Хүнд сорилтыг хүчээ зангидаж давна (Үргэлжлэл)

2023 оны 06 сарын 20

Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн

Тав.

 

Өмнөх дугаарт Том гүрнүүдийн бодлогын тунхаглал, эдийн засгаа цэрэг-дайны зорилтод шилжүүлж байгаа болон үйл явдлын учир шалтгааны талаас авч үзвэл, дэлхийг доргиосон дайн ойрын 10-аад жил үргэлжлэх өндөр магадлалтай ажээ. Ямар боловч Монгол орны хувьд энэ үеийнхэн нь элэг бүтэн, хойч үеийнхэн нь хоч нэргүй үлдэхийн тулд тайван цагийнхнаас үлэмж холч ухаан, хүч чармайлт шаардагдах болно. Улс орон хэдий бага буурай боловч өөрийн язгуур эрх ашиг, аюулгүй байдлаа хамгаалж хадгалах өөрийн онцлогтой билээ. Монголчуудын үндэсний ухамсар, төрт ёсны ухааны өв соёл нь төвөгтэй хүнд үед цаг зуурын ашиг хонжоо эрэхгүйгээр үнэн шударгыг үндэс болгож, андын холбоонд үнэнч байхад тулгуурладаг. Монгол төрийн гадаад бодлого, үйл ажиллагаа одоо цагийн шинэ нөхцөлд энэ зарчмыг үндэс болгож, өөрсдийн оршин буй нутгийн тогтвортой аюулгүй байдал, хөгжил дэвшлийн зорилтод чадал бололцооныхоо хэрээр идэвхтэй оролцож байгаа нь иргэдийнхээ өргөн дэмжлэг хүлээж, олон улсын харилцааны түвшинд тод илэрч байгаа билээ. Тэгэхдээ улс үндэстний тэвчиж туулах, амьдрах чадвар нь зөвхөн гадаад бодлогоор хязгаарлагдахгүй. Хүн төрөлхтнийг хамарсан дэлхийн доргион хүний ухамсраас үүдэлтэй. Монгол орон хэдийгээр дэлхийн дайны шалтаг шалтгаанаас хол байгаа ч гэсэн энэ талаарх нийгмийнхээ итгэл үнэмшил, сэтгэл зүйн эрүүл, аюулгүй байдлыг хамгаалах, нөөц бололцоогоо дайчлан амьдрах чадварыг дээшлүүлэх, төрийн хариуцлагыг улам чамбайруулах шаардлага улам нэмэгдэж байна.                          

 

Энэ асуудлын зарим сэжүүрийг хөндвөл:

Нэгэн зүйл.

Монголчууд “Муу эр дайнд хөөрдөг” гэж ярьдаг. Аль нэг хурц үйл явдлын утга учрыг тунгаахгүйгээр сэтгэлийн хөөрөлд  автаж, олны дундаас цойлох араншинтай хүмүүс хаа сайгүй л байдаг. Тэднийг олон түмэн төвөггүй таньдаг юм. Харин гадаад дотоодын элдэв этгээдийн явцуу сонирхолд үйлчилж, тэдний захиалгаар тэдний зохиосон хуурамч мэдээлэл, түүвэрлэн авсан өрөөсгөл мэдээллийг нийтэд түгээх, “тархи угаах” замаар нэр төр, ашиг хонжоо хөөцөлдөгчдийг танихад нэн төвөгтэй. Ийм ухуулга аливаа үзэгдэл, үйл явдлын үнэн утга агуулга, учир шалтгааныг гуйвуулж, нийтээр эрхэмлэдэг үнэт зүйлтэй зохиомлоор холбосноор олон түмнийг мунхруулан өөрийн хань хамсаатан болгохыг хичээдэг тул нийгмийн ухамсар, сэтгэл зүйг үе дамжуулан хордуулж, өш  хонзонгийн үрийг тарьдаг. Энэ удаагийн дэлхийн дайныг ардчилал, эрх чөлөө болон дарангуйлагч дэглэмийн хоорондын тэмцэл мэтээр сурталчлах нь давамайлж байгаа боловч үнэн утга нь улс үндэстнүүдийн оршихуйн тэгш эрх, шударга ёсыг хэрэгжүүлэх аюулгүй байдлыг баталгаажуулах, дэлхийн шинэ дэглэм тогтох, эсэхийн хувь заяаг шийдэх цагийн өнгө юм.

Нэгэн зүйл.

