Нулимс дуслуулсан драмын нэр биш болохыг уншигч та өмнөх нийтлэлээс мэдсэн байх. Тун удахгүй хаврын тэргүүн сар гарч “Үзэсгэлэнт болгогч” гэх сайхан тодотголтой туулай жилтэй золгоно. Тодотгол нь сайхан ч Монгол Улс эдийн засгийн агуулгаараа “үзэсгэлэнтэй” сайхан болчихгүй нь.
Дэлхийн томоохон байгууллагууд 2023 онд ядуу буурай, дундаж орлоготой улс орнууд хямралд өртөж, бодлогоос хамаарсан эдийн засгийн хямралтай нүүр тулна гэдгийг анхааруулсан. Томоохон санхүүгийн байгууллагууд Монголын эдийн засгийн өсөлтийг 5-6 хувь байна гэж тооцсон ч хоёр хөршөөсөө хэтэрхий хараат Монгол Улс тэсэж үлдэх үү, үгүй юу гэдэг сонголтын өмнө тулж ирлээ. Энэ онд төлөх ёстой байсан “Гэрэгэ” бондын өрийг дарчихна гэж Сангийн сайд нь даналзаж байгаа ч үүнийгээ бид “Сенчури 2” гэдэг сайхан бондоор дарна. Нэг ёсондоо өрийг өрөөр дарна. Яг 12 жилийн өмнө буюу нэг үе солигдохоос өмнө “Minegolia” гэж гаднынханд өхөөрдүүлж байснаасаа тооцвол манай улс Катараас хол тасархай замнах байлаа. Манай эдийн засаг ирэх хавар ямархан өнгөтэй байхыг хамтдаа тольдоё.
ЗЭЛТЭРИЙН ГАЦААНД
Улаан тугаа мандуулж, ардын засаг /нам/-аа байгуулсан гэж гардаг “Өглөө” кинон дээр жанжин Д.Сүхбаатар ийм үг хэлдэг. Цагаан цэргүүдийг гарцаагүйд шахаж бут цохиж байгаа тухай өгүүлдэг шиг нөхцөлтэй Монголын эдийн засаг тулж ирлээ. Гэхдээ энэ удаад шахаж байгаа нь манай хоёр хөрш. Хойд хөршөөсөө импортын, урд хөршөөсөө экспортын хараат манай улс цар тахал, дайн гэсэн хоёр том шалтгаанаар “Зэлтэрийн гацаа”-нд орчихсон. Экспортын гацаа нь цар тахалтай зэрэгцэн манай эдийн засагтай нүүр тулав. БНХАУ-д анхлан дэгдсэн ковид-19 цар тахал дэлхий даяар тархахтай зэрэгцээд урд хөрш маань хилээ хааж, тусгаарлах бодлого баримталсан нь бидэнд ийнхүү хүндээр нөлөөлсөн хэрэг. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, тэр дундаа нүүрсний экспортын хувьд бараг 80-аас илүү хувь хараат манайх шиг улсад энэ бол маш том асуудал байсан. Хилийн шалган нэвтрүүлэлт Хятадын тал ковидыг тогтоон барих бодлогын улмаас саарсан ч 2021 оны эхэнд хоёр талын хэлэлцээний хүрээнд тодорхой тоогоор нэвтрүүлсэн нь ч эдийн засгийн өсөлтөд тодорхой нөлөөлсөн юм. Мэдээж хэрэг судас нь бөглөрчихөж байгаа учраас боомтын гацааг тайлахын тулд “Шинэ сэргэлтийн бодлого”-доо тусгаж, дарга цэрэг нар нь нөхцөлтэй танилцаад ажлаа хурдасгахыг санал болгосон. Одоо ч байдал дээрдчихээгүй байна. Дамын наймааны шинжтэй байсан манай худалдаан дээр “нүүрсний хулгай” нүүрлэчихсэн гэж байгаа.
