Ховд аймгийн Прокурорын газарт Хяналтын прокуророор ажиллаж байгаад энэ байдлыг эсэргүүцэж, улмаар шударга байсныхаа төлөө хилс хэрэгт гүтгэгдэж, хууль бусаар ажлаасаа халагдсан Б.Оюунцэцэгтэй ярилцсанаа хүргэж байна
Үргэлжлэл. Түрүүчийг ЭНД дарж уншина уу!
-Гэмт хэрэгтнийг хэн гаргасан байх вэ?
-Мэдээж, тийм эрх бүхий хүн бол Бат-Очир дарга, тэр л гаргасан. Тэр өргөдлийг ч Онгонбүргэд бичээгүй, энэ бүхнийг Бат-Очир хийсэн, түүндээ гэмт хэрэгтнийг татан оролцуулсан. Ингээд Онгонбүргэд нь оргосон, Амгаланбаяр нь Улаанбаатар руу явчихсан байдалтай, бүх прокурорын сэйф, шүүгээнд үзлэг хийнэ гэлээ. УЕПГ-т ажилладаг Ичинхорлоо гэж эмэгтэй шалгалтын комисст ирсэн байсан. Тэр хэдэн ширээ, шүүгээ татаж үзчихээд “Энд чинь зөндөө их юм байна шүү дээ. Бид хаана гэж хайх вэ. Одоо тэр хэрэг юу гэж энд байх юм бэ” гээд үзлэгээ дуусгалгүй гараад явцгаасан.
Надад цагдаагийн газар эрүү үүсгүүлж шалгуулахаар болсон. Би тэгье, шалгуулаад үнэн мөнөө тогтоолгоё гэсэн. Тухайн үед хавтаст хэргийг нарийн бичгийн дарга Цэцэгмаад шилжүүлж өгөхөд хамт байсан Ширнэн, Цээпил хоёрт хандаж, “Та хоёр намайг хэрэг хүлээлгэж өгөхөд хараад хамт зогсож байсан шүү дээ” гэхэд Цээпил нь “Би таныг анзаараагүй” гэсэн. Хамт дагуулж тийшээ орсон Ширнэн бол маш сайн мэдэж байх учиртай, бүр хавтаст хэрэг дээрх Суманхөхийн Хорлоо нэрийг хараад Суманхөх байхдаа яахав дээ, яасан сонин нэртэй хүн бэ” гэж та хэлж байсан шүү дээ гэхэд “Эгч нь шийдэж мэдэхгүй байна” гээд бултаад өнгөрсөн. Сүүлд 2019 онд буюу бараг 20-оод жилийн дараа Ширнэнгээс шүүхэд гэрчийн тайлбар гаргаад надад нэг хувийг нь шуудангаар илгээсэн байсан. Түүн дээрээ өөрөө бүгдийг тодорхой бичсэн байна лээ.
-Юу гэж бичсэн байх юм бэ?
-Ширнэн тайлбартаа “Миний хүүхэд прокурорт ажилладаг байсан. Хүүгээ, бас өөрийгөө бодсон. Тэгээд ч Оюунцэцэгт буруу байхгүй болохоор шүүх шударгаар шийдчих байх гэж найдсан” гэж бичсэн байна лээ. Тэгээд шүүхийн өмнө гэрчийн хариуцлага хүлээнэ гэсэн байсан. Тэнд хамт байсан Цээпил бол Ширнэнгийн бэр нь юм. Тэр хүнээс утасны дугаарыг нь олж аваад нэг ярьсан. “Та үнэнийг мэдсээр байж тухайн үед нь нотлоод хэлээд өгөхгүй яав даа” гэхэд “Би тэр үедээ хэлж болохгүй учир шалтгаантай байсан. Сүүлд нь бодоод байсан чинь тусгүй юм болжээ. Одоо бол миний хүү ч прокуророос гарлаа, би ч тэтгэвэртээ гарсан болохоор болсон явдлыг мэдүүллээ” гэхэд нь их гомдсон. Өөрийгөө болоод хүүхдээ бодоод үнэнийг хэлэхгүй залгиж өчнөөн явчихаад бүх юм өнгөрсөн хойно дуугарч байгаа юм. Нас нь явж өтлөөд ирэхээр нүгэл үйлдэж, муухай зүйл хийж дээ гэж өөрийгөө эрэгцүүлж бодсоны үндсэнд тэр тайлбарыг гаргасан шиг байгаа юм, янз нь.
