"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 94 ДҮГЭЭР БҮЛЭГ
ЖҮГӨ ЛЯН ЦАСАНД ЦЯН АЙМГИЙН ЦЭРГИЙГ ЭВДСЭН
СЫМА И ӨДӨР ХУГАЦАЖ МӨНДАГ БАРЬСАН
Өгүүлэх нь: Гуохуай, Цаожэньд өгүүлрүүн: “Баруун Цян аймгийн хүн Тайзу хааны үеэс жил залгалдаагаар алба барьсаар Вэнь Хуанди бас хишиг шим хүртээсэн бөлгөө. Эдүгээ бид чухал бэрх газрыг сахиж суун сэмээр хүн зарж бага замаар Цян аймагт туслах цэрэг гуйхаар илгээж “Ураг барилдсугай!” хэмээн амалдваас цэргийн хүн эрхгүй цэрэглэж Шу улсын цэргийн хойгуур сундлахаар ирмүй! Бид бас их цэрэг авч тэргүүн сүүлийг хавчин байлдваас дийлэхгүй ёс буюу?” Цаожэнь үг дагаж даруй шөнө дөлөөр бичиг бариулж Цян аймагт хүн зарж илгээв.
Тэндээс баруун Цян улсын ван Чө Лизи нь Цаоцаогийн цагаас жил бүр алба барьж асан болой. Түүний доор нэгэн бичгийн түшмэл, нэгэн цэргийн түшмэл буй. Бичгийн түшмэл нь Ядань чансан, цэргийн түшмэлийг Юэзи Юаньшуай хэмээмүй. Тэр үес Вэй улсын элч алт сувдын бэлгийн юм, жич улсын бичгийг аван Цян улсад хүрээд урьд Ядань чансанд учирч бэлэг сэлтийг өргөөд өмөшлөхийг гуйхаар ирсэн учрыг хэлсний хойно Ядань элчийг дагуулан улсын ванд учруулж бичгийг өргөсөнд Чө Лизи бичгийг үзсэний хойно олон лугаа зөвлөлцвөөс Ядань өгүүлрүүн: “Бид ерөөс Вэй улс лугаа харилцан явалцсан бөгөөд эдүгээ Цао Дүдү туслах цэрэг гуйж бас “Ураг барьсугай!” хэмээн ам алдсан тул гуйсныг тогтоовоос зохимуй” хэмээсэнд Чө Лизи үг дагаж даруй Яданийг Юэзи Юаньшуай лугаа Цянгийн цэрэг арван таван түмийг үүсгэн гарсугай хэмээн захив. Тэр цэрэг цөм нум сум, илд жадын зэвсэгт боловсронгуй бөгөөд бас байлдах тэрэг буй аж. Гадуур төмрөөр баглан хаджээ. Түүнд идэх хүнс цэргийн зэвсэг тээгээд тэмээ буюу эсвээс луус морийг хөлж “Төмөр тэрэгт цэрэг” хэмээн нэрлэмүй. Хоёул улсын вангаас салаад цэрэг авч шууд Си Пингуань боомтыг халдахаар ирсэнд боомтыг сахисан Шу улсын жанжин Ханьжэнь яаран хүн зарж Кунминд мэдүүлэн илгээв.
Түүнээс Кунмин мэдүүллийг сонсоод олон жанжнаас асууруун: “Хэн аймшиггүй одож Цянгийн цэргийг эгүүлмүй?” хэмээтэл Жанбао, Гуаньсин гарч өгүүлрүүн: “Бид угтахыг хүсмүй”. Кунмин өгүүлрүүн: “Танай хоёул одвоос зам танихгүй яамуй?” хэмээгээд даруй Мадайг дуудаж өгүүлрүүн: “Чи угаас Цян аймгийн хүний чанарыг мэдэх бөгөөд тэр газар удаан суусан тулд зам удирдагч болтугай” хэмээн зарлаж шилсэн цэрэг таван түмийг сонгож Гуаньсин, Жанбаогийн хамт явуулав. Гуаньсин, Жанбао цэрэг авч мордоод хэдэн өдөр явсангүй Цянгийн цэрэгт учраад Гуаньсин зуу илүү морьтонг аваад уулын дээр авирч үзвээс Цян аймгийн цэрэг төмөр тэргийн тэргүүн сүүлийг холбож уяад газрыг дагаж хүрээ буумуй. Тэрэгний дээр цэргийн зэвсгийг жагсаасан нь хотын хэрэм мэт. Гуаньсин удтал үзэвч дайсныг эвдэх аргыг олсонгүй тул даруй хүрээндээ эгээд Мадай, Жанбао лугаа зөвлөхөд Мадай өгүүлрүүн: “Маргааш жагсаалд түүний үнэн ташааг үзсэний хойно дахин арга сүвэгчилсүгэй!” хэмээв. Жич өдөр цэргийг гурван замаар хуваан Гуаньсин дунд нь Жанбао зүүнд, Мадай баруунд болж гурван замаар цугаар одож үзвээс Цян аймгийн цэргийн жагсаалд Юэзи Юаньшуай гарт төмөр шийдэм барьж сүүжинд нум зүүгээд баатарлан гарч ирэв. Гуаньсин гурван замын цэргийг даллан хамт ороход Цянгийн цэрэг хоёр тийш салаад дундаас төмөр тэргийг тавин гаргаж холховч нум харвах нь далайн давлагаа мэт хүрч ирэх тул Шу улсын цэрэг ихэд дарагдаж Мадай, Жанбаогийн хоёр анги цэрэг урьд эгэв. Гагц Гуаньсингийн нэгэн анги цэрэг нь Цянгийн цэрэгт хаагдаад шууд баруун хойд зовхист аваачигдав.
