Монгол Улсад өнөөдөр мөрдөгдөж байгаа буюу 2005 онд баталсан Улс төрийн намын тухай хуулиар УИХ-д суудалтай нам улсын төсвөөс санхүүгийн хоёр янзын шууд дэмжлэг авч байна. Нэг нь, УИХ-ын сонгуулийн дараа УИХ-д суудалтай намуудын хүчинтэй санал тутмыг 1000 төгрөгөөр үнэлж нэг удаа санхүүжилт олгодог. Хоёр дахь нь УИХ-д суудалтай намуудыг нэг суудлыг жил тутам 10 сая төгрөгөөр тооцож төрөөс санхүүжилт авч байна. Өөрөөр хэлбэл иргэдийн халаасны мөнгөнөөс энэ хэмжээний санхүүжилтийг авдаг гэсэн үг.
Гэтэл тухайн намууд төрөөс авсан санхүүг хэрхэн зарцуулалтаа зарцуулснаа нээлттэй болгоогүйгээс иргэд татварын мөнгөндөө хяналт тавих боломжийг хааж байна.
УИХ-д суудалтай намуудад Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар өдгөө Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Улс төрийн намын тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн 19 дүгээр зүйл дээр заажээ.
19.1 УИХ-ын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг 1000 төгрөгөөр тооцож, сонгуулийн дүн гарсны дараа гурван сарын дотор УИХ-д суудал бүхий намд төр нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлнэ.
19.2 УИХ-ын суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор УИХ-ын гишүүний нэг суудлыг жилд 10 сая төгрөгөөр тооцож, УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгоно. Энэхүү санхүүжилтийн 50 хувийг УИХ-ын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна гэж заажээ.
Өдгөө Монгол Улсын парламентыг ард түмний олонхийн саналаар сонгогдосон МАН-62 (2 гишүүнийг 2023 оны гуравдугаар сард бүрэн эрхээс нь чөлөөлсөн), АН-11, Та бидний эвсэл-1, Зөв хүн электорат эвсэл-1, бие даагч-1 гэсэн харьцаатайгаар иргэдийг төлөөлөн ажиллаж байна.
Үүнээс хамгийн олон суудалтай намын төрөөс авч байгаа санхүүжилтийг жишээ болгон харъя.
2020 оны УИХ-ын сонгуулиар МАН 1.795.793 хүний санал авч, УИХ-д 62 суудал авчээ.
Тэгэхээр Улс төрийн намын тухай хуульд зааснаар тооцож үзвэл дунджаар 1.5 тэрбум төгрөгийг сонгуулийн дүн гарсны дараа МАН-д төрөөс олгосон гэсэн үг. Үүн дээр УИХ-ын гишүүний нэг суудлыг жилд 10 сая төгрөгөөр тооцсон санхүүжилтийг сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд олгоно. Тухайлбал, МАН-д УИХ-ын гишүүний суудлын дэмжлэгт 2020 онд 305 сая, 2021 онд 602 сая төгрөгийг улсаас олгосон тухай Сангийн яамны 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 12-1/973 тоот бичигт хавсаргажээ.
Харин 2020 оны сонгуульд Ардчилсан нам 978,890 санал авч, УИХ-д 11 суудал авчээ. Үүнийг дээрх байдлаар тооцож, тухайн сонгуулийн дараа 977.680.000 /977 сая 680 мянган/ төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг төрөөс авч, 2020 онд гишүүний суудлын дэмжлэгт 55 сая, 2021 онд 110 сая төгрөгийг тус тус авсан байна. Энэ мөнгөн дүн сонгуулийн жилийг дуустал жил бүр олгогдоно.
ТӨРӨӨС НАМД ҮЗҮҮЛЭХ САНХҮҮЖИЛТ ДЭЛХИЙД
Намуудад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь зөвхөн манай улсад бус дэлхийн улс орнуудад байдаг жишиг юм. Ер нь төрийн санхүүгийн дэмжлэг нь олон улсын жишгээр олон намыг дэмжиж, парламентад бодлогын өрсөлдөөн орж ирүүлэх чиглэлд байдаг байна.
Жишээг Монгол Улсын Их Хурал, Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлсэн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр Глоб Интернэшнл төв, Зориг сан ТББ-ын хамтран 2014 онд хийсэн судалгаанаас эш татан хүргэе.
Ардчилал, Сонгуулийн туслалцааны Олон улсын хүрээлэн (IDEA)-ийн судалгаанаас үзэхэд дэлхийн улс орнуудад намын санхүүжилтэнд төрөөс үзүүлэх санхүүжилт голлох байр суурь эзлэх хандлагатай байна. IDEA-ийн судалгаанд хамрагдсан 180 орны ихэнхэд нь төрийн санхүүжилт, дэмжлэг ямар нэгэн байдлаар хэрэгжиж байгаа ажээ . Европын олон оронд төрөөс шууд татаас үзүүлэх явдал нэмэгдэж буйг судлаачид тэмдэглэсэн байдаг. Баруун Европын ихэнх орнууд тухайлбал Германд 1959, Шведед 1965, Италид 1974, Испанид 1978, Францад 1988 оноос нэвтэрсэн төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх хандлага шинээр ардчилалд шилжиж буй Төв болон Зүүн Европын орнууд, Латин америкийн болон бусад бүс нутгийн орнуудад өргөн дэлгэр тархаж байна. Тухайлбал, Зүүн Европын орнуудын намуудын санхүүжилтын зонхилох хувийг төрийн санхүүжилт бүрдүүлдэг юм. Зүүн Европын орнуудаас Украин, Беларусь хоёрт л төрийн шууд санхүүжилт байдаггүй. Дарангуйллаас ардчилалд шилжиж буй улсуудын хувьд улс төрийн намыг төлөвшүүлэх, авилгыг багасгахад төрийн санхүүжилт чухал үүрэгтэй учраас Америкийн мэргэжилтнүүд Украины улс төрийн намын санхүүжилтийн талаарх зөвлөмждөө намуудад төрөөс санхүүжилт олгох хэрэгтэйг дурдсан байдаг.
Авилгын эсрэг улсуудын бүлэг (Group of States against Corruption-GRECO)-ийн судалгаагаар Хорват, Грек, Бельги, Польш, Испани, Словак зэрэг улсуудын намын санхүүжилтийн 80 хувийг төрийн санхүүжилт бүрдүүлж байна.
Либераль ардчилал өндөр хөгжсөн Баруун Европ, Хойд Европын улс орнуудын улс төрийн намуудын санхүүжилтэд төрийн санхүүжилтийн эзлэх дундаж хувь 70 байдаг.
График 1. Баруун ба Хойд Ввропын орнуудын улс төрийн намын санхүүжилтад төрийн санхүүжилтийн эзлэх хувь
ГЭВЧ...
Улс төрийн намыг санхүүгийн хувьд төрөөс дэмжих бодлогыг Америкийн судлаач М.Жонстон нь улс төрийн нээлттэй өрсөлдөөнийг хөгжүүлэх, хүчтэй, хариуцлагатай намын тогтолцоог бий болгоход чиглэдэг тул ардчиллын хөгжилд маш чухал нөлөөтэй гэж үзжээ. Ингэхдээ хянан зохицуулах бодлого нь авлигыг хянах үүднээс ил тод, нээлттэй байх, нийтэд тайлагнах хэрэгтэй гэжээ.
Харин Монгол Улсад намын санхүүгийн хяналтын талаар Улс төрийн намын тухай хуулийн 20.3-д “Нам санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, нийтэд мэдээлнэ” гэж заасан ч намууд үүнийг нэр төдий биелүүлж байна. Өөрөөр хэлбэл, санхүүгийн тайлан гаргасан ч энгийн хүн харахад ойлгомжгүй, төрөөс авсан санхүүгийн дэмжлэгийн зарцуулалт тодорхойгүй байна.