-Тэгэхээр хэргийн шинэ нөхцөл байдал үүссэн гээд шүүх дахин авч хэлэлцдэг биз дээ. Эсвэл хугацаа хэтэрсэн гэж үздэг үү?
-Нотлох баримтыг аваад би Дээд шүүхэд хандсан. Гэтэл шүүх хуралд миний өмгөөлөгчийг оруулаагүй. Цахимаар шилний цаана хийж буй хурал дээр хэн юу ярьж байгаа нь надад огт сонсогдоогүй. Хариуцагч талын төлөөлөгч Бадамцэцэг гэж эмэгтэй орсон, тэр хүн бодвол прокурор байх. Ширнэнийн гаргасан тайлбарт нотариатын тамга алга гэсэн юм яриад мэтгэлцэж байсан. Шүүгч “Тамга байна, нотариат баталсан” гэж хэлж байгаа дуулдсан. Бодвол шүүгч нар нь “Чи дуугүй зогсож байхаар тамга алга гэсэн шүү юм яриад мэтгэлцээд зогсож бай. Өөр чамд хэлэх үг алга. Бид танай талд шийдээд өгнө” гэсэн шиг байгаа юм. Түүнээс биш УЕПГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж байгаа хүн цагаан дээр дарсан улаан тамгыг харалгүй орно гэж байхгүй.
Тэр бол үлгэр, жүжиг л байхгүй юу. Эцэст нь шүүхийн шийдвэр гарахдаа “Нотлох баримт шаардлага хангахгүй байна” гээд УЕПГ-ын талд шийдвэрлэсэн. Дараа нь би Захиргааны хэргийн шүүхэд хандахад миний хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан. Давж заалдах шатны шүүхэд давахад Тунгалагсайхан, Хонинхүү, Долгорсүрэн гэсэн гурван шүүгч “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль бус байна” гэж хүчингүй болгоод миний талд шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг дараагийнх нь шатанд дахиад үгүйсгэсэн. Би дахиад давж заалдсан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Сарангэрэл, Номулан, Мөнхжаргал нар “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, миний хүсэлтийг хүчингүй болгосноор хэрэг мухардалд орсон.
-Алга болсон гэх хэрэг сүүлд Цагдаагийн архиваас гарч ирсэн юм байна лээ шүү дээ. Бас хавтаст хэргийг зассан байсан гэсэн байх аа?
-Булганы цагдаагийн ажилтны сейфэнд байсан гэх мэдээллийг би дөнгөж 2021 онд л олж мэдсэн.
-Алга болсон гээд танд хилс хэрэг тохож, насаар чинь чинь шийтгэсэн тэр хавтаст хэрэг 20 гаруй жилийн дараа Цагдаагийн архиваас олдож, энэ тэгээд хэний хийсэн “бохир ажиллагаа” байж таарах вэ?
-Ажлаас халагдсаныхаа дараачаас шүүх, цагдаа гэж хөөцөлдсөөр 20 гаруй жилийн нүүрийг үзлээ. Ингэж явахдаа 2021 онд “Алга болсон” гэж таныг гүтгэж ажлаас чинь халуулсан хавтаст хэрэг Цагдаагийн ажилтны сейфэнд байсан гэсэн шүү дээ. Та ер нь цагдаа, прокурорт хандаад үзвэл яасан юм бэ” гэх үгийг хуулийн салбарт ажиллаж байсан хүнээс сонссон. Тэр хэргийг бүртгэж авч байсан хувийн бүртгэл дээрх дугаараар нь холбогдох байгууллагуудаас лавлагаа хүссэн. Ховдын прокурор “2004 оноос хойших хэрэг манай архивт бий. Түүнээс өмнөх нь цагдаагийн архивт байдаг тул холбогдох газарт нь хандана уу” гэсэн хариу өгсөн.
