Европын Холбооны түүхэнд томоохонд тооцогдох авлигын дуулиан дэгдээд байна.
Авлига авсан байж болзошгүй гэх хэргээр Европын парламентын дэд дарга Ева Кайри өнгөрсөн ням гарагт баривчлагдсан. Грекийн Социалист нам түүнийг эгнээнээсээ хөөж, бүх активыг нь царцаав. Түүнээс гадна гурван хүнийг баривчлаад байгаа ба тэднийг Катараас авлига авсан хэрэгт буруутгаж байна.
Энэ сарын 11-нд Бельгийн прокурорын газар Брюсселийн шүүгч дөрвөн хүний эсрэг гэмт бүлэглэлд холбогдож, мөнгө угаасан, авлига авсан гэх хэрэг үүсгэн, шалгаж байна гэж мэдэгдсэн. Тухайлбал Европын парламентын гишүүн Пьер Антонио Панцери /Итали/, Италийн “Шударга ёсгүй энх тайван үгүй” төрийн бус байгууллагын тэргүүн Никколо Фига-Таламанка, Олон улсын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Лука Висентини болон Европын парламентын 14 дэд ерөнхийлөгчийн нэг Ева Кайли нар саатуулагдаад байна. Бельгийн прокурорын газар аль улсын эрх ашгийн төлөө тэд авлига авсныг нэрлээгүй ч Персийн булангийн нэг орон хэмээн тодруулжээ. Европын хэвлэлүүд энэ улсыг Катар хэмээн бичиж эхлэв. АНУ-ын “Politico” хэвлэлд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж буй орон хэмээн тодруулсан байна.
Харин Катарын эрх баригчид энэ асуудлыг мэдэхгүй хэмээн мэдэгджээ.
Үүнтэй холбогдуулан Бельгийн цагдаа энэ хэрэгтэй холбогдсон хүмүүст хамаарах 16 газарт нэгжлэг хийхэд Ева Кайлигийн гэрээс 600 мянган евро бэлнээр илрүүлжээ.
Мэдээллээс үзвэл, Кайли болон бусад гурван этгээд Катар дахь гаднын ажлын хүчний талаар эерэг мэдээлэл түгээсний төлөө авлига авсан хэмээн сэжиглэгдэж байна. Катар нь хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж, улс орноо сурталчлах зорилгоор асар их хэмжээний мөнгө төлсөн. ДАШТ-ий дэд бүтцийн бүтээн байгуулалтад л гэхэд 20 орчим тэрбум ам.доллар зарцуулсан. Гэвч цагаач ажилчдын асуудал дэлгэгдэж, олны анхаарлыг татав. Европын хэвлэлүүд цагаач ажилчид маш хүнд нөхцөлд амьдарч, жилийн турш, ялангуяа 40 хэмээс дээш халдаг зуны улиралд хүртэл ажилладаг болохыг олж мэдсэн. Их Британийн “Guardian”, “Amnesty International” байгууллага ДАШТ-ий бүтээн байгуулалтын барилгын ажлын явцад дор хаяж 6.5 мянган цагаач ажилчин, тэр дундаа Азийн ядуу орнуудаас ирсэн цагаач ажилчин олон тоогоор амиа алдсан болохыг мэдээлсэн.
Катарын эрх баригчид барилга дээр амиа алдсан ажилчид харьцангуй бага хэмээн хариу мэдэгдэж буй.
Лука Висентинигийн тэргүүлсэн үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо энэ тал дээр даруухан дуугарч, эсрэгээр Катарын эрх баригчид цагаачдын нөхцөл байдлыг сайжруулах үүднээс багагүй зүйл хийсэн хэмээн онцолж байжээ. Арваннэгдүгээр сарын 24-нд Европын парламент Катарт олон мянган ажилчин амиа алдсанд харамссан тогтоол батлах үер Ева Кайли Катарыг түүхэн өөрчлөлт хийж, цагаачдын эрхийг үл ойшоож байсан үеэс тэдний эрхийг хамгаалах хүртэл өөрчлөгдсөн хэмээн өмөөрч байжээ. Арванхоёрдугаар сард Кайли Катар, Кувейтийн иргэдэд ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөлөхийг уриалж байв.
“Politico” хэвлэлд бичсэнээр, учир зөвхөн цагаачдын эрх эсвэл Шенгений визийг цуцлахад ч бус. Тус улсын эрх баригчид ЕХ-той байгалийн хий нийлүүлэх яриа хэлэлцээ хийж байгаа.
Ямартаа ч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Кайли торны цаана ороод байна. Кайли болон хэрэгт холбогдсон этгээдүүд буруугаа хүлээсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Өнгөрсөн даваа гарагт Бельгийн цагдаа Брюссель дэх Европын парламентын ордонд нэгжлэг хийжээ. Энэ нь сүүлийн дөрвөн хоногт явуулж буй хорь дахь удаагийн нэгжлэг юм.
Сэтгэгдэл ( 0 )