Ким Жон Ун охины хамт стратеги пуужингийн өмнө зургаа татуулав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 28

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун охин Жү Э-гийн хамт “Hwasong-17” тив алгасах стратеги пуужингийн өмнө гэрэл зургаа татуулжээ.

Цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх эл пуужин АНУ-ын нутаг дэвсгэрт хүрэх чадалтай.

Жү Э эцгийн хамтаар хоёр дахь удаа олны өмнө гарч, гэрэл зураг хамт татуулж байгаа нь Ким Жон Ун охиноо өөрийн залгамжлагч гэдгээ харуулж байна гэж өрнөдийн хэвлэлүүд онцолж байна.

Өнгөрсөн долоо хоногт Ким Жон Ун мөн л охин Жү Э болон эхнэрийн хамт “Hwasong-17” пуужинг турших талбарт зочилсон юм.

Японы Батлан хамгаалах яамны мэдээллээр, “Hwasong-17” пуужин нь 2-3.5 тонн хэд хэдэн цэнэгт хошуу тээвэрлэн 15 мянган км зай туулах чадвартай. Пуужингийн нарийн үзүүлэлтүүд тодорхой бус байгаа билээ.

Тус пуужинг анх 2020 оны аравдугаар сарын 10-нд болсон цэргийн жагсаалын үеэр танилцуулсан ба 2022 оны гуравдугаар сарын 24-нд анх удаа, арваннэгдүгээр сарын 18-нд хоёр дахь удаа туршсан юм. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсын батлан хамгаалах салбарын албан тушаалтан, эрдэмтдэд цол олгох арга хэмжээний үеэр БНАСАУ дэлхийд хамгийн хүчирхэг цөмийн хүчинтэй болох зорилго тавьсан тухай мэдэгдсэн. Тэрбээр “Hwasong-17” пуужинг дэлхий дээрх хамгийн хүчтэй стратегийн зэвсэг хэмээн тодорхойлж, пуужин бүтээх, хөгжүүлэхэд оролцсон эрдэмтдэд талархал илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top