Сүүлийн үед өнгөц харахад үндэснийхээ эрх ашгийг дээдэлж байгаа мэт боловч утга агуулга нь монгол орныг хүрээлэн буй хөршүүдтэй нь харшил зөрчлийн замд оруулахад чиглэсэн мэдээлэл цацагдах нь олширч байна. Ийм ухуулгын нэг гол санаа нь хоёр хөршөөсөө айж, тэднийг хардаж, тэрсэлж амьдрахад чиглэж байна. Ойрхи Дорнодын  гүн ухаантнууд “өлсгөлөн, айдас хоёрын зовлонгоос хагацсан цагт боолын цусны сүүлчийн дусал хүнээс зайлдаг” гэж сургадаг. Монголчууд хоёр хөршөөсөө айх ёстой, айж байна хэмээн ухуулах нь нийгмийн сэтгэхүйд боолын дөнгө зүүж, аврал, нөмөр эрж хувь тавилангаа муруй зам, мухар нүхэнд оруулах арга юм гэдгийг хэзээ ч, хэн ч мартаж боломгүй. Найман зууны тэртээ Евразийн уудам орон зайг нэгтгэсэн Их Монгол гүрэн байгуулагдсанаас хойш монголчуудын түүх нь Орос, Хятад үндэстнүүдтэй салшгүй холбоотой билээ. Хоёр том гүрний битүү хүрээлэлд тэсэж орших нь бусад аль ч нөхцөлд үл тохиолдох нарийн төвөгтэй асуудалтай тулгардгийг  монголчууд мэднэ. Тэглээ гээд хувь заяандаа зөвхөн гоншрох байрнаас хандах үндэсгүй. Түүхийг эш татвал, одоогийн Монгол, Орос, Хятад гурван улс Чингис хааны байгуулсан Их гүрний үндсэн бүрдэл болох утгаараа хэдий соёл иргэншлийн ялгаатай боловч оршихуй, эрх ашиг, ертөнцийг  харах үзэл, соёлоор засаглах төрт ёсоор төстэй талууд нь одоо цагийн хүн төрөлхтний амьдралын нэгдмэл бөгөөд өвөрмөц нэг орчныг бүрдүүлж байдаг юм. Энэ гурван улс оронд монгол угсаатан хуваагдан амьдарч байна. Монгол орон дэлхийн ирээдүйн өнгийг тодорхойлох хоёр үлэмж том гүрний битүү хүрээлэлд оршиж байгаа нь одоогийн олон улсын “түгшүүртэй, тодорхойгүй” нөхцөлөөр гаднын алив хүчирхийлэл, нөлөөнөөс хамгаалах утгаараа “өөхөн доторх бөөр, өндөгний доторх шар”-ын орчин бүрдүүлж байна. Дайны гал Монголд ирэхгүй нь баталгаатай. Нөгөө талаас их гүрнүүдийн битүү хүрээлэл бол хил залгаа их зах зээлийн хүрээлэл юм. Эдгээр зах зээлийг түшиглэх нь манай эдийн засгийн өсөлт хөгжлийн шийдвэрлэх хүчин зүйл байх нь эргэлзээгүй. Эдгээр бодит хүчин зүйлийг үндэслэн хил залгаа хоёр хөрштэйгээ эрх  тэгш хамтын ажиллагаагаа гуйвалтгүй хөгжүүлж, найдвартай, түшигтэй, найрсаг, ухаалаг түнш байх чадвараа дээшлүүлэх нь одоо цагийн монголчуудын нэн чухал зорилт  мөн юм. Монгол орон олон зууны дараа тусгаар тогтнол, бүрэн эрхээ жинхэнэ утгаар нь гартаа авч 30 гаруй жилийг туулахдаа эрх тэгш харилцааг эрхэмлэсэн улс орнуудтай нээлттэй харилцаж, олон түнштэй болсны дотор мөнхийн хоёр хөршөөс гадна, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, АНУ-тай стратегийн түншлэлийн түвшинд харилцах болжээ. Монголын түүхийн шинэ эргэлтийн хүнд үед Европын олон орон туслан дэмжиж, түшиг тулгуур болсныг бид мартах ёсгүй. Дэлхийн улс төрийн газар зүй доргиж дайны түвшинд хүрч байгаа одоо цагт манай орны “гуравдагч хөршүүд” өөр өөрийн үндэсний эрх ашиг, үзэл номлолоороо янз бүрийн хүрээнд хамрагдаж байгаа нь хүн төрөлхтний араншингийн нэг л цагийн өнгө юм. Улс гүрнүүд нэг цагт зөрчилдөн хямравч өөр нэг цагт нэгдмэл дэлхий дээрээ нэг хувь заяатайгаа хүлээн зөвшөөрч хамтран орших л болно. Үүнийг үндэс болговол, хэнтэй ч ямар ч зөрчил маргаангүй Монгол орон аль нэг талыг барьж туйлшрах нь утгагүй. Түүнчлэн Монгол орон хүн төрөлхтний нэгэн үнэт өв болох нүүдэлчдийн соёл иргэншлийн голомтыг хадгалж, дэлхийн гурван их шашин соёлын уулзвар дээр  оршдог уугуул угсаатны чөлөөт ардчилсан нийгмийн тогтолцоотой улс болохоос гадна, Умарт Азийн ус, салхины хагалбар болох талаасаа бүс нутгийнхны өмнө өндөр хариуцлага үүрч байдаг онцлогтой. Энэ бүхэн монголчууд аливаад тэвчээртэй, хүлээцтэй хандаж, олон талын нээлттэй харилцаанд оршиж, шударга үнэний хорвоод хүний мөс чанарын үнэлэмжээр амьдрах шаардлага төрүүлдэг. Өөрөөр хэлбэл, монголчууд өөрөөс нь үл хамаарах элдэв зөрчил тэмцэлд хөөрцөглөн туйлшрах буюу бусдын хямрал, хүндрэлээс ашиг хонжоо горьдох замд хэзээ ч орохгүй.