Тэр бичгийг нь бариад цагдаагийн газарт очиход хариуцсан ажилтан нь “Би мэдэхгүй байна, даргатай уулз” гэсэн. Дарга нь “Та яахаараа ийм хэрэг хайгаад явж байдаг юм бэ.Танд ямар хэрэгтэй юм бэ.Та ямар учиртай хүн бэ” гээд шалгаагаад байсан. Би прокурорт ажиллаж байснаа, тэр хэргийг хянаж байснаа хэлээд Ерөнхийлөгчид гомдол явуулах гэсэн юм гэхэд архиваас хайя гээд үлдсэн юм. Гол нь Ерөнхийлөгч гэдэг нэр сонсоод хайя гэж байгаа юм. Сар гаруй болсны эцэст утсаар лавлахад “Олдоогүй” гэсэн. Би дотроо “Алга болсон тэр хэрэг энэ олон жилийн дараа юу гэж ч олдох вэ дээ. Миний амьдралаар тоглоод хаячихсан юм чинь” гэж бодсон. Гэтэл нэг өдөр хөдөө явах гээд гэртээ сууж байтал албан дугаараас залгаад “Цагдаагаас ярьж байна, таны лавлагаа хүссэн хавтаст хэрэг олдсон” гэхэд би сандал дээр сууж байснаа дээшээ хөөрөх шиг, их сонин болсон.
Би сэтгэл хөдлөл маш багатай, хэрийн зүйлд сэтгэлийн хөдөлгөөнөөр ханддаггүй атал хувцсаа яаж сольсон, яаж явж цагдаагийн газарт очсоноо ч мэдээгүй. Цагдаагийн газар нэлээн хол, гэтэл би маш хурдан очсон байсан. Дотоод сэтгэлд өөр хэн нэгэн түрүүлж очоод авчих вий гэсэн айдас зурсхийсэн. Цагдаагийн захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Лхагвасүрэн гэж нэлээн ширүүн дориун хүн өмнөө “Иргэн Оюунцэцэгт хариу” гэсэн толгойтой бичиг тавьчихсан сууж байсан. Тэр хүн надаас “Танай прокурор ямар учраас энэ хэрэг дээр давхар дугаар тавьсан юм бэ. Та ямар учраас энэ хэргийг хайсан бэ” гэж асуусан. Би үнэнээ хэлээд цүнхнээсээ Ширнэнийн тайлбарыг гаргаж өгөхөд уншчихаад “Та энэ үнэнээ эртхэн хэлэхгүй яасан юм бэ. Би энэ хэргийг арай гэж олж авлаа. Байсан л байна шүү дээ, энэ хэрэг чинь. Яагаад таныг тэгж хохироосон юм бэ, яагаад вэ” гэж их гайхаж асуусан. Би “Яагаад тэгснийг нь би өөрөө ч мэдэхгүй байна. Танд гэж хэлэхэд би шударга, асуудлыг үнэнээр нь шийдээд явахыг боддог байсан. Тэр нь хүмүүст таалагдаагүй юм байгаа биз дээ, тэгээд л ийм юм болсон байх” гэхэд “Та шүүхэд ханд, үнэн мөн нь тогтоогдох биз дээ” гэсэн. Тэгээд шүүхэд хандсан минь тэр. Бүр Цагдаагийн архивын албан ёсны лавлагаатай шүү.
-Баримтыг нягталдаггүй шүүгч, тэрийг хянадаггүй прокурор гэж байхгүй биз дээ, ер нь бол?
-Харин тийм л юм болчихоод байна.Олон жилийн дараа Ширнэнийн гаргасан тайлбарыг авч хэлэлцэхгүй, магадгүй намайг гуйж гувшиж явсаар тийм тайлбар бичүүлж дээ гэж шүүгчид хардаж болно. Гэтэл Цагдаагийн архивын лавлагаа байгаа шүү дээ, “Энэ хэрэг байна, ийм дугаартайгаар архивт хадгалагдаж байсан байна” гэсэн. Ийм баримт, лавалгааг аваад очиж байхад Дээд шүүх тэр нотлох баримтыг аваад шууд Улсын Прокурорын Ерөнхий газрын талд шийдвэр гаргаж байгаа юм шүү дээ. Би өөрөө энэ байгууллагад ажиллаж байсан хүн, та ч бас сая асууж байна. Олон нийт ч мэдэж байгаа “Шүүх, прокурор, хууль гэдэг аливаа зүйлд нотлох баримтад үндэслэж асуудлыг шийддэг” гэдгийг. Миний баримталдаг зарчим нотлох баримт л байсан.Бусад прокуроруудад ч хэлдэг байсан.“Прокурор хүн тогоочоор бол маш чадварлаг тогооч байх ёстой шүү. Шүүгчийн ширээн дээр хүн хордлого авахааргүй дээд зэргийн чанартай хоолыг бид бэлдэж тавих ёстой шүү.
Тиймээс прокурорыг чадварлаг тогоочтой зүйрлэж байгаа юм. Тэгж байж прокурор хийнэ, улсын яллагч хийнэ. Тэгж байж бүхэл бүтэн хүний амьдрал, хувь заяаг дэнсэлнэ” гэж хэлдэг ч байсан. Тэр үүднээс би прокуророор ажиллаж байхдаа мөрдөн байцаагчдад маш их шаардлага тавьдаг байсан. Ирсэн хавтаст хэргийг уншаад даалгавар бичээд буцаадаг. 2-3 удаа даалгавар бичээд буцаахад мөрдөн байцаагчид гурав дахь даалгавраас арга хэмжээ авагддаг байсан юм. Нотлогдохгүй хэргээр хүн хилсдүүлж болохгүй шүү дээ. Мөрдөн байцаагчид хэрэг илрүүлэлтийн тоогоор шагнал авдаг, тэр хэрээр ажлынх нь рейтинг өсдөг, албан тушаал ахидаг, цол авдаг. Тиймээс Оюунцэцэг өнөөдөр хэрэг хийгээгүй байтал яаж ийгээд тэр хүнд хэрэг хүлээлгэнэ. Мөрдөн байцаагчид бүгд тийм биш байх л даа.
Ер нь бол яаж ийгээд хэрэг хүлээлгэнэ, тэгж байж тэр хүн сайн мөрдөн байцаагч, олон хэрэг илрүүлсэн гэнэ. Хэдэн хэрэг илрүүлж, хэчнээн хүнд ял өгүүлсөн, хэдэн хүнд ял төлөвлөсөн тэр хэмжээгээрээ тухайн мөрдөн байцаагч шагнал, урамшуулал авдаг, цол ахидаг, цалингаа нэмүүлдэг. Цагдаа дотор ийм балиар юм байдаг. Намайг прокуророо ажиллаж байхад хоёр ч мөрдөн байцаагч над дээр тийм байдлаар орж ирж байсан. Ямар хэрэг вэ гэхээр, зүгээр мөрөөрөө явсан хүнийг гурван залуу бүлэглэж зодчихоод, ам нийлж нэг нэгийгээ гэрчлээд “Энэ намайг зодоод миний хавиргыг хугалсан” гэсэн байгаа юм. Гурван залуугийн нэгийнх нь хавирга хугаралтай байсан. Яаж хугарсан бэ гэвэл хэрэг гарахаас сарын өмнө архи уучихаад морь унаж давхиж яваад унаж бэртсэн байгаа юм. Тэгээд гэмгүй хүнийг зодчихоод гүтгэсэн байсан. Шүүх, прокурор дотор ч ийм зүйл болдог, маш аюултай. Прокурорууд ч гэсэн тийм...
-Таны хувьд гүтгүүлж, хэлмэгдэж, хилс хэрэгт шийтгүүлэн ажил амьдрал, албаны болоод мэргэжлийн нэр хүнд гээд бүх зүйлээр насаараа хохирчээ. Дээд шүүх, Захиргааны хэргийн шүүх, Улсын Ерөнхий прокурор гээд бүгд булхайгаа нуусан шийдвэр гаргаж дээ. Шүүх, прокурор хоёр хоорондоо хэрэг наймаалцдаг гэдгийн бодит жишээ юм биш үү, танд тохиолдоод яваа энэ асуудал?
-Би 2003 оноос өнөөдрийг хүртэл энэ асуудлын мөрөөр хөөцөлдөхөд давхардсан тоогоор 40-өөд шүүгчид ханджээ.Түүнээс гуравхан шүүгч л нотлох баримтыг авч үзэж, миний талд шийдвэр гаргасан нь Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Тунгалагсайхан, Хонинхүү, Долгорсүрэн нар. Монголын 500 шүүгчээс 40 нь давхардсан тоогоор миний нэхэмжлэлтэй шүүх хуралд ороход гуравхан шүүгч л шударга шийдвэр гаргаж байгаа юм. Тэгэхээр шүүх ямар их ялзарсан нь харагдана. Дээд шүүх дээр миний нэхэмжлэл бүхий хэрэг Г.Цагаанцоож дээр хуваарилагдсан юм билээ. Г.Цагаанцоож лоббидож, өөр дээрээ хуваарилуулж авсан байх магадлалтай.
