БНАСАУ сансрын пуужин хөөргөж, Япон болон БНСУ эсэргүүцлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 31

БНАСАУ өнөөдөр үүрээр /2023.05.31/ өмнө зүг рүү тагнуулын хиймэл дагуул бүхий пуужин хөөргөж, БНСУ-ын зарим хотод пуужингийн хэлтэрхий унах эрсдэлээс сэрэмжлэн иргэдийг хоргодох байранд орохыг анхааруулсан билээ.

Тэгвэл удалгүй уг анхааруулгыг цуцалж, сургууль, албан газрууд хэвийн ажиллаж эхэлжээ.

Хойд Солонгосын сансрын пуужингийн хөдөлгүүрт нь асуудал гарч, Өмнөд Солонгосын Очхон арлаас ойролцоогоор 200 км зайд усанд унасан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Удахгүй дахин хиймэл дагуул хөөргөнө

БНАСАУ аль болох удахгүй дахин хиймэл дагуул хөөргөхөө мэдэгджээ. Хойд Солонгос Олон улсын далайн байгууллагад цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөх тухайгаа мэдэгдсэн байсан юм. Хиймэл дагуулыг ирэх зургаадугаар сард Америкийн цэргийн үйл ажиллагааг ажиглах зорилготойгоор хөөргөхөөр төлөвлөж байгаа тухайгаа мягмар гарагт мэдэгдсэн билээ. Гэвч пуужинг уг мэдэгдлийн маргааш нь хөөргөлөө.

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Цэргийн төв хорооны орлогч дарга И Бён Чолийн ярьсанаар Вашингтон Солонгосын хойг болон түүний ойролцоо агаарын тагнуул хийж, дайсагнасан үйл ажиллагаа явуулсан байна.

Япон, БНСУ эрс эсэргүүцэл илэрхийллээ

БНАСАУ сансрын пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор Япон улс эрс шийдэмгий эсэргүүцэл илэрхийлж байгааг Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно мэдэгдлээ.

Тэрбээр “Бид энэ үйлдлийг шүүмжилж, Хойд Солонгост дипломат шугамаар эрс шийдэмгий эсэргүүцэл илэрхийллээ. Пуужин хөөргөсөн үйлдэл нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж, Япон улсын аюулгүй байдалд аюул учруулав” гэжээ.

БНСУ-ын зүгээс Хойд Солонгосын үйлдэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж байгааг мэдэгдээд иргэддээ пуужингийн хэлтэрхий унах магадлалтай тул сэрэмжлүүлэг мэдээллийг тухай бүрд нь авч, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БНМАУ(103.212.119.79) 2023 оны 06 сарын 07

Айлын хүүхдүүд элдэв хавчлага хоригийг үл тоож, тагнуулын хиймэл хөөргөөд хөжөөд л байдаг.Манай хэд өрх гэрээ олигтой авч явж чадахгүй хулгөй цавчаа хийж уруудуулаад л байдаг таарч дээ.

0  |  0
Top