Жишээлбэл, Монгол Ардын нам одоогийн байдлаар 2022 оны 3 дугаар улирлын мөнгөн орлого, зарлагын гүйцэтгэлээ цахим хуудсандаа нээлттэй байршуулжээ. Үүнийг нь бусад намуудтай харьцуулхад харьцангуй дэлгэрэнгүй, тойм мэдээ байна. Үүнээс УИХ-ын гишүүний суудлын дэмжлэгт 465 сая төгрөгийг төрөөс авчээ. Гэвч иргэдийн татварын мөнгөнөөс олгогдож байгаа энэ санхүүжилтийн зарцуулалт тодорхойгүй буюу зориулалтын дагуу ашигласан эсэх нь мэдэгдэхгүй байна.
Харин Ардчилсан намын хувьд санхүүгийн талын бүх мэдээлэл нь хаалттай буюу цахим хуудсандаа ямар нэг байдлаар мэдээлээгүй, иргэд олон нийт татварын мөнгөндөө хяналт тавих ямар ч боломжгүй байгаа юм.
Бид яагаад хяналт тавих шаардлагатай вэ?
Нэгдүгээрт төрөөс намуудад өгч буй санхүүгийн шууд дэмжлэг нь иргэдийн халааснаас гарч буй татварын мөнгө. Тухайлбал, 2005-2012 он Улс төрийн намуудад төрөөс 8 тэрбум (8 041 458 628,00) төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлжээ. Тэгэхээр бид үүнд хяналт тавьж, зарцуулалтыг нь мэдэх боломжоор хангагдах учиртай.
Тухайлбал,
• МАХН 2006 оны улсын төсвийн санхүүжилтийн 50 хувь болох 188,7 сая төгрөгийн санхүүжилтээс УИХ-ын 20 гишүүнд тойрогтоо ажиллах үйл ажиллагаанд зориулж бэлнээр 76,9 сая төгрөг олгожээ. УИХ-ын гишүүд тойрогтоо зарцуулсан хөрөнгийн зарцуулалтын тайланг гаргаж өгөөгүй байна. УИХ-ын гишүүдийн тойрогт зарцуулах 111,8 сая төгрөгийн санхүүжилтийг хуулийн дагуу зарцуулаагүй бөгөөд намын үйл ажиллагааг санхүүжүүлжээ.
• АН 2006 онд УИХ-ын гишүүдийн сонгогдсон тойргийн Архангай, Баян- Өлгий, Өвөрхангай зэрэг 12 аймаг, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн АН-ын хороодод 69,0 сая төгрөгийг намын санхүүжилт нэрээр шилжүүлжээ. Үлдэх 42,2 сая төгрөгийн санхүүжилтийг тус намаас 2006 онд зохион байгуулсан хурал, семинар, хичээл зэрэг нэгдсэн арга хэмжээ болон тус онд хуралдсан намын үндэсний 3 дугаар их чуулганы УИХ-ын гишүүдийн тойргоос сонгогдсон төлөөлөгчдийн зардалд зарцуулсан гэж АН-ын удирдлага тайлбарлаж байна. Дээрх арга хэмжээнд зарцуулсан санхүүгийн баримт байгаа боловч УИХ-ын гишүүдийн тойргоос хэдэн төлөөлөгч оролцсон, түүнд хэдэн төгрөг зарцуулсан тодорхой тооцоо алга байна.
• 2006 онд ИЗН, БНН улсын төсвөөс олгосон санхүүжилтийг намын үйл ажиллагаандаа зарцуулж, УИХ-ын гишүүдийн тойрогт зарцуулаагүй байна. Мөн Улс төрийн намын тухай хуульд улс төрийн намуудад орон нутгийн төсвөөс санхүүжилт олгох тухай заалт байхгүй атал аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ- ын шийдвэрээр ИТХ-д суудалтай улс төрийн намуудад 2000-2006 онд орон нутгийн төсвөөс 1,8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
Харин одоо Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Улс төрийн намын тухай хуулийн 20.1-т намын санхүүгийн үйл ажиллагаанд тухайн намын хяналтын байгууллага хяналт тавина гэж заажээ. Өөрөөр хэлбэл УИХ-д суудалтай намуудад төрөөс өгч байгаа санхүүжилтад төрийн аудит хийх үүрэггүй. Улс төрийн намын хуулийн хэрэгжилтийг хангах төрийн байгууллагагүй явж иржээ. Тиймээс улс төрийн намууд санхүүжилтийн тайландаа жил бүр аудит хийж, нийтэд мэдээлэхгүйгээр, хүссэн үедээ төрийн бус байгууллагаад аудит хийлгэж, өөрсдөө хүсвэл тойм төдий мэдээллийг иргэдэд өгч байна. Иргэд ч үүнийг төдийлөн мэдэхгүй учир хяналт сул байдаг.
МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессор, доктор Б.Эрдэнэдалай “Төрөөс нэг талаараа улс төрийн намуудыг дэмжиж байгаа боловч эргээд санхүүжилтийн хувь хэмжээ нь хэр оновчтой байна вэ, улс төрийн нам эргээд тайлангаа хэнд тайлагнах, яаж ил тод байлгах вэ, юунд зарцуулсан бэ, яг бодлогыг дэмжих чиглэлд тухайн мөнгийг зарцуулж чадсан уу, үгүй юу гэдгийг тайлагнасан тайлан маш чухал.
Төрөөс улс төрийн намуудыг санхүүжүүлж байгаа тохиолдолд эргээд хяналт тавихад аудит, олон нийтийн оролцоо маш чухал. Нэгэнт иргэдийн татварын мөнгөөр санхүүжүүлж байна гэдэг нь иргэдийн оролцоо санхүүжилтийн хяналтад чухал байх ёстой. Иргэдийн оролцоог яаж хангах вэ гэхээр намуудын хувьд санхүүжилтийн зарцуулалт ямар бодлого, үйл ажиллагаанд хэдэн төгрөгийг нь яаж зарцуулсан бэ, залуучууд, эмэгтэйчүүд, жендерийн тэгш байдлыг хангахад энэ санхүүжилт хэрхэн зарцуулагдаж байна вэ гэх зэргээр бүх зүйл бидэнд ил тод, нээлттэй мэдээлэгдэж байх ёстой.
Одоо бол манай улсад Улс төрийн намын тухай хуулиараа ил тод байна, нээлттэй мэдээлж байх ёстой, нам дотоод санхүүгийн хяналтаараа хяналт тавьж байх ёстой гэсэн зохицуулалт заалтууд уг нь бий. Гэхдээ тэр хуулийг хэн, яаж хянах вэ, хуулийг биелүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ гэдэг нь учир дутагдалтай байгаа. Нэг талаасаа үүнийг иргэд, судлаачид, экспертүүд, иргэний нийгмийн байгууллагууд төдийлөн сайн нэхэхгүй байна. Нэхсэн ч тэр нь нэр төдий болчхоод байгаа юм шиг. Нөгөө талдаа хамгийн том шалтгаан нь улс төрийн намууд, ялангуяа парламентад суудалтай улс төрийн намуудад үүнийг хэрэгжүүлэх сонирхол байхгүй гэж харж болохоор байна.” гэв.
Энэ талаар өмнө нь МУБИС-ийн багш, улс төр судлаач, доктор /Ph.D/ Э.Гэрэлт-Од “2005 оны улс төрийн намын тухай хуульд улс төрийн намын санхүүжилт, бүрдүүлэх арга зам, хязгаарлалт, хяналтын механизм, олон нийтэд цацах мэдээлэх зэргийг бүгдийг нь зааж өгсөн боловч амьдрал дээр хэрэгждэггүй. Одоо үйлчилж буй хууль уг нь муу хууль биш. Хамгийн гол нь үүнийг хянах механизм байхгүй байгаад асуудал оршиж байна. Үндэсний Аудитын газраас улс төрийн намуудад нэг л удаа аудит хийгээд санхүүгийн үйл ажиллагаанд асар их доголдол зөрчил гаргаж байна, ялангуяа татвар төлөгчдийн мөнгийг тайлагнахгүй байна, юунд зарцуулж байгаа нь ойлгомжгүй байна гэж мэдээлсэн” гэж байв.
ИРГЭД ТАТВАРЫН МӨНГӨНДӨӨ ХЯНАЛТ ТАВИХАД ОРОЙТООГҮЙ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар дэмжсэн бөгөөд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байгаа.
Энэхүү хуулийн төслийн Хуулийн төслийн зургадугаар бүлэгт намууд санхүүгийн тайлан гаргах, тайланг мэдүүлэх, аудит хийлгэх, сонгуулийн төв байгууллага тайланг нягтлан шалгах, нийтэд мэдээлэх, улмаар намын тайлантай холбоотой алдаа зөрчилд тооцох хариуцлагын талаар, долдугаар бүлэгт бусад асуудлыг тусгасан байна.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 6.39.1 дээр Нам жилийн эцсийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитор, эсхүл аудитын байгууллагаар аудит хийлгэж, дүгнэлт гаргуулан хоёрдугаар сарын 10-ны дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ гэж тусгажээ.
Энд нэг зүйлийг уншигч та анзаараарай. Энэ удаагийн хуулийн төсөлд ч мөн намуудын санхүүгийн тайланд төрийн аудитын байгууллага биш хөндлөнгийн аль нэг аудитын байгууллага хяналт хийхээр байна.
Одоогийн мөрдөгдөж буй хуулиар төрөөс зөвхөн УИХ-д суудалтай намуудад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг бол шинээр өргөн мэдүүлсэн хуулийн төслөөр УИХ-ын сонгуулиар суудал аваагүй ч, иргэдийн авсан саналын хувиар тодорхой хэмжээний санхүүжилтийг төрөөс олгохоор байгаа юм.
Иймд иргэн та d.parliament.mn цахим хуудсанд хандан, хууль хэлэлцэгдэн батлагдахаас өмнө хуулийн төсөлд саналаа илэрхийлэх боломжтой юм.
Улс төрийн намын санхүүжилт, тэр дундаа төрөөс буюу иргэдийн татвараас намуудад өгч байгаа санхүүгийн зарцуулалтад тавих хяналтад иргэдийн оролцоо чухал гэсэн судлаачийн үгийг төгсгөлд нь сануулъя.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ муусайн гөлөгнүүд ил гаргахгүй л дээ. Мануусын мөнгийг хуваагаад найралж байдаг лүднүүд юмааа
Гадаадаас санхүүждэг нам Монголд байдаг юм уу? Тийм нам байдаг бол ил болгож өнгөрсөн хугацаанд хэдий хэмжээний санхүүжилт авсныг ил болгох хэрэгтэй. Бас тэр намын зохион байгуулалт, үйл ажиллагааг төрөөс шалгах хэрэгтэй.
Энэ намаа санхүүжүүлдэг европын улсууд төр засгийг удирдаж байгаа үедээ төрөөсөө төсвөөс мөнгө хулгай хийдэггүй төрийн хариуцлагатай алба хашиж байгаа албан тушаалтан нь авилга албан тушаалын гэмт хэргүүдэд оролцдоггүй түүгээр ч барахгүй мөнгө угаах гэмт хэрэгт оролцдоггүй ийм л байна. Монгол улс д бүх юм эсэргээрээ сонгуулиасаа авхуулаад 4 жилийн хугацаанд төсг явагддаг тэр байтугай намаа хүртэл үнэ хүргэж зарах гэж оролддог ийм байхад улс төрийн намууд санхүүжилтээ ил болгох болов уу төрөөс намуудыг санхүүжүүлэх нь зөв үү? Хэн нэгний хувийн өмчид төрөөс санхүүжилт хийгээд байгаа юм биш үү?