BLACKPINK хамтлаг дахин 6 төрөлд Гиннесийн амжилт тогтоолоо

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 27

Охидын "BLACKPINK" хамтлаг дахин зургаан төрөлд Гиннесийн амжилт тогтоосон тухай өнөөдөр (2023.01.27) "YG" энтертайнментаас мэдээллээ. 

Тус хамтлаг өнгөрсөн есдүгээр сард гаргасан "Born Pink" нэртэй хоёр дахь бүрэн хэмжээний цомгоо гаргаж АНУ болон Их Британий цомгийн жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн анхны к-поп охидын хамтлаг болсон. 

Мөн өнгөрсөн наймдугаар сард MTV 2022 наадмын шилдэг метаверс гүйцэтгэлийн шагнал хүртсэн. Хамтлагийн гишүүн Лиса Гиннесийн гурван дээд амжилт эзэмшиж буй соло артист болсон. Сүүлд нэмэгдсэн гурван дээд амжилтыг оролцуулаад хамтлаг нийтдээ 19 төрөлд дээд амжилт тогтоогоод байна. 

Гиннесийн цахим хуудаснаа "2023 оны хугацаанд BLACKPINK хамтлаг болон хамтлагийн гишүүд ямар дээд амжилт тогтоохыг тэсэн ядан хүлээж байна" хэмээн бичжээ. 

Өнгөрсөн аравдугаар сард эхэлсэн аялан тоглолт Азийн улсуудад үргэлжилж байна. Энэ дөрөвдүгээр сард АНУ-д зохион байгуулагдах Coachella наадам болон долоодугаар сард Лондонд зохион байгуулагдах "Hyde Park" фестивалийн тэргүүлэх уран бүтээлчдээр оролцох тэд өнөө цагийн хамгийн эрэлттэй, хамгийн үнэтэй, хамгийн олон шүтэн бишрэгчтэй уран бүтээлчид болоод байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top