Түүнээс Гуаньсин дунд хаагдаж зүүн баруун этгээдийг шувтлан байлдавч гарч чадахгүй төмөр тэрэг улам улам бүсэлж ирэх нь хотын хэрэм адил. Шу улсын цэрэг харилцан тусалж эс чадмуй. Гуаньсин уулын завын зүг зам эрж явсаар үзвээс наран орой болоход гэнэт нэгэн талын бараан туг зөгий мэт сүрэглэн ирэв. Дотроос нэгэн жанжин төмөр шийдэм бариад их дуугаар өгүүлрүүн: “Бага жанжин битгий буруул!. Би болбоос Юэзи Юаньшуай болой” хэмээжээ. Гуаньсин яаран морийг ташуурдан чинээгээр тавьж урагшлан яван атал чив нэгэн хавцлын гол учирсан тул аргагүй морь эгүүлэн ирж
Юэзи лүгээ байлдав. Гуаньсин эцэст айх тул ялгуухгүй бас ч голын зүг явтал Юэзи нэхэн хүрч ирээд шийдмээр цохив. Гуаньсин яаран зайлсанд төв хэмээн морины гуя оногдсонд тэр морь завын голд унаж орсонд Гуаньсинг усны дотор унагав. Гэнэт нэгэн дуу гартал арын хойдод Юэзи хүн морьтойгоо яасан ч үгүйгээр голд унаж иржээ. Гуаньсин усны дотроос аргацаан босоод үзвээс голын хөвөөнд нэгэн их жанжин Цянгийн цэргийг алж эгүүлэв. Гуаньсин дам илдээр Юэзиг цавчсугай хэмээхэд Юэзи уснаас харайн гарч оргон явав. Үүнд Гуаньсин, Юэзигийн морийг олоод удирдан хөвөөнд авирч эмээл хазаарыг засаад дам илд барин морь унаад үзвээс тэр их жанжин бас ч өмнө этгээдэд Цянгийн цэрэг лүгээ байлдсаар амуй. Гуаньсин санаруун: “Энэ хүн миний амийг гаргасан тул нэгэнтээ золговоос зохимуй” хэмээгээд морь давхин ойр хүрч үзвээс үүл манангийн дотор бараг бүрэг нэгэн жанжин үзэгдмүй. Нүүр улаан, хүр хорхой хэвтсэн мэт хөмсөгтэй, ногоон хувцас алтан хуяг өмсөж дам илд барьсан хүн улаан туулай морийг унаад гараар сахлаа илж амуй. Магадлан үзвээс эцэг Гуань гүн мөн тул Гуаньсин ихэд цочиж бүхийд Гуань гүн гараар зүүн өмнө зүг зааж өгүүлрүүн: “Миний хөвгүүн энэ замаар явагтун! Би чамайг халхлан хүрээнд чинь хүргэсүгэй!” хэмээн хэлж дуусаад үзэгдэхгүй болов. Гуаньсин зүүн өмнө зүг явсаар шөнө дунд хүрээд нэгэн баг цэрэгтэй учрав. Үзвээс Жанбао болой. Гуаньсингаас асууруун: “Чи их авгад учрав уу?”. Гуаньсин өгүүлрүүн: “Чи яахан олж мэдэв”. Жанбао өгүүлрүүн: “Би төмөр тэрэгт цэрэгт нэхэгдэж маш шахам болсонд гэнэт их авга хий уураас бууж ирэн Цянгийн цэргийг айлгаж эгүүлээд зааж өгүүлрүүн: “Чи энэ замаар миний хөвгүүнийг туслахаар од!” хэмээв. Тийнхүү би цэрэг авч шууд энд чамайг эрэхээр ирэв”. Гуаньсин бас урьдын учрыг хэлээд харилцан гайхаж хоёул хүрээнд эгсэнд Мадай угтаж хоёулд өгүүлрүүн: “Энэ цэргийг эгүүлэх аргагүй. Би хүрээг бэхлэн сахьсугай! Та хоёул одож чансанд мэдүүлээд арга хэрэглэн эвдвээс сая болмуй” хэмээсэнд Гуаньсин, Жанбао шөнө дөлөөр Кунминд золгохоор ирээд тэр учрыг хэлэв.
