Л.Наранбаатар: "Тавантолгой түлш" нүүрс нийлүүлж, ҮЙЛДВЭР ЗОГСОХ АЮУЛААС аварлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-д нүүрс нийлүүлдэг компани тээвэрлэлтээ зогсоосонтой холбоотойгоор компанийн зарим үйлдвэрүүд цөөн хоногийн нөөцтэй, зогсох аюулд ороод байсан. Тэгвэл өнөөдөр /2022.12.01/ "Тавантолгой түлш" ХК-аас 50 вагон нүүрсийг нийлүүлжээ. Тун удахгүй дахин 50 вагон нүүрсийг буулгаж, нэг сарын нөөцийг бүрдүүлэх аж.

Энэ талаар "Цемент шохой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өөрийн цахим хуудсандаа бичиж, талархал илэрхийлсэн байна. Тэрбээр "Нүүрс тээврийн зардал эрс нэмэгдсэн буюу ердөө 60 хоногийн дотор хоёр дахин өссөнөөс гэрээт компаниуд алдагдалд орж, есдүгээр сараас нийлүүлэлтээ тасалсан. Ингээд нөөц хорогдсоор өнөөдөр Цемент, Чулуунцар, Шохойн үйлдвэр зогсох аюултай байдалд орж, балрах шахлаа…Манайх зогсвол дагаад Эрдэнэтийн зэсийн баяжуулах үйлдвэр, Хөтөлийн дулааны станц зогсох гинжин хэлхээтэй. Бид хрёр сарын нүүрсний нөөц бэлдэж явсан бөгөөд нөөц яг тав хоногийн дараа дуусах аюултай байдалд байв.

Төрийн өмчит хувьцаат компанийн нэг сул тал нь бүх худалдан авалт тендерээр явагддаг. Тендер зарлахын тулд зорилтод түвшин боловсруулах, ТУЗ-аар батлуулах, Төрийн өмчийн хороогоор батлах, Сангийн яаманд хянуулж, худалдан авалтаа батлуулах, тэгээд тендер зарлах эрх нээгдэх, зарлах, шалгаруулах, маргаан шийдвэрлэх, амжилтгүй бол дахин зарлах… Ингээд Багадаа 60-90 хоног шаардагддаг сул талтай.
Хувийн хэвшил бол захирал нь нэг хоногийн дотор асуудлаа шийдээд явна.
 
Цаашид энэ тендерийн хуулиа аж үйлдвэрийн цогцолбор үйлдвэрүүдэд эргэн харж, өөрчлөх, өрсөлдөх чадварт нь сөрөг нөлөөлөх элдэв чөдөр, тушааг арилгах зайлшгүй шаардлага байгааг энэхүү үйл явдал яс маханд мэдрүүлэв.
 
Бид эрсдэлтэй нөхцөл байдлаа эртнээс харж, ТУЗ болон Төрийн өмчийн хороондоо мэдэгдэж, тендер шалгаруулах хугацаанд Эрдэнэт зогсох эрсдэл үүсэж буй талаар танилцуулж, тодорхой шийдэл санал болгож ирсэн. Төрийн өмчийн хороогоороо дамжуулж "Тавантолгой түлш"-ээс нүүрс нийлүүлэх хүсэлт гаргаснаар асуудал нааштай, шуурхай шийдэгдсэнд баяртай байна.
 
Энэ хүнд үед “Тавантолгой Түлш” ХХК-ийн Г.Даваацэрэн захиралтай хамт олон бидэнд туслаж, Тавантолгойгоос ТТ-ЗБ чиглэлээр, МТЗ болон УБТЗ-аар шуурхай татан авалт хийн, 50 вагон нүүрс сая талбайд буулгалаа. Удахгүй дараагийн 50 вагон нүүрс 7 хоногийн дотор бууна. Ингэснээр 30 хоногийн аюулгүйн нөөц бүрдэж байна. Эрсдлийн улаан гэрэл одоо ногоон боллоо.
 
Бид нүүрсний гэрээт компаниудтайгаа үнийн хэлцэл хийж, өртөг өндөртэй авто тээврийг болиулж, түүнээс 2-2.5 дахин бага зардлаар шийдэх боломж бүрдсэн. Ингэснээр нүүрсээ МТЗ-ын ТТ-ЗБ төмөр замаар Тавантолгойгоос Зүүнбаян хүрээд тэндээсээ Хөтөл өртөө хүртэл дан төмөр замаар татах шийдлийг хэрэгжүүлнэ. Гэрээ байгуулсан компаниудын нүүрсний эхний нийлүүлэлт долоо хоногийн дараа Хөтөлд бууна.
 
 
Бидний зовлонг Монцемент, МАК ч гэсэн хамт үүрч, мэдэрч байгаа байх. Нүүрсний үнийн өсөлт, тээврийн зардлын нэмэгдэл, инфляци нь төрийн, хувийн компани гэж ялгахгүй ниргэнэ. Энэ нь 2023 онд цементийн үнэ дахиад өсөх гарцаагүй байдалд шахах хүчин зүйл болж байна.
 
Тавантолгойгоос-Улаанбаатар хүртэл тээвэр хийж буй машинууд нэг тэнхлэгт ногдох ачааны жин 44 тонноос ихгүй байсныг “нийт жин” гэж хатуу зааснаас тээх бодит ачаа нь 15-18 тонн болон буурч, тээврийн зардал 2-3 дахин нэмэгдэх гол шалтгаан болсон.
 
Дайран дээр давс гэдэг шиг энэ нь эргээд дизель түлшийг Тавантолгой уруу тээвэрлэх зардлыг өсгөж үнэ нэмэгдэх, түлшний тасалдал үүсгэх шалтгаан болсон. Одоо Өмнөговийн хэдэн нүүрсний уурхай түлшний хомсдолоос хүчин чадлаа бууруулж, сул зогсолтууд хийж эхэлсэн сураг байна.
 
Ингээд Тавантолгойгоос Хөтөлд ирэх нүүрс тээврийн зардал тонн тутамд 100 орчим мянган төгрөг байсан бол ердөө 30 хоногийн дотор 250-280 мянган төгрөг болж эрс өссөн. Тээвэр нам зогссон. Цаашдаа Хангийн ТЗ ашиглалтад орж, ТТ-ЗБ чиглэлийн ачаа урсгал нэмэгдэж, тээврийн зардал нь буурах боломж бүрдэнэ гэж найдаж байгаа" хэмээн цахим хуудсандаа бичсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top