Дэлхийн PMI өсөлттэй байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 13

Эдийн засгийн ерөнхий хандлагыг харуулдаг Purchasing manager index -  PMI буюу  “Худалдан авалтын менежерийн индекс”-ийн 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээс харахад Монголын эдийн засаг тэлж байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл худалдааны голлох түнш улсуудын PMI ямар өөрчлөлттэй байгааг хүргэе.

2023 оны нэгдүгээр улиралд худалдааны голлох түнш улсууд болох БНХАУ, ОХУ, Евро бүс болон дэлхийн ерөнхий индекс өмнөх улирлаас өсөж, агших мужаас тэлэлтийн мужид шилжсэн байна.

Харин АНУ-ын ерөнхий индексийн утга агших мужид хэвээр байна. БНХАУ-д Ковид-19 цар тахлын хөл хориог цуцалсантай холбоотойгоор үйлчилгээний салбар идэвхжиж, улмаар нийт бизнесийн идэвхжил нэмэгдсэнээр нийлмэл индексийн утга 2022 оны зургадугаар сараас хойшхи хамгийн хамгийн хурдацтай өсөлтийг үзүүлжээ.


Монгол болон худалдааны голлох түнш улсуудын PMI


 

ОХУ-д аж үйлдвэрийн салбарын гадаад эрэлт бага байсан ч үйлчилгээний салбарт эрэлт нэмэгдсэнээр, хувийн хэвшлийн нийт бизнесийн идэвхжил нэмэгдэж индексийн утга өссөн байна.

Евро бүсийн хувьд 2023 эхний улиралд гадаад эрэлт сул байсан ч дотоод эрэлт нэмэгдсэнээр хувийн хэвшлийн бизнесийн идэвхжил гурван сар дараалан тэлж 2022 оны тавдугаар  сараас хойшхи хамгийн хурдацтай өсөлттэй улирал болсон байна.

АНУ-д нэгдүгээр  сард нийт бизнесийн идэвхжил сул байсан ч хоёр, гуравдугаар сард нэмэгдсэн. Үүнд  үйлчилгээний салбарын эрэлт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Дэлхийн PMI индекс өсөхөд мөн адил үйлчилгээний салбарын эрэлт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Үйлдвэрлэлийн индексийн утга сүүлийн есөн сарын дээд хэмжээнд хүрч хурдацтай өссөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top