Дагваа аварга цэрвэж, Түвшээ аварга өвдөг шороодсон Монгол наадмын босго дэндүү өндөр ажээ ...

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 16

       Энэ жилийн наадамд залуу бөхчүүд маань одтой сайхан барилдлаа. Их аваргууд өвдөг шороодохыг харах уйтай ч, тэднийг хаяж буй начин заануудын эр бярд монголчууд үнэхээр биширч байв. Наадмын өмнөхөн Японы сумогийн их аварга асашёорюү Д.Дагвадоржийг зодоглох нь гэсэн яриа олныг шуугиулж байлаа. 1996 онд улсын наадмын хүүхдийн барилдаанд түрүүлснээс нь хойш үндэсний бөх барилдаж байхыг нь хараагүй тул энэ дуулиан хүн бүхний сэтгэлийг гижигдсэн биз. Гэвч Дагваа аварга барилдсангүй. Харин Бээжингийн олимпын аварга Н.Түвшинбаяр зодоглосон. Түүний ийм алхам хийхэд дасгалжуулагч багш нар нь дургүй байсан гэнэ лээ. “Лондонгийн олимп хаяанд тулж ирээд байхад бэртэл авчихвал яана” хэмээн болгоомжилсон болов уу. Ялануяа хөдөлмөрийн баатар болсон Ч.Насантогтох багш нь бүр ч дурамжхан байжээ. Гэлээ гээд яахав, уг хүн нь дурлаад байснаас хойш. Ингээд барилдсан боловч харамсалтай нь дөрвийн даваанд унасан. Түүнийг начин цолонд хүрнэ гэсэн найдлага тавих хүн олон байлаа. Жудогоор олимпын аварга болох, сумогоор их аваргын зиндаанд хүрэх аль аль нь хүндхэн даваа. Гэхдээ Монгол үндэсний бөхөөр том цолтон болохын тулд тэдгээрээс илүү өндөр босго давах ажээ. Тиймээс ч Дагваа аварга Монгол бөхөөсөө эмээсэн биз. Монгол үндэсний бөхийн барилдааны дэг журам хатуу шүү дээ. Биеийн жин харгалзахгүй. Ямар ч том биетэй, хүч чадалтай байгаад барилдааны ур ухаан дутуу бол ногоон зүлгэн дээр тэрийж унахаас аргагүй. Өсөхбаяр аварга хөдөлгөөн удаантай тул саяны барилдаанд өөрөөсөө хамаагүй намхан, чөргөр эрд хөлөө шүүрүүлээд унав. Энэ нь бас Монгол бөхөд аварга аваргаараа байдаггүй хатуу “хууль”-тайг сануулж буй хэрэг.

       Дөрвөн их ой давхацсан энэ жилийн наадамд өөр нэг үгүйлэгдсэн зүйл гэвэл хилийн чанадад байгаа Монгол туургатны бөхчүүдээсээ урьж барилдуулсангүй. Өвөрмонгол, Буриад, Халимаг зэрэг бөхчүүд ирж манай үндэсний бөхөөр барилдсан бол мөн ч гоё байх байсан даа. Манайхан даанч дэндүү үзэл сурталжсан хэвээрээ тул тэднийг ад үзээд байдаг юм шиг. Тусгаар Монгол улсын үндэсний их баяр наадамд гадаадын бөх барилдаж болохгүй гэнэ. Харин ч монгол угсаатнууд хааяа нэг дор цулгаад бөх байтугай морио уралдуулж, нум сумаа харваж нааддаг болчихвол төрийн гадаад бодлогод харшлахгүй л юмсан. Адаглаад Монголын нэр хүнд өснө. Цаашлаад Монгол түүх соёлыг дэлхийд дархлана даа.

         Х.Тулга. Zindaa.mn

         Үндэсний чөлөөт мэдээллийн портал   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top