Түүнээс Кунмин даруй Жао Юнь, Вэй Яньд тус бүр нэгэн анги цэрэг өгч бүгэхээр явуулсны дараа гурван түмэн цэрэг шалгаж Зянвэй, Жан И, Гуаньсин, Жанбао нарыг дагуулан биеэр Мадайгийн хүрээнд ирэв. Жич өдор Кунмин өндөр довд гарч анхаарваас төмөр тэрэг дараа дараагаар залгалдаж тасрашгүй, хүн морь хөндлөн гулд урагш хойш дураар довтолгон явмуй. Кунмин өгүүлрүүн: “Үүнийг эвдлэх нь юун бэрх буй” хэмээгээд Мадай, Жан Иг дуудаж “Ийм! Тийм!” хэмээн сургасанд хоёул аргыг хүлээн авч одов. Бас Зянвэйг дуудаж өгүүлрүүн: “Бо Юэ чи тэргийг эвдлэх аргыг мэдмүй уу?”. Зянвэй өгүүлрүүн: “Цян аймгийн хүн гагц баатардаа эрдсэнээс хэрхэн уран аргыг мэдэх аж?” Кунмин инээж өгүүлрүүн: “Чи миний санааг мэдсэн болой. Эдүгээ үүл татаж умар салхи түргэн болоод тэнгэр цас ормоор болсон тул миний аргыг явуулбаас болмуй” хэмээгээд Гуаньсин, Жанбао хоёулд цэрэг өгч бүгэхээр илгээсэн хойно Зянвэйг цэрэг авч байлдахаар гаргаад “Гагц төмөр тэрэгт цэрэг ирвээс хойш буруулан явагтун! Хүрээнд хоосон туг хиур хатгаж хүн морь бэлтгэн тавих хэрэггүй!” хэмээсэнд бэлтгэн тавив. Тэр цаг чив хэмээн ла сарын сүүл тул гэнэт их цас лавслав. Зянвэй цэрэг авч байлдахаар гарсанд Юэзи төмөр тэрэгт цэргийг аваад угтан иржээ. Зянвэй байлдсангүйгээр буруулсанд Цянгийн цэрэг нэхэж хүрээний өмнө хүрмэгц Зянвэй хүрээний хойдоор гарав. Цянгийн цэрэг хүрээний гадна гарч үзвээс хүрээний дотор ятга дэлдэх дуу сонсдож дөрвөн этгээд цөм хоосон туг хиур хатгажээ. Яаран хойш эгж Юэзид хэлбээс Юэзи сэжиглэж хөнгөн орохгүйд Ядань чансан өгүүлрүүн: “Энэ Кунмингийн зусар арга, хоосон туг хатгаж цэргийг сэжиглүүлэх нь болой. Байлдагтун!” хэмээсэнд Юэзи даруй цэрэг аван хүрээний өмнө одож үзвээс Кунмин ятга барьж тэргэнд суугаад арваад морьтонг авч хүрээний хойд зүг одов. Цянгийн цэрэг хүрээг булаан шууд уулын амыг өнгөртөл нэхвээс нэгэн бага тэрэг бараг бүрэг шугуйн дотор орсон мэт үзэгдмүй. Ядань Юэзигийн зүг өгүүлрүүн: “Энэ зэргийн цэрэгт хэдий бүгсэн цэрэг буй боловч юунд айх учир амуй?” хэмээгээд гагц цэрэг морийг хөөж урагш яван атал гэнэт уул юүрэн газар хагарах мэт дуу гараад Цянгийн цэрэг цөмөөр гуу дотор унав. Арын хойноос төмөр тэрэг гүйлгэн явж асан тул даруйд зогсоохуйяа бэрх. Хүрч ирээд харилцан гишгэлцэв. Хойд цэрэг яаран эгтэл зүүнээс Гуаньсин, баруунаас Жанбао дайран ирээд нумыг цугаар харвамуй. Бас арын хойноос Зянвэй, Мадай, Жан И гурван замын цэрэг байлдан ороход төмөр тэрэгт цэрэг ихэд самуурав. Юэзи хойш уулын завын зүг буруулан явтал төв хэмээн Гуаньсинд учирч, гагц нэгэн удаад Гуаньсин нэгэнтээ бархирмагц дам илдээр цавчиж мориноос унагав. Ядань чансанг Мадай хэдийн амьд бариад хүрээнд авчирсан тул Цянгийн цэрэг цөм дөрвөн зүг сарнин буруулжээ. Кунмин цацарт суусны хойно Мадай Яданийг авчирсанд Кунмин цэргийн хүнийг зандран хүлсэн дээсийг тайлаад архи, будаа өгч сайн үгээр тохруулан хэлсэнд Ядань эрдэмд гүн талархав. Кунмин өгүүлрүүн: “Манай эзэн их Хань улсын Хуанди тул эдүгээ зарлигаар хулгайг дайлахаар иржээ. Та юунд гэдрэг урвагсдыг тусалмуй? Би өнөө чамайг тавьж илгээсүгэй! “Чи танай эзэндээ хэлэгтүн. Бидний улс тан лугаа зэргэлдээ улс болохын тулд өнө удтал найрлан явсугай! Битгий урвасан хулгайн үгэнд орогтун!”” хэмээгээд даруй олзолсон цэрэг ба морь, зэр зэвсгийг цөм Яданьд буцаан өгч хамт улсад тавьж илгээсэнд олноор талархан мөргөж одов. Кунмин гурван аймаг цэргийг авч мөн шөндөө Ци Шань уулын их хүрээний зүг ирэхэд Гуаньсин, Жанбаог цэрэг авч урагш илгээгээд нэгэнтээгүүр илтгэл бичиж Хоужуд сэтгүүл112 довтолгов.
