Байден: Abrams танк ирэх долоо хоногт Украинд хүрнэ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 22

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Abrams танк ирэх долоо хоногт Украинд хүрнэ гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй Цагаан ордонд хийсэн хэлэлцээний үеэр мэдэгджээ.

АНУ Украинд нийт 31 Abrams танк нийлүүлэхээр амласнаас хэвлэлүүдийн бичиж буйгаар эхний ээлжид 10 танк хүлээлгэн өгөх юм.

Талууд Украины эрчим хүч, эдийн засгийн салбаруудыг сэргээх, Киевийн авлигын эсрэг тэмцэл, хоёр талын цэргийн аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ. Володимир Зеленськийн мэдэгдсэнээр, хоёр тал хамтарсан батлан хамгаалах экосистемийг байгуулахаар тохиролцсон байна. Энэ хүрээнд хоёр улс шаардлагатай зэвсэглэл үйлдвэрлэх боломж нээгдэх юм. Түүний хэлснээр, энэ систем нь шинэ аж үйлдвэрийн бааз байгуулахаас гадна шинэ ажлын байр бий болгох юм.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Конгресс хандан үг хэлэхээр төлөвлөж байсан ч Төлөөлөгчдийн танхимын спикер Кэвин Маккарти зөвшөөрөл олгоогүй гэж “NBC News” суваг мэдээлжээ. Мэдээлэлд дурдсанаар, хууль тогтоогчид ажлын ачаадалтай ажиллаж байгаа тул Конгрессын өмнө үг хэлэх хангалттай цаг байхгүй гэж Маккарти тайлбарласан байна. Тэрбээр Зеленський Конгресст хандан үг хэлж байсныг сануулжээ.

Мөн өдөр Цагаан ордны тэргүүн Украины Зэвсэгт хүчинд үзүүлэх тусламжийн шинэ багцыг баталжээ. Багцад “Hawk” агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем зэрэг багтсан байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений мэдээлснээр, Украинд зориулж нийт 128 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээс гадна өмнө нь баталсан тусламжийн багцаас 197 сая ам.долларын нийлүүлэлт хийнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(103.57