Иймд би Г.Цагаанцоожоос татгалзсан. Учир нь 2003 онд Чингэлтэй дүүргийн шүүгч Сарангэрэл миний асуудлыг анх шийдэж байхад Цагаанцоож Ховдоос шилжиж ирээд Чингэлтэй дүүрэгт шүүгч байгаад лобби хийж УЕП-ын талд шийдвэр гаргуулсан, асуудалд шударга хандах хэмжээний шүүгч биш. Мэргэжлийн ур чадвар байхгүй. Түүнийг анх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Дээд шүүх рүү томилсон. Анхан шатны болон Давах шат, дээд шүүхийн шүүгч болохын тулд хуулийн байгууллагад хэдэн жил ажилласан, төдөн настай гэж шалгуур бий. Ийм эрэмбэ дараагаар явах ёстой атал Ц.Элбэгдорж Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүгчийг шууд дээд шүүхэд аваачиж тавьсан. Эрдэнэбал гэдэг шүүгчийг ажилгүй явахад нь Ховдын Зэрэг сумынх гээд Дээд шүүхийн шүүгч болгосон. Одоо Эрдэнэбал шүүгч ямар муухай зүйл хийгээд явж байгааг олон нийт харж байгаа байх. Шүүх хурал болж аливаа асуудлыг шийдэхэд илтгэгч шүүгч гэж байдаг.
Тухайн үед миний асуудлыг шийдэхэд Г.Цагаанцоож илтгэгч шүүгчээр орсон. Бүрэлдэхүүний бусад шүүгч болсон процессыг мэдэхгүй, илтгэгч шүүгчийн амыг харна. Хуульд нийцэж байна уу, хэргийн нотлох баримт шаардлага хангаж байна уу, баталгаатай байна уу, энэ бүгдийг илтгэгч шүүгч мэднэ. Г.Цагаанцоож бүх процессыг мэдэх ч нөгөө талд лобби хийж байгаа асуудалтай хүн учраас би түүнээс татгалзсан. Миний татгалзаж байгааг шүүх хүлээж авалгүй шүүх хурал хийж, УЕП-ын талд шийдвэр гаргасан. Дээд шүүх миний эрхээ хамгаалуулах, эрхзүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн. Шударга шүүх, шүүгчээр шийдүүлэх эрхийг минь зөрчсөн.
Цагдаагийн архиваас авсан албан ёсны нотлох баримт байсаар атал ашиг сонирхолдоо хөтлөгдсөн шийдвэр гаргасан. Би УДШ-ийн шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа. Шүүгч Г.Цагаанцоожийн тухайд бол Салхитын мөнгөний асуудалд эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан. УЕПГ цагдааг дарамталж байгаад түүний хэргийг хэрэгсэхгүй болгуулсан нь үнэн. Г.Цагаанцоож хулгай хийсэн үү, хийсэн. Үнэн үү, худал уу гэвэл үнэн. Би яагаад үнэн гэж хэлж байна гэвэл, бид хоёр Ховдод нэг гудамжинд өсч өндийсөн, нэг довон дээр өссөн. Нэг гудамжнаас хичээлдээ гүйдэг, сүүлд хот руу хамт сургуульд явж, шүүгч болоод Ховдод нэг гудамжнаас ажилдаа хамт явдаг, ирдэг байлаа. Одоо ч манай гэр тэндээ, Г.Цагаанцоожийн гэр ч мөн хэвээр тул надад хэлэх зүйл бий. Тэгэхээр таны дээр асуусанчлан, олон нийтийн дунд байнга яригдаж, бичигдэж байгаачлан шүүх, прокурор хоёр хоорондоо хэрэг наймаалцдаг, хууль бус асуудалд ашиг сонирхлоороо нэгддэг нь, өөрсдөдөө хамаарал бүхий хүмүүсийн хэргийг яаж шийдэж байгаа нь Цагаанцоож, Сонинбаяр, Золзаяа нарын хэргээс харагдана. Энэ хүмүүс Улсын ерөнхий прокурорт өртэй, яагаад гэвэл тэднийг гэмт хэрэг үйлдсэн байхад хамаарал бүхий цагдаагийн байгууллагаа дарамталж байгаад ялгүй гаргаад өгчихсөн учир эргээд тэдэнд хариу барих хэрэгтэй болж байна гэсэн үг. Энд ашиг сонирхол байна. Шүүх, прокурор дотор Ц.Элбэгдоржийн томилсон хүмүүсээр дүүрсэн. Н.Багабандийн үед томилогдсон хүмүүс нь ч байцгааж байна. Одоогоос 10 жилийн өмнө 50 сая төгрөг өгч байж шүүгч болдог гэх яриа гарч л байсан. Мэдэх нь мэднэ дээ. Өнөөдөр гэмт хэрэгтнүүд шүүгч, прокурор хийж хүний хувь заяа шийдээд явцгааж байна.
-Прокурор хамаарал бүхий байгууллагаа дарамталдаг гэж та яагаад хэлэв?
-Цагдаагийн байгууллагын архиваас би нотлох баримт гаргуулж авсан гэдгээ түрүүнд хэлсэн. Гэтэл Улсын прокуророос эргэж дарамталж, ажлаас нь хална гээд байгаа дуулдсан. Оюунцэцэгт яах гэж нотлох баримт гаргаж өгсөн бэ гээд...
-Ингэхэд та хүний эрхийн байгууллагуудад хандаж үзсэн үү?
-Хууль, шүүх нь шударга биш байгаа тул аргаа бараад ХЭҮК-т хандсан. Гэтэл миний өгсөн гомдол ХЭҮК-ийн ажилтан Г.Ууганбаатар гэж хүнд очсон байна лээ. Тэр залуу надад “Таны асуудлыг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн. “...Шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байгаа учраас” гэсэн үндэслэл дурдсан байна лээ. Гэхдээ Хүний эрхийн байгууллага бол “Шүүхийн тогтоол хөдөлбөргүй үнэн, бандан тас” гэх бус өөрсдөө яваад шалгаж, тогтоох эрх нь нээлттэй. Хүний эрхийн төлөө тэд эрхээ хэрэгжүүлэхгүй байна. Г.Ууганбаатар нь миний гомдлыг өөрөө авч шийдээд Ховд аймаг дахь хүний эрхийн асуудал хариуцсан хүнээр надад хариу өгүүлсэн байсан. Тэгээд албан хариун дээрээ Сүнжид гэсэн хүнээр гарын үсэг зуруулчихсан байгаа юм.
“Танайх хүний эрхийн байгууллага атал яагаад ийм хариу өгч байгаа юм бэ” гэхэд Г.Ууганбаатар хариулахдаа “Би шалгаагүй, Сүнжид гишүүн шалгаж хариу өгсөн” гэсэн. “Сүнжид гишүүнийхээ утасны дугаарыг өгөөч, надад асуух зүйл байна” гэхэд “Утасны дугаарыг нь өгч болдоггүй юм” гээд туслах Балдангомбо гэж хүнтэй холбогд гэж нэг утасны дугаар өгсөн. Тэр нь холбогдох боломжгүй дугаар байсан.Энэ мэтээр асуудлыг замхруулах гэж оролдсон. Яагаад ингэв гээд судлаад үзтэл Г.Ууганбаатарын нагац эгч нь дээд шүүхийн шүүгч шүүгч Г.Цагаанцоож байсан. Нагац эгчийнх нь нэр миний гомдолд дурдагдаж байгаа шүү дээ.Тиймээс Г.Цагаанцоожоос асууж зөвлөгөө авсан биз. Монголд хүний эрх, шударга байх ёстой хууль, шүүхийн байгууллагын байдал ийм л байна даа.
-Та түрүүнд алга болсон хавтаст хэрэг 20 жилийн дараа цагдаагийн архиваас олдохдоо засвар хийгдсэн, давхар дугаар тавигдсан байсан гэлээ. Лавлагааны хариу гаргаж өгсөн цагдаагийн ажилтан ч анзаарч асуусан гэлээ. Ямар учраас тэгсэн байх вэ?
-Тухайн үед аймгийн прокурор, орлогч прокурор хэргийн дугаар олгодог байсан. Тэгэхээр Ховдын прокурорын орлогч байсан Бат-Очир, нарийн бичиг Цэцэгмаа хоёр тэр үед яасан бэ гэхээр хавтаст хэргийг авчихаад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн байгаа юм. Бат-Очир нь хэргийн дугаарыг өөрчилж, 2000 онд болсон хэргийг 2001 он болгож засаад, хэргийн холбогдогч нь Т.Молдвай гэдэг хүн байсны нэрийг Аманбол хэмээн өөрчилж, хэргийн дугаарыг мөн өөрчлөөд Цагдаагийн архив руу оруулсан байна лээ.
Энэ талаар Дээд шүүх дээр хэлэлцэхэд Улсын прокурорын төлөөлөгч зөвхөн намайг ажлаас халсан тухай өөр зүйл яриад байсан. Хүн нас барсан гэмт хэргийн материалыг засварласан байна шүү дээ. Хэрэг мөрдөн байцаалтад байх хугацаа хэд хоног вэ, шүүхэд хэдэн хоног байдаг вэ, бүх юм хугацаатай. Гэтэл наад хавтаст хэрэг дээр чинь эрүүгийн хэрэг үүсгэж, дөрөв хонуулаад хэргийг хаасан байна шүү дээ, энэ хуурамч биш үү гээд номтлох баримтуудыг сануулахад “Шүүх завсарлалаа” гэж гарч яваад, орж ирэнгүүтээ Улсын прокурорын талд шийдлээ, Б.Оюунцэцэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо гээд шийдчихэж байгаа юм.
Хавтаст хэргийн дугаар зассан, засуулсан хүн нь тухайн үед Ховдын прокурорын орлогч байсан Бат-Очир. Сүүлд Аманбол гэж хүн нь “Би ямар ч хэрэг төвөгт холбогдож, цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан зүйл байхгүй. Их гайхаж байна. Яагаад намайг эрүүгийн гэмт хэрэгтэн болгож хавтаст хэрэг нээчихсэн байгаа юм бэ” гэж асуусан байдаг. ийм л зүйл дээр шүүх, прокурор хоёр хамтарч ажиллаад байна. Дээд шүүхийн шийдвэр эцсийнх гээд “Хүссэн ч, эс хүссэн ч бид мэддэг юм” гээд хүний амьдралаар тоглож байна. Одоо Үндсэн хуульд өөрчлөлт оруулах юм яриад байна. Хүний эрхийн тухай заалтуудыг сайжруулах ёстой. Шүүхийн реформ хийх ёстой.
-Одоо тэгээд таны гомдлыг сонсох газар, төрийн шударга албан тушаалтнууд гэж ер байна уу?
-Ерөнхийлөгчид хүсэлт бичээд бүх нотлох баримтаа хавсаргасан. УИХ-ын дарга болоод Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт хандан Төрийн тэргүүнд уламжлуулсан. Яагаад гэвэл мафижсан гэмт хэргийн бүлэглэл хэзээ ч Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хүчрэгдэхгүй. Тиймээс гэмт бүлэглэлийн эсрэг тэмцээд байгаа, шударга ёс тогтоохын төлөө зүтгэж байгаа төрийн өндөрлөгүүд прокурор Б.Жаргалсайхан гэдэг хүнээ аваад нэг замаар, нэг зүгт алхаасай гэж хүссэн юм. Би хүсэлтдээ ч бичсэн “Б.Жаргалсайхан прокурорт энэ асуудалд буруу байхгүй.Тэр хүн намайг ажлаас халаагүй” гэж.
Тэр хүнд миний асуудал үнэн зөвөөр очихгүй байгаа. Наагуур байгаа бүлэглэлийнхэн нь “зохицуулчихаад” байгаа. Өнгөрсөн өвөл ирээд Б.Жаргалсайхан прокурортой уулзах гэж сар хүлээсэн.Сүүлдээ туслах нь “Та орлогч прокурор М.Чинбаттай уулзах уу” гэхээр нь уулзсан. Гэтэл тэр хүн надад “Таныг буруутай гэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул бид шийдэх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Тэд үнэн мөнийг тогтоохыг хүсэхгүй байна шүү дээ. Шүүх, прокурор доторх гэмт бүлэглэлийнхэн хоорондоо хэрэг наймаалцаж байгаа бол тэдний гар хөл нь ХЭҮК-т байдаг юм байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Ховд аймгийн Хяналтын прокуророор шударгаар ажиллаж байгаад халагдсан Б.Оюунцэцэгийг бодохоор ямар харамсалтай ажил, амьдралаараа тоглуулсан үйл явдал вэ!!! Дуустал нь явах хэрэгтэй юм байна шүү, охин минь.
ХЭҮК-хан гэж зурагтаар гарч байгаад шинэ гишүүдээ сонгоод, энэ бүрэлдэхүүн шинээр ирсэн гишүүд шүү дээ. Сүнжид гэдэг эмэгтэй зурагтаар ярилцлагад оролцоод байдаг хүн байна.
наад здануудаа хуйгаар н шалгаач Нямбаатараа