Нөгөө талд Украины дайны нөхцөл байдал манайд хүндээр туслаа. ОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Украины газар нутагт цэргээ оруулсан нь эрчим хүч болон газрын тосны бүтээгдэхүүний үнийг өсгөж орхив. Цаашид энэ дайн удаан үргэлжлэх төлөвтэй байна. Шатахууны үнийг төрөөс тогтоон барина гэж амалсан ч Орос-Украины шинэ нөхцөл байдал тушаа болов. Одоо үнэ чөлөөлөнгүүт огцом нэмэгдэх хүлээлттэй байна. Хүлээлт ч юу байхав угаасаа эдийн засгийн тогтолцоо нь ийм юм. Хамгийн их импортолдог бүтээгдэхүүн дээр тооцвол ийм байна. Цаашлаад хилийн боомтын гацаа, гадаад валютийн эрэлтийг эрчимжүүлснээр банкнууд валютын гүйлгээний дүнг хязгаарлахад хүргэж, дотоодын болон гадаадын төлбөр тооцоонд сөргөөр нөлөөлж эхлэв. Оросын дайн үргэлжилсэн он жилүүдэд бид ямар бодлого баримтлах вэ гэдэг нь хамгийн чухал болоод байна.
ЕРӨНХИЙ САЙДЫН ӨЧИЛ
Өнгөрсөн сарын сүүлээр ОХУ-ын төрийн мэдлийн ТАСС агентлагт “Монголын Ерөнхий сайд барууны улс орнууд ОХУ-д тавьсан хязгаарлалтыг шүүмжиллээ” гэх гарчигтай мэдээ нийтлэгдэв. Оросууд үүнийг мэдээлэхдээ “Financial Times” сониноос дам эшилж нийтэлсэн юм. Барууны улс орнууд дайн өдүүлсэн гэж ОХУ-д хориг тавих нь мөнхийн хөрш гэгдэх манайд давхар цохилт болсон гэдгийг өгүүлсэн байв. Тэрбээр хэлэхдээ “Оросын нутаг дээгүүр нисэх онгоц явж чадахгүй байгаа тул бидэнд навигацийн орлого дутагдаж байна. Хоёрдугаарт, бид шатахуунаа Оросоос импортолж байгаа тул Оросын компаниуд болон банкнууд хориг арга хэмжээнд өртсөн нь асуудал дагуулж байна” гэжээ. Түүний агуулгыг харвал ОХУ-ын агаарын орон зай, нислэгийн компаниудад хориг тавьсан нь ОХУ-ын агаарын хилээр дамжин өнгөрдөг манайх шиг улсад хүндээр тусжээ. Гаднын авиа компаниуд өөр зам сонгохоос өөр аргагүй болсныг тэр шуудхан хэлсэн юм. Түүнчлэн ОХУ-аас импортолж буй шатахууны төлбөр, ОХУ-аас авдаг зарим бүтээгдэхүүн тасарсан тухай тэрбээр ний нуугүй ярьжээ. ОХУ-ын “ТАСС” агентлаг мэдээлэхдээ гомдоллосон гэх агуулгаар хүргэсэн байсныг энд дурдъя. Өнгөрсөн онд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ОХУ-д айлчилж, хоёр хөршийн томоохон албан тушаалтнууд Монгол Улсад айлчилж, гадаад харилцааны хувьд түүхэн гэж тодотгож байсан нь цаанаа ийм учиртай. “Слава Украин”, “Дарангуйлагч Оросыг дэмжлээ” гэж романтиклах, хятадууд өнөө маргаашгүй эзэллээ, “шууд тусгаарла”, “хилээ хаа” гэж националдах хэрэггүй гэдгийг өрнөж буй үйл явдлууд харуулах байх.
БОНД Л АВАРНА!
Монголыг Чингис биш, түүх биш, Бонд л аварна. Таарсан болгоноо буудаж унагаад, дайснаа дараад дархан цолоо мандуулдаг Йан Флемингийн “Бонд”-оос бидний өгүүлэх “Бонд” арай өөр. Даруухнаар хэлбэл “өрийн бичиг”, хатуугаар хэлбэл “өрийг өрөөр” дарах л арга юм даа. Өмнөх засгийн үед “Чингис”, “Самурай”, “Гэрэгэ”, “Мазаалай” гэх сайхан нэртэй бонд авсан. Үүнийх нь заримаар өрөө дарж, заримыг нь Хөгжлийн гэх тодотголтой банкаар хэдэн тийшээ тараасныг уншигч та санаж байгаа байх. Монгол Улс түүхэндээ есөн удаа бонд гаргаж байж. Үүнийх нь гурвыг буюу 2012 оны арванхоёрдугаар сард авсан 500 сая ам.долларын “Чингис”, 2015 оны зургаадугаар сард авсан “Дим Сам”, 2016 оны дөрөвдүгээр сард гаргасан 500 саяын “Мазаалай” бондыг төлсөн. Одоо зургаан бонд үлдэж байна.