Нэгэн зүйл.

Дэлхий нийтийг хамарсан алив том хямрал, доргионы дараа хүн төрөлхтөн улам ухааран хэрсүүжиж, шинэ арга технологи, шинэ зохион байгуулалтаар амьдардаг нь хорвоогийн жам юм. Энэ зарчим монголчуудын хувьд  ч үнэн бат хэрэгжих болно. Монгол орон одоогийн байдлаар бүс нутагтаа “Хоцрогдлын хонхор” болж нэг хүнд  ногдох үндэсний орлого дэлхийн болон өөрийгөө хүрээлж буй ОХУ, БНХАУ-ын дунджаас тус бүр 2.82-2.92 дахин хоцорч /2021 онд/ байгаа билээ. Түүгээр ч барахгүй сүүлийн 20-оод жил гадаад өр зээлийн эргүүлэгт орж, эдийн засгийн “Голланд өвчин”-д нэрвэгдэж, улс төрд олигархууд ноёрхож, төрд авлига архагшсан, хууль эрх зүйн тогтвортой байдлаараа “Зэрлэг капитализм”-ын тогтолцоотой “Гадилын орон”-ы хам шинжийг чамгүй илэрхийлж иржээ. Хэдийгээр сүүлийн цөөн жил энэ бүхнийг өөрчилж төр тогтворжиж, бодлого цэгцрэх чиг ажиглагдаж байгаа ч гэсэн дэлхий нийтийн шинэ хандлага цаг хугацааг улам нягтруулж, амьдрах аргаа шинэчлэх шинэ шаардлага төрүүлж байна. Олон улсын харилцаа, худалдаа, хамтын ажиллагаа, валют-санхүүгийн шинэ дэглэм тогтоход хэн боловч “Ахын хөөрхөн дүү, ардчиллын сайн банди” нэрээр зээл тусламж гуйж амьдрах орон зай үлдэхгүй. Үндэснийхээ эрх ашгийг холчоор илэрхийлж ухаалгаар хамгаалах чадвартайгаа нотолсон нөхцөлд л түншүүдийн итгэл, хүндэтгэл хүлээж чадна. Хэрэв арчаагүйн балчигт шигдсэн хэвээр үлдээд “авдрыг минь ухаж алтыг нь аваад хишиг хүртээгээч” хэмээн бусдыг царайчлах  ахул бурхан царайлж, буян амалж ирэх луйварчид мундахгүй нь лавтай. Энэ бүхнийг харгалзвал манай орны хувьд цаг алдалгүй шийдэх олон зорилт тулгарч байгаагийн дотор гол зангилаа нь:

1. Гадаад эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох эрх зүйн тогтолцоо, арга барил, зохион байгуулалтаа үндэснийхээ эрх ашиг, харилцан ашигтай хамтын ажиллагааны зорилтод нийцүүлэн төгөл­дөржүүлэх шаардлага нэн хурц болж байна. Ашигт малтмал, татвар, гадаадын хөрөнгө оруулалт зэрэг хүрээнд одоо үйлчилж буй хууль эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоо, нийгмийн шилжилтийн үеийн эмзэг, ээдрээтэй нөхцөлд дотоод, гадаадын луйварчид, “эдийн засгийн алуурчид”-ын шууд оролцоотой бүрэлдэн тогтсон билээ. Түүний уршиг Толгойтын алт, Тавантолгой, Оюу Толгой, Тамсагбулаг, Мардайн ордын ашиглалтад илэрчээ. Ийм байдал цаашид үргэлжлэх ёсгүй.

2. Улс орныхоо эдийн засгийн хоцрогдлыг гэтэлж, хараат бус, өөрийгөө нөхөн тэтгэх чадвартай үндэсний цогцолбор бүрдүүлэхийн тулд төрөөс эдийн засгийг жолоодох, удирдах тогтолцоо, арга технологийг эрс шинэчлэх шаардлага нэн хурц болж байна. Эдийн засгийн цар хүрээ үлэмж багын улмаас чөлөөт өрсөлдөөний хөрс сулын дээр үйлдвэржсэн салбаруудын инженер-техно­логийн өв, мэргэшсэн ажиллах хүчний нөөцгүй, эдийн засгийн хөшүүргүүд гадаад зах зээлийн тохиолдлын хэлбэлзлийг даах чадал тэнхээ бүрдээгүй одоогийн нөхцөлд төрөөс эдийн засгаа жолоодох, засах алгоритмыг зорилтот хөтөлбөрийн зарчимд шилжүүлэх нь зайлшгүй бөгөөд цорын ганц зөв зам болж байна. Энэ нь юуны өмнө, эдийн засгаа хөгжлийн гол зангилаа чиглэлүүдээр үндэсний зөвшилд хүрсэн төслүүдийг зорилтот хөтөлбөрийн хэлбэрээр томъёолон хувийн хэвшлийн оролцоонд хамгийн таатай, тогтвортой нөхцөл бүрдүүлж, дэмжлэг үзүүлэх замаар хүчийг зангидах тухай асуудал юм. Зорилтот хөтөлбөрийн зарчимд  шилжсэнээр нэг талаас, төрийн төвлөрсөн төлөвлөлтийг мөрөөдөх, нөгөө талаас зах зээлийн “далд гар”-ыг шүтэх туйлшралаас ангижирч, хомс бага хүч бололцоогоо зангидан үр ашигтай хэрэглэх нөхцөл бүрдэнэ. Зорилтот хөтөлбөрийн төслүүд эрчим хүчээр өөрийгөө хангах, түүхий эдээ боловсруулалтын шат ахиулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, инфляцийг зогсоох зэрэг гол зангилаа асуудлуудыг шийдэхэд чиглэх нь дамжиггүй. Тэгэхдээ Монголын хөгжлийн ирээдүйтэй хөдөлгүүрийг бүтээх нь өөр асуудал юм. Аль ч талаас нь хандсан төрийн ийм бодлогын нэг гол чиг нь тоон технологи, хиймэл оюуны системийг  хөгжүүлэх үндэсний хөтөлбөр байх нь дамжиггүй. Энэ талаар ойрын 10 жилд дэлхийн түвшинд хүрэхэд асар олон бэрхшээл тулгарах боловч боломжгүй зүйл биш юм. Юуны өмнө, хүн ардынхаа оюун ухааны чадал тэнхээнд итгэх нь чухал. Сүүлийн 20 жилд Монголын хүүхдүүд олон улсын математикийн олимпиадад оролц­сон байдлыг үзвэл, таван алт, 11 мөнгө, 30 хүрэл медаль, 20 тусгай шагнал хүртжээ. Энэ бол дэлхийн хүн амын 0.045 хувийн эзэлдэг монгол орны хүүх­дүүдийн амжилт төдийгүй тэдэнд итгэж, тэдэнд тусалж, тэд­нийг дэмжиж түшвэл хүссэн өндөрт хүргэх хүчит жигүүр өсөж бой­жиж байгаагийн баталгаа юм.

2023.6.13

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэд(124.158.66.32) 2023 оны 06 сарын 22

Ингээд л бид хэн бэ гэдгээ харуулчихаж байгаа нэг баримт бол ийм томоохон онол талын үгний араас үг хэлэх нөгөө троллууд хаачив Бие биенээ доромжилж бичдэг эсвэл МАН-г л муулж Коммунизмыг үзэн ядах үг хэлэхээс өөр юу ч мэдэхгүй жинхэнээсээ манкурт Дебиль хүмүүс дэндүү олон болчихсон юм биш биз.Бямбасүрэнгийн энэ саналыг ойлгох чадвартай залуучууд ер нь ингэхэд байна уу Ээдээ мэдэхгүй Сосорбарам царайлсан мунхаг мулгуу юмнууд л урд хойгуур гүйлдэх аж

0  |  1
DR. ADITYA(197.211.53.117) 2023 оны 06 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0
DR. ADITYA(197.211.53.117) 2023 оны 06 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0
Иргэн(103.11.195.66) 2023 оны 06 сарын 20

бидний хийх ёстой ажил

1  |  0
Top