс 155.5 тэрбум, нийслэлээс 57 тэрбум, орон нутгаас 578 сая төгрөг, төсөл хөтөлбөр, зээл тусламжаар 20.1 сая төгрөгийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг оролцогчдод танилцуулав. Тэрбээр “Нийслэлд хэрэгжих төсөл нь салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, удирдлага, зохион байгуулалт, газар тариалангийн үйлдвэрлэл, мал аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний боловсруулах үйлдвэрлэл гэсэн таван чиглэлээр авч хэрэгжүүлэх юм. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр гарах үр дүнг танилцуулъя.
Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчныг сайжруулснаар нийслэлийн хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл сайжирна. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахтай холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Хоёрдугаарт, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр иргэн, ААН-д зохистой дадал нэвтрүүлнэ. Чанартай хүнсний бүтээгдэхүүнээр иргэдийг хангаж, 1.2 сая хүнд мэдлэг мэдээлэл түгээж, нийт 120 оролцогчдыг хамруулж, шалгарсан 12 шийдлүүдэд дэмжлэг үзүүлж, хэрэгжүүлсэн байна. Брэнд бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нэвтрүүлсэн байна.
Гуравдугаарт, газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр хүлэмж, төмс, хүнсний ногооны аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх техник технологийн шинэчлэл хийх замаар төмс, хүнсний ногооны механикжуулалтыг 80-90 хувьд хүргэнэ. Мөн өвөл, зуны хүлэмжийн аж ахуйн талбайн хэмжээг тус бүр 20 га, жимс, жимсгэнийн талбайг 100 га-аар нэмэгдүүлнэ. Суулгац үржүүлгийн төвийг шинээр байгуулж, жилд 500 мянган ширхэг нутагшсан сортын суулгац үйлдвэрлэнэ.
Дөрөвдүгээрт, мал аж ахуйн чиглэлээр эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийг бодлогоор дэмжиж, хөрөнгө оруулалтын болон хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлнэ. Ийнхүү сүүний хангамжийг 30 хувь, өндөгний хангамжийг 20 хувиар тус тус нэмэгдүүлж, мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна.
Тавдугаарт, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр иргэдийн хоол хүнсний талаарх боловсролыг дээшлүүлнэ. Мөн бүх төрлийн хүнс бараа бүтээгдэхүүнийг чанар, стандартын шаардлага хангасан төвлөрсөн агуулах зооринд хадгалах, тээвэрлэх, хүнсний дэлгүүр, захуудад түгээлт, татан авалт хийх нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ” гэв.
Нийслэлд хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хамгийн ихээр бэлтгэн нийлүүлж, мах, сүү, үр тариа, хүнсний ногооны хэрэгцээг голлон хангаж буй стратегийн ач холбогдол бүхий бүс нутаг болох Төв, Булган, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нар тус арга хэмжээнд оролцож, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар саналаа илэрхийлсэн.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж “Хүнсний ногоо, үр тариа, мах, сүү зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэгч аймгийн хувьд хүн амыг эрүүл, аюулгүй, сайн чанарын хүнсээр хангах үүднээс энэхүү хөдөлгөөнд манлайлан оролцоно. Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн хүнсний ногоо, үр тариа, мах, сүүний нэлээд хувийг Сэлэнгэ аймаг нийлүүлдэг. Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зоорь, байгууламж, сав баглаа боодол нийлүүлэх зэрэг чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бие биенээ дэмжин ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллага, компаниудад уриалж байна” гэсэн юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
ulger