Үүний хоёрыг нь 2021 онд “Сенчюри” нэрээр гаргасан билээ. Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудын оношилсноор манай өр сүүлийн хоёр жилд огцом нэмэгджээ. Заавал гаднынхан оношлох юу байхав угаасаа манайд тодорхой ажиглагдаж байсан зүйл. Засгийн газрын өр 2016-19 оны хооронд ДНБ-ий 20 нэгж хувиар буурч байсан бол 2020 онд 10 нэгж хувиар нэмэгдэж ДНБ-ий 79.5 хувьд хүрчээ. Хамгийн сүүлийн мэдээллээр 2022 оны байдлаар Засгийн газрын өрийн үлдэгдэл 8.1 тэрбум ам.доллартой тэнцэж байна. Үүний 5.6 тэрбум нь 1991 оноос хойш донор орнууд, олон улсын санхүүгийн байгууллагуудаас авч ашигласан өрийн үлдэгдэл эзэлж байна. Эдгээр зээлийг бид 2060 он хүртэл эргэн төлөх хуваарьтай. Бүтэн 37 жил шүү.
АВРАЛ ЭРСЭН ТҮМЭН
Хоёр талаас зэлтэрийн гацаанд байсан учраас бодит орлого буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ бол сүүлийн хоёр жилийн баримт. Өрхийн хэрэглээ 2008-2009 оны эдийн засгийн хямралаас хойш анх удаа агшиж 6-7 хувиар буурснаар хувийн хэрэглээ гэж бараг байхгүйтэй ижил болсон юм. Халамж дээр дулдуйдсан төсвийн зарлага нэмэгдэх нь тодорхой. Гэхдээ хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүнүгй болов. Нийгмийн халамжийн хэр хэмжээгээр өрхийн орлого нэмэгдсэн ч, цалин хөлсний орлого буурсан дүнтэй байна. Нэмэр дээр нэрмээс гэгчээр инфляц өсчихсөн. Бүтээлч үйлдвэрлэл битгий хэл наад захын хэрэгцээгээ хангаж чаддаггүй манайх шиг улс битгий хэл, АНУ, Британи мэтийн аваргууд инфляцын хөлд дарлуулж байна. Өнгөрсөн жил Монгол Улсын инфляц 13.2 хувьтай гарсан. Цаашлаад инфляц өсөх хандлагатай байгааг эдийн засагчид анхааруулсаар байна. Мэдээж хэрэг мөнгөний нийлүүлэлтийг хэвийн хэмжээнд хүргэх, инфляцыг цаашид тогтоох барих үүднээс Төв банк мөнгөний чангаруулах бодлого баримтлах нь гарцаагүй байсан. Тиймээс Монгол Улс 2022 онд л гэхэд зургаан удаа нэмжээ 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр 6.0 хувьтай байсан бодлогын хүү оны сүүлээр 13 хувьтай гарав.
Энэ мэтчилэн базаахгүй зүйл бишгүй байна. Төсөв мөнгөний бодлогоо өөрчлөхгүйгээр хол явахгүй гэдгийг донор орны томоохон байгууллагууд анхааруулсаар байхад манай улс төсвөө тэлсээр байна. Цаашдаа ч тэлэх шинжтэй. Сонгууль бүрийн өмнө мөнгө амалдаг төртэй улсын ард түмэн дахиад бэлэн мөнгө тараахыг шаардсаар л.
Шинэ сэргэлтийн бодлогоор сайхан зүйл амлаад, 2050 он хүртэл хөгжлөө зурагласан ч эдийн засаг цаашдаа хэрхэх талаар тодорхой хариулчих дарга ангийнхан алга. Хамгийн сүүлд Олон улсын валютын сан “хямрал хаяанд ирлээ, бодлогоо өөрчил” гэж сануулсан гэж байгаа...
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )