Эрүүл хүнс хэрэглэж эрүүл сэтгэж амьдарцгаая

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 16

          “Идэхийн тулд амьдрахуу, амьдрахын тулд идэх үү” үүний хариу хэн бүхэнд ойлгомжтой санагдах байх л даа. Өнөө цагт хоол хүнсээ эрүүл эсэхийг чухалчлан хянахаас аргагүйд хүрээд байна. Үүнийг нотлох шиг ар араасаа аюул дагуулан нүүрлэх төрөл бүрийн, өнгө өнгийн амттан, хүнсний бүтээгдэхүүн янз бүрийн аргаар, болсон болоогүй тээвэрлэлтээр хяналтаас гадуур, тэр бүр хянагдах боломжгүйгээр орж ирж Монголын зах зээлийг эзэгнэн түрэмгийлж, их бага хэмжээгээр балаг тарьсаар байна. Үүний тод жишээ саяхан баяр наадмын өмнө Булган аймгийн төвийн захаас 50 аад насны эмэгтэй тоор жимс авч идээд хордож, ердөө хагас цагийн дараа амь насаа алдсан эмгэнэлт явдал болжээ. Энэ золгүй хэргийг орон нутгийн шүүх цагдаагийн байгууллага шалгаж байгаа тухай нутгийн иргэд түгшин ярьцгааж байна.

          Мөнгө муутай, ядарч доройтсон монгол хүний хувьд бага идэгдэх мөртлөө сайн цатгадаг тийм хүнсийг л аль болох их зооглохыг хичээж байна. Өөрөөр хэлбэл хямд үнэтэй, илчлэг ихтэй, гэхдээ эрүүл мэндэд хамгийн ашиггүй хүнсний төрлүүд тэргүүн эгнээнд явдаг гэсэн үг л дээ. Хуушуур, талх, төмс, гоймон гэх мэт. Гэхдээ бүхнийг мөнгөтэй холбож бодох нь бас л буруу байж мэдэх юм. Учир нь яг ийм хоол хүнсийг монгол хүний бие махбодь өөрөө нэхдэг ажээ. Яагаад гэвэл Монгол орон эрс тэс, хүйтэн уур амьсгалтай болохоор бие махбодь аль болох их өөх тос хуримтлуулахын төлөө тэмүүлж байдаг. Өөх тосны нөөц ихтэй бол тэр хүн, тэр мах бодь даарах нь бага. Тиймээс ч монгол хүн жимс ногооноос илүү гурил, өөхтэй маханд дуртай нь ойлгомжтой. Сүү гэхэд л өрмийг нь аваагүй байвал илүүд тооцно. Хүний эрүүл энхийн талаас нь авч үзвэл ийм хооллолт тун буруу, Ер нь хамгийн муу хоолонд хиамыг тооцдог байтал монголчууд нэн дуртай.  

          “Сайн явах санааных” гэдэгчлэн аз жаргалтай амьдрал, сайн сайхан бүхэн өөрөөс тань шалгаалдгийн нууцад эрүүл аюулгүй хүнс, зөв хооллолт нэн түрүүн тавигддаг. Угтаа хоол ундаар бие махбодоо эмчлэх аргууд түгээмэл байдаг ч тэр бүр бид ажил хэрэг болгодог билүү. Зөв зохистой хооллосноор амин дэмийн дутагдал болон ихэд дэлгэрсэн элдэв олон өвчнөөс сэргийлж болно. Хүнсний бүтэц ямар байх ёстойг судалж, хоол хүнсэн дэхь бие махбодын хэрэгцээт зүйлсийг мэдэж зөв хооллосноор жингээ сайн барихаас гадна махан хоолны ач тус болон хүнсний ногоогоор биеэ эмчлэх зэрэгт ач холбогдол өгөх нь дажиггүй. Эмийн бус аргаар зөв хооллосноор архаг өвчнөөс салах, эрүүл аз жаргалтай урт наслах боломжтой. Цаашлаад бие бялдар эрүүл хүүхэд өсгөхийн тулд эртнээс эхлэх хэрэгтэй гэдгийг өнөөгийн нөхцөл байдал бидэнд сануулсаар...

          “Чи юу иддэгээ надад хэл, би чиний хэн болохыг хэлье” хэмээн тавласан ч юм шиг шидийн үг хэн бүхэнд нэгийг шивнэнэ. Мөн “Сайхан хүүхэнд үл зохилдох идээ ундаа гэдэг сайтар найруулсан хор л гэсэн үг” хэмээсэн байдаг. Бидний нийтлэг нэг алдаа нь чанартай тэжээллэг идээ ундаа тэр бүр сонгож чаддаггүйд оршино. Энэхүү хэнд ч мэдээжийн улиг болсон мэт боловч үл ойшоомжгүй, хойшлуулашгүй нийгмийн нэгэн эмзэг асуудалд төр захиргааны зүгээс анхаарлаа хандуулан шат дараалан зохион байгуулалттай арга хэмжээг авах нь зайлшгүй.

Д.Сэндэр

          Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top