БНХАУ: Зарим төрийн албан хаагчдад iPhone хэрэглэхийг хориглов

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 07

БНХАУ эрх баригчид хэд хэдэн яамд, засгийн газрын агентлагуудын албан тушаалтнуудад iPhone утас хэрэглэхийг хориглосон тухай “The Wall Street Journal” сонин эх сурвалж дурдан мэдээлжээ. Энэхүү арга хэмжээг үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор авч байна. Төрийн албан хаагчид iPhone утсаа энэ сард багтаан солих ёстой.

Энэ мэдээ гарсны дараа “Apple” компанийн хувьцаа 3.6 хувиар буурч, 182.91 ам.доллар болсон байна. Хятадын эрх баригчид төрийн албан хаагчдынхаа “Apple” компанийн бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлаж байсан.

Хятадын Засгийн газар iPad, MacBook зэрэг АНУ-д үйлдвэрлэгдсэн техникийн хэрэглэхийг хориглосон тухай 2014 онд Блүмберг агентлаг мэдээлж байв. Хятад улс нь “Apple” компанийн томоохон зах зээл бөгөөд үйлдвэрлэлийн төв юм. Тус компанийн борлуулалтын орлогын 19 хувийг энэ зах зээл бүрдүүлдэг байна. 2021 онд Хятадын засгийн газар цэргийн алба хаагч болон төрийн өмчит гол компаниудын ажилтнуудад мөн “Tesla” компанийн цахилгаан автомашиныг борлуулахыг хязгаарлаж байжээ. Цахилгаан автомашиныг үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл авахад ашиглаж байж болзошгүй гэж үзэн ийм алхам авч байсан ба энэ хязгаарлалт өнөө хэр үйлчилж байна.

АНУ-д ч мөн Хятадын технологийн компанийн бүтээгдэхүүний хэрэглээнд хориг тавьж эхэлсэн. 2021 онд Хятадын “Huawei”, “ZTE”, “Hytera” зэрэг компанид АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүн борлуулах зөвшөөрөл олгохыг хориглож байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top