112 Элч
Тэндээс Цаожэнь өдөр бүр Цян аймгийн мэдээг хүлээн бүхийд гэнэт замд бүгсэн цэргийн хүн ирж хэлрүүн: “Шу улсын цэрэг хүрээг эвдлээд оджээ” хэмээмүй. Гуохуай ихэд баярлаж өгүүлрүүн: “Энэ Цян аймгийн цэрэг байлдсан учир эгсэн нь болой” хэмээгээд даруй цэргийг хоёр замаар салгаж нэхэхээр одвоос өмнөд Шу улсын цэрэг самууран одож, хойнод Вэй улсын цэрэг нэхэж ирмүй. Гавшгай Цаозүнь хараахан нэхэж явахад гэнэт хашхирах дуу ихэд гарч нэгэн багийн цэрэг илрэв. Үзвээс их жанжин Вэй Янь болой. Их дуугаар дуудруун “Урвасан хулгай битгий буруулагтун!” хэмээхэд Цаозүнь ихэд гэлмэж морь давхин байлдаад гурван удаа болсонгүй Вэй Яньд цавчигдаж мориноос унав. Хавсрагч Жузань цэрэг авч нэхэхээр одоход гэнэт нэгэн багийн цэрэг ирэв. Үзвээс тэргүүлэгч их жанжин нь Жао Юнь ажгуу. Жузань бэгтэрч бүхийд Жао Юнь жадалж мориноос унагав. Цаожэнь, Гуохуай хоёр замын гавшгай цөм автсаныг үзээд сая цэрэг хурааж эгсүгэй хэмээтэл арын хойноос хашхирах дуу гарч хэнгэрэг харанга хамт дуугаран Гуаньсин, Жанбаогийн хоёр замын цэрэг байлдахаар гараад Цаожэнь, Гуохуайг хааж нэгэн зэрэг хүчлэн байлдсанд Цаожэнь, Гуохуай дарагдсан цэргийг авч зам булааж одов. Шу улсын цэрэг бүрнээ дийлээд Вэйшүй голын дэргэд хүртэл нэхэж Вэй улсын хүрээг булаан авав. Цаожэнь хоёр гавшгайгаа автагдаад маш гасалж зогсохгүй, арга мохож айлтгал бичиг айлтган өмөглөх цэрэг гуйхаар илгээв.
Тэндээс Вэй улсын эзэн Цаорүй харшид гарсан хойно ойрх түшмэд айлтгаруун: “Их Дүдү Цаожэнь Шу улсад хэд хэдэн зэрэг дарагдаад хоёр гавшгай автав. Цян аймгийн цэрэг хичнээн хохироод байдал их шахам болсонд эдүгээ илтгэл айлтгаж туслах цэрэг гуйхаар илгээжээ” хэмээсэнд Цаорүй ихэд айж даруй бичиг цэргийн түшмэдээс дайсныг эвдлэх аргыг асуусанд Хуасинь өгүүлрүүн: “Хаан биеэр морилон гарч мужийн эздийг хориулбаас хүн сая захиа дагах тул Шу улсын цэргийг эгүүлж болмуй. Эсвээс Чань Анийг алдсанд Гуаньжунгийн газар аюултай болмуй”. Дайфу түшмэл Жун Яо айлтгаруун: “Аливаа жанжин бологсод мэдэх нь хүнээс хэтэрхий болбоос сая хүнийг захирч чадмуй. Сүньзыгийн өгүүлсэн нь: “Өөр бусдыг мэдвээс зуунтаа байлдваас зуунтаа дийлмүй” хэмээжээ. Сайд би бодоход Цаожэнь хэдий цэрэг хэрэглэж удсан боловч Жугө Лянд тэнцэх нь бус. Сайд би гэрийн бүхний их багаар данж болгон нэгэн хүнийг өргөн баталсанд Шу улсын цэргийг эгүүлж болмуй. Богдын санаанд зөвших үз зөвшихийг мэдэхгүй”. Цаорүй өгүүлрүүн: “Чи болбоос улсын тэргүүлэгч өтгөс сайд бөлгөө. Ямар мэргэн эрдэмтэн аж Шу улсын цэргийг эгүүлж чадмуй? Хурдан дуудан авч ирээд миний зовохыг байлгатугай!”. Жүн Яо айлтган өгүүлрүүн: “Хэдийнэ Жугө Лян цэрэглэн хязгаарыг халдсугай хэмээвч гагц энэ хүнээс эмээхдээ цуу үг задруулан хааныг сэжиглүүлж тушаалыг хассаны хойно сая цэрэг авч гүн орж ирэв. Эдүгээ хэрвээ дахиж хэрэглэвээс Жугө Лян өөрөө эгэх болой”. Цаорүй шүүрс алдаж өгүүлрүүн: Энэ хэрэгт би бас ч гэмшнэм бөлгөө. Эдүгээ Жүнда
Хаана буй? Жүн Яо өгүүлрүүн: “Ойрд сонсохул Жүнда нь Ваньчэн хотод сул сууж буй хэмээмүй” хэмээсэнд Цаорүй даруй зарлиг бичиг буулган элчид хэмжээт цацаг бариулан Сыма Игийн тушаал зэргийг дахин эгүүлэн Пинси (барууныг төвшитгөх) Дүдү нэмж өгөөд Нань Янгийн олон замын цэргийг авч урьд Чань Аньд ирэгтүн. “Хаан биеэр байлдахаар одох тул Сыма Иг хугацсан өдөр тэнд хүрч очтугай!” хэмээсэнд элч шөнө дөл Ваньчэн хотод одов.
Тэндээс Кунмин цэрэг гарснаас нэгэн дараагаар хэд хэдэн зэрэг их гавьяа олсонд дотроо ихэд баярлаж чив хэмээн Ци Шань уулын хүрээний дотор олныг хуруулан цаашдын үйлийг зөвлөн бүхийд гэнэт хүн ирж хэлрүүн: “Юн Ань гүнг сахисан Ли Янь нь хөвгүүн Лифөнг зарж золгохоор иржээ” Кунмин “Зүүн Ү улсын цэрэг халдахаар ирсэн буй за?” хэмээн маш сэжиглэн цацар гэрт оруулж асууваас Лифөн өгүүлрүүн: “Тусгайлан баярын мэдээ хүргэхээр ирэв”. Кунмин өгүүлрүүн: “Ямар баяр буй аж?” Лифөн өгүүлрүүн: “Эрт өдөр Мөнда Вэй улсад дагасан нь аргагүйн учир болой. Тэр цагт Цаопэй түүний чадлыг хайрлаж үргэлж сайн морь, алт, сувд хүртээн өгч бас хамт тэргэнд суун орж гармуй. Саньци Чанши түшмэл өргөмжлөн Синьчэнгийн тайшоу болгоод Шан Юн, Зиньчэн зэрэг газрыг сахиулан баруун өмнөх хүнд тушаалыг тушаасан бөлгөө. Цаопэй үхсэний хойно Цаорүй сууринд суугаад төрийн олон түшмэд цөм жигших тул Мөнда өдөр шөнийн хооронд амаргүй болоод үргэлж олон жанжин нарын зүг өгүүлэх нь: “Би угаас Шу улсын жанжин асан бөлгөө. Байдалд цухалдагдаж үүнд хүрчээ” хэмээн эдүгээ сэтгэл зүрхний мэт хүнийг зарж бичиг бариулан миний эцэгт золгохоор ирүүлэн: “Өглөө үдэш чансанд нэвтрүүлэн өгөх болов уу?” хэмээмүй. Урьд таван замын цэрэг Сычуаньд орох үесээс ийм сэтгэлийг барьж асан билээ. Эдүгээ Синьчэн хотод аж чансангийн Вэй улсыг байлдахаар ирсэн мэдээг сонсоод Синьчэн, Зиньчэн, Шан Юн зэргийн гурван газрын цэргийг байгуулан тэндээс үйл үүсгэж шууд Луо Ян хотыг авахаар одсугай! Чансан бас Чань Анийг байлдан авсанд хоёр нийслэлийн газар даруй тогтмуй. Тиймийн тул өнөө би зарсан хүнийг хэд хэдэн удаа хүргэж ирсэн бичигтэй хамт чансанд өргөхөөр ирэв” хэмээсэнд Кунмин ихэд баярлаж Лифөн нарт хүндэд шагнав.
Гэнэт бас тагнуулч ирж хэлрүүн: “Вэй улсын эзэн Цаорүй биеэр Чань Аньд ирээд нэгэнтээгүүр Сыма Игийн түшмэлийг эгүүлэн өгч барууныг төвшитгэх Дүдү болгосноор уул газрын цэргийг авч “Чань Аньд золгохоор ир!” хэмээн зарлиг бичиг буулгав” гэхэд Кунмин сонсоод ихэд цочив. Цаньзюнь Масу өгүүлрүүн: “Цаорүйгийн мэтийг юунд тооцмуй? Тэр Чань Аньд ирвээс тэндээс амьд барьсугай! Чансан юунд зовмуй?”. Кунмин өгүүлрүүн: “Би хэрхэн хэмээн Цаорүйгээс айх аж? Зовох нь Сыма Игийн нэгэн хүнд болой. Эдүгээ Мөнда их үйлийг үүсгэсүгэй хэмээсэн нь хэрвээ Сыма Итэй учирваас үйл эрхгүй эвдрэх болой. Мөнда Сыма Ид тэнцэх хүн бус тул лав баригдмуй. Мөнда үхвээс Жун Юаньгийн газрыг олоход хялбаргүй болой?” Масу өгүүлрүүн: “Юунд даруй бичиг хийж өгч Мөндагаар сэргийлүүлэхгүй аж!” Кунмин үг дагаж даруй бичиг бичээд ирсэн хүнд бариулан шөнө дөлөөр Мөндад илгээв.
Тэндээс Мөнда Синьчэн хотод сууж тухайлан зарсан хүнийг хүлээж бүхийд нэгэн өдөр зарсан хүн хүрч ирээд Кунмингийн хойш илгээсэн бичгийг өргөв. Мөнда үзвээс бичгийн үг нь: “Эдүгээ бичгийг олсонд гүнгийн хуучныг умартахгүй шударга журамт сэтгэл бүхийг мэдээд би маш баярлав. Хэрвээ энэ үйлийг бүтээвээс гүн нь Хань улсыг дундаас мандуулсан тэргүүн гавьяа болой. Тийн гэвч сайтар нарийвчилбаас зохимуй. Хөнгөнөөр хүнд дэмий битгий итгэмжил! Болгоомжлогтун! Цээрлэгтүн! Эдүгээ сонсвоос Вэй улсын эзэн Цаорүй Сыма Иг дахиж хэрэглээд Ваньчэн, Луо Янгийн цэргийг хөдөлгөжээ хэмээмүй. Хэрвээ гүнгийн их үйл үүсгэхийг сонссонд эрхгүй урьд одмуй. Түмэнд бүрэн болохоор сэргийлэх хэрэгтэй, битгий зэргийн хүн мэт үзэгтүн!” хэмээжээ. Мөнда бичгийг үзэж дуусаад инээж өгүүлрүүн: “Хүн цөм Кунминийг сэрэмжтэй хэмээнэм бөлгөө. Эдүгээ энэ үйлээр сая олж мэдэв” хэмээгээд бичиг хийж хүнээр Кунминд илгээв. Кунмин цацарт дуудаж оруулсны хойно тэр хүн бичгийг өргөв. Кунмин нээж үзвээс тэр бичгийн үг нь:
“Өнөө ихэд сургаж илгээснийг ямар аюулгүй баахан осолдмуй. Жич
Сыма Игийн хэрэгт эмээх явдалгүй болой. Ваньчэн,
Луо Янгаас найман зуун газар буй бөгөөд Синьчэнгээс нэгэн мянга хоёр зуун газар амуй. Хэрвээ Сыма И, Мөндагийн үйлийг сонсвоос эрхгүй Вэй улсын эзэнд бичиг айлтгах тул урагш хойш нэг сарын хэр болох бөлгөө. Мөнда миний хот балгас бэх хатуу бөгөөд олон жанжин жич цэрэг цөм бэрх цухал газарт сууж буй. Сыма И хэдийгээр ирэвч би юунд айх зүйл байх аж? Чансан сэтгэлээ сул тавьж гагц сэтгүүл довтолгохыг сонс!” хэмээжээ.
Кунмин үзэж дуусаад бичгийг газарт хаяад хөлөө дэвхцэж өгүүлрүүн: “Мөнда эрхгүй Сыма Игийн гарт үхэх болой”. Масү асуун өгүүлрүүн: “Чансан юун хэмээн хэлмүй?” Кунмин өгүүлрүүн: “Цэргийн бичигт өгүүлсэн нь “Санаандгүй гармуй!” хэмээжээ. Хэрхэж нэгэн сар болох ёс буй? Цаорүй нэгэнтээ Сыма Ид тушаан хэрэглэвээс хулгай учирсан даруйд арилгах нь гарцаагүй. Айлтгахыг хүлээх хэрэг амуй уу? Хэрвээ Мөндагийн урвахыг сонссонд арван өдөр болохгүй цэрэг хүрч ирмүй? Яахан завдах аж” Олон жанжин нар цөм “Мөн!” хэмээв. Кунмин яаран зарсан хүнээр хойш сануулж хэлрүүн: “Хэрвээ үйлийг үүсгээгүй болохул битгий хувийн ард нар паган сонсгогтун! сонсговоос эрхгүй хохирмуй!” хэмээсэнд тэр хүн салаад Синьчэн хотын зүг одов.
Тэндээс Сыма И , Ваньчэн хотод сууж агаад Вэй улсын цэрэг хэд хэдэн зэрэг Шу улсад дарагдсаныг сонсож тэнгэрийн зүг харж урт шүүрс алдав. Сыма Игийн ахмад хөвгүүн Сыма Ши өргөсөн нэр Зы Юань, дэд хөвгүүн Сыма Жао, өргөсөн нэр Зышан. Энэ хоёул угаас их санаа буй бөгөөд цөм цэргийн бичигт нэвтэрчээ. Тэр цагт зэрэгцэн зогсож эцгийн урт шүүрс алдахыг үзээд асууруун: “Эцэг ямар учирт шүүрс алдмуй?” Сыма И өгүүлрүүн: “Танай зэргийн хүүхэд яахан их хэргийг олж мэдмүй?”. Сыма Ши өгүүлрүүн: “Харин ч Вэй улсын эзэн хэрэглэхгүй хэмээн шүүрс алдах нь бус буюу?” Сыма Жао инээн өгүүлрүүн: “Өглөө үдэш эрхгүй эцгийг авахаар ирэх болой” хэмээн хэлж барахын урьд гэнэт “Хааны элч бичиг барьж иржээ” хэмээн хэлмүй. Сыма И угтаж оруулан зарлиг бичгийг сонсож дуусмагц даруй Ваньчэн хотын олон замын цэргийг хурааж мордсугай хэмээхэд гэнэт бас хүн ирж мэдүүлрүүн: “Зиньчэнгийн тайшоу Шэнь Игийн гэрийн хүн нарийн нягт хэрэг буй хэмээн золгосугай хэмээмүй” хэмээсэнд Сыма И даруй нууц гэрт дуудан оруулж асууваас тэр хүн Мөндагийн урвасугай хэмээсэн хэргийг нарийвчлан хэлээд нэн бас Мөндагийн сэтгэл зүрхний хүн Лифу жич Мөндагийн зээ хөвгүүн Дөнсянь нар биеэрээ гэрчилмүй хэмээсэнд Сыма И сонсож гараа магнайдаа тавьж өгүүлрүүн: “Энэ хааны тэнгэр мэт их буян болой. Жугө Лянгийн цэрэг Ци Шань ууланд байлдсанаар дотоод гадаадын хүн цөм цөс хэмхэрч тэнгэрийн хөвгүүн аргагүйдээ Чань Аньд иржээ. Хэрвээ намайг хэрэглэх нь баахан удсанд Мөнда үйл үүсгэмэгц хоёр нийслэл автмуй. Энэ хулгай эрхгүй Жугө Лян лугаа бодлого нийлсэн болой. Би урьд баримталсанд Жугө Лян эрхбиш дотроо жихүүн болоод өөрөө цэрэг эгэх бөлгөө”. Ахмад хөвгүүн Сыма Ши өгүүлрүүн: “Эцэг хурдан айлтгал бичиг барин хаанд айлтгаваас зохимуй?” хэмээвээс Сыма И өгүүлрүүн: “Хэрвээ хааны зарлигийг хүлээвээс урагш хойш нэгэн сар саатаж хэрэг завдахгүй болмуй” хэмээгээд даруй цааз зарлан: “Хүн морийг мордуулахад нэгэн өдөрт хоёр өдрийн замыг явагтун! Хэрвээ осолдсонд алмуй” хэмээв. Бас нэгэнтээгүүр Цаньзюнь түшмэл Лянжид бичиг бариулан шөнө дөл Синьчэн хотод илгээж Мөнда нарыг цэрэг засаж байлдахаар гарахаар бэлтгэ хэмээж түүнийг сэжиглүүлэхгүй болгосугай хэмээн Лянжиг урьд зараад Сыма И дагалдаагаар цэрэг мордож явсаар хоёр өдөр болсонд уулын хөтлийн доороос нэгэн багийн цэрэг гарав. Үзвээс баруун этгээдийн жанжин Сюйхуан болой. Сюйхуан даруй мориноос буугаад даруй Сыма Ид золгож өгүүлрүүн: “Хаан Шу улсын цэргийг эгүүлэхээр Чань Аньд оджээ. Эдүгээ Дүдү хааш одмуй?”. Сыма И сэмээр өгүүлрүүн: “Өнөө Мөнда урвасан тул би барихаар очмуй”. Сюйхуан өгүүлрүүн: “Би гавшгай болохыг хүсмүй” хэмээсэнд Сыма И ихэд баярлаж цэргийг нэгэн хамт нийлүүлээд Сюйхуанийг өмнө, Сыма И дунд, хоёр хөвгүүнийг хойно хайгуулуулж бас хоёр өдөр одвоос өмнө харуулын хүн Мөндагийн зарсан хүнийг бариад Кунмингийн илгээсэн бичгийг нэгжин олж Сыма Ид уулзуулахаар авчрав. Сыма И өгүүлрүүн: “Би чамайг алахгүй! Чи угаас нарийвчлан хэлэгтүн!” гэхэд тэр хүн аргагүй Кунмин, Мөндагийн урагш хойш зарсан хэргийг нэг нэгээр хэлсний хойно Сыма И, Кунмингийн бичгийг үзээд гэлмэж өгүүлрүүн: “Ертөнцийн мэргэдийн мэдэх нь нэгэн адил ажгуу. Миний аргыг урьд Кунмин мэджээ. Завшаанд тэнгэрийн хөвгүүнд буян байж энэ мэдээг олов. Мөнда одоо хамаагүй болов” хэмээгээд шөнө дөл цэргийг хөөж одов.
Тэндээс Мөнда Синьчэн хотод аж. Зиньчэн хотын тайшоу түшмэл Шөнь И, Шан Юнгийн тайшоу Шөньданийг өдөр болзож хэрэг үүсгэсүгэй!” хэмээвээс Шөньдань, Шөнь И хоёул зоримог хүлээн аваад өдөр бүр цэрэг морийг шалгаж Вэй улсын цэрэг хүрч ирэхийг хүлээн “Дотуураар тусалбаас болном” хэмээн санаж Мөндад хэлүүлсэн нь: “Цэргийн зэвсэг амуу цалин цөм бүрдээгүй тул өдөр болзож үүсгэн чадахгүйгээс аймуй” хэмээсэнд Мөнда итгээд сэжиглэсэнгүй. Гэнэт мэдүүлрүүн: “Цаньзюнь түшмэл Лянжи хүрч иржээ” хэмээсэнд Мөнда угтаж хотод оруулав. Лянжи, Сыма Игийн цаазыг зарлаж хэлрүүн: “Сыма И Дүдү хааны зарлигийг хүлээн олон замын цэргийг байгуулж Шу улсын цэргийг эгүүлэх тул тайшоуг харьяат цэрэг морио бэлтгэж улируулан хэрэглэхийг хүлээ хэмээв”. Мөндө асууруун: “Дүдү хэзээ мордон гарч ирэмүй?”. Лянжи өгүүлрүүн: “Эдүгээ сая Ваньчэнгээс Чань Аньд одсон буй”. Мөнда дотуур баярлан миний их үйл бүтэв хэмээн санаж Лянжиг хуримлан дуусаад хотоос гарч үзсэн хойно даруй Шөньдань, Шөнь Ид сонсгон маргааш өдөр үйл үүсгэмүй хэмээн цөм Хань улсын туг хиурыг халаад цэрэг авч “Луо Янд байлдахаар очсугай!” хэмээв. Гэнэт хүн ирж “Хотын гадна тоос тор огторгуй тулаад хаанаас ирсэн цэргийг мэдэхгүй” хэмээн хэлсний хойно Мөнда хэрмийн дээр гарч үзвээс нэгэн багийн цэрэг баруун этгээдийн жанжин Сюйхуангийн туг хиурыг өргөж нисэх мэт хэрмийн доор хүрч ирмүй. Мөнда ихэд гэлмэж яаран гүүрийг өлгөв. Сюйхуан морийг татаж зогсоон чадахгүй шууд голын хөвөөнд ирж өндөр дуугаар дуудан өгүүлрүүн: “Урвасан хулгай Мөнда хурдан дага!” хэмээхэд Мөнда ихэд хилэгнэж харвасанд төв хэмээн Сюйхуангийн магнай оногдсон тул Вэй улсын цэрэг туслан аваачив. Хэрмийн дээрээс дэмий л харвахад Вэй улсын цэрэг сая эгжээ. Мөнда хаалга нээж нэхсүгэй хэмээхэд дөрвөн зүгээс туг хиур нарыг халхалж Сыма Игийн их цэрэг хүрч ирэв. Мөнда тэнгэрийн зүг хандаж шүүрс алдаж өгүүлрүүн: “Үнэхээр Кунмингийн бодсоноос гарсангүй” хэмээгээд хаалгыг хааж батлан сахив.
Тэндээс Сюйхуан Мөндагийн зэвэнд оногдсоныг олон цэрэг туслан хүрээнд аваачаад зэвийг татаж аван эмч залж зассугай хэмээтэл тэр шөнө үхэв. Тавин есөн настай асан бөлгөө. Сыма И хүнээр ясыг хамгаалуулан Луо Янд хүргэж оршуулав. Жич өдөр Мөнда хэрмийн дээр зогсож үзвээс Вэй улсын цэрэг дөрвөн зүгээс хаасан нь төмөр цагаригийн адил бат тул Мөнда сууваас босвоос амаргүй бүхийд гэнэт хоёр замын цэрэг гаднаас алж ирмүй. Туганд Шөньдань, Шөнь И хэмээн их бичиг бичжээ. Мөнда туслах цэрэг ирэв хэмээн яаран өөрийн харьяат цэргийг аван хаалгыг нээж угтан гарсны хойно Шөньдань, Шөнь И өндөр дуугаар өгүүлрүүн: “Урвасан хулгай битгий яв! Эртхэн үхэхийг хүлээгтүн!” хэмээжээ. Мөнда хэрэг хувилсныг мэдээд морийг буцаан хотын зүг эгж ирвээс хэрмийн дээрээс дэмий л харвамуй. Лифу, Дөнсянь хоёул хэрмийн дээрээс ихэд хараан өгүүлрүүн: “Бид нэгэнтээ хотыг өргөсөн бөлгөө” хэмээжээ. Мөнда зам эрж буруулан одоход Шөньдань нэхэж ирэв. Мөндагийн хүн морь цөм ядаад гар хөл хөдлөн завсангүй Шөньданьд жадлагдан мориноос унасанд олон цэрэг тэргүүнийг огтлон авав. үлдсэн цэрэг цөм дагажээ. Лифу, Дөнсянь хотын хаалгыг нээж Сыма Иг угтаж хотод оруулаад иргэнийг тогтоосон хойно хүн зарж Цаорүйд айлтгав. Цаорүй ихэд баярлаж Мөндагийн тэргүүнийг Луо Ян хотод хүргүүлж олонд үзүүлэв. Шөньдань, Шөнь Ид түшмэл нэмж өгөөд “Сыма Игийн хамт байлдан яв!” хэмээгээд Лифу, Дөнсяньгаар Синьчэн, Шан Юнийг сахиулжээ.
Тэндээс Сыма И цэрэг авч Чань Ань хотын гадна хүрч ирээд хүрээ байгуулсан хойно өөрийн бие хотод орж Вэй улсын эзэнд золгосонд Цаорүй ихэд баярлаж өгүүлрүүн: “Би нэгэн цаг гэгээнгүй болоод эндэж завсардуулах аргад орсныг гэмшивч гүйцэхгүй. Эдүгээ урвасан Мөндаг чи арилгасангүй бөгөөс хоёр нийслэл цөм автах болой”. Сыма И өгүүлрүүн: “Сайд би Шөньданьгийн нууцаар урвасан учрыг хэлснийг сонсоод даруй хаанд айлтгасугай хэмээсэн боловч гагц урагш хойш явахад саатуузай хэмээн тийнхүү хааны зарлигийг хүлээсэнгүй шөнө дөлөөр одов. Хэрэв айлтган тогтоохыг хүлээвээс Жугө Лянгийн аргад унамуй” хэмээгээд Кунмин, Мөнда хоёулын харилцан илгээсэн бичгийг өргөв.
Цаорүй үзэж дуусаад ихэд баярлаж өгүүлрүүн: “Чиний сурсан мэдсэн нь Сүньзы, Үзигээс өнгөрчээ” хэмээгээд алтан сүх, төмөг нэгэн хос шагнан өгч “Үүнээс хойш нарийн нууц хүнд үйл тохиолдвоос айлтгах хэрэггүй зохисыг үзэж явуул!” хэмээж даруй Сыма Иг боомт гарч Шу улсын цэргийг эвдлэхээр очигтун!” хэмээхэд Сыма И айлтгаж өгүүлрүүн: “Сайд би нэгэн их жанжинг өргөж гавшгай болгосугай!” хэмээсэнд Цаорүй асууруун: “Сайд чи ямар хүнийг өргөмүй?”. Сыма И өгүүлрүүн: “Баруун этгээдийн жанжин Жанхөд энэ тушаалыг тушааж болмуй”. Цаорүй инээн өгүүлрүүн: “Би ямагт хэрэглэсүгэй хэмээн асан болой” хэмээгээд даруй Жанхөг өмнө ангийн гавшгай болгож Сыма Иг дагаж Чань Аньгаас гараад Шу улсын цэргийг эвдлэхээр очигтун!” хэмээв. Энэ чухамхүү:
“Нэгэнтээ бодлогот сайд ухаан хэрэглэж чадах атал
Басхүү баатар жанжнаар сүр хүчийг туслуулмуй”
Эгнэгт дийлэх дийлэгдэхийг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )