[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Үзэсгэлэнт Сун Хе Гё-ийн төгс арьсны энгийн жор

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

Жүжигчин Сун Хе Гё саяхан өөрийн төгс арьсны нууцыг дэлгэжээ. Энэ жил 41 нас хүрсэн тэрээр анх дебют хийж байсан үе шигээ гэрэлтсэн залуу, толигор арьсныхаа нууцыг сүүтэй холбон тайлбарласан байна. 

Тэрээр бүлээсгэсэн сүү нүүрэндээ түрхэж хэрэглэдэг гэнэ. Ингэснээр арьсны үхэжсэн эд эсийг арилгаж, арьсны гүнд чийгшил өгч, цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг байна. 

Арьсны чийгшлээ хадгалахын тулд хүчтэй цэвэрлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн гэхээс илүүтэй чийгшүүлэх найрлага бүхий нүүр угаагч, бүлээн усаар угаах нь тохиромжтой. Үүнээс гадна сүүгээр нүүрээ угаах, сүүн маск тавих нь арьсыг чийгшүүлэхийн сацуу чийгийг хадгалах давхар нөлөө үзүүлдэг байна. 

Эрт дээр үеэс сүүг арьс арчилгаанд хэрэглэж эхэлсэн. Клеопатра хатан сүүнд усанд орж чийглэг, торгомсог байдлаа хадгалдаг байсан тухай түүх бий. Эртний Ромын эзэн хаан Нерогийн эхнэр Поппея хол замд гарахынхаа өмнө сүүнд угаал үйлдэж, арьс арчилгаандаа исгэсэн тараг хэрэглэдэг байжээ. 

Сүүнд агуулагдах AHA болон баялаг эрдэс бодис нь арьсыг чийгшүүлж, шим тэжээлээр хангаж, эрүүл байлгахад тусалдаг байна. Нүүрээ угаасны дараа сүүгээр зайлах, эсвэл нүүрэндээ түрхэж 20 минут болгоод угаах, өөр орцуудтай холин маск болгон хэрэглэх зэрэг хялбар бөгөөд түгээмэл арга арьсыг тань богино хугацаанд эрүүл бөгөөд толигор болгох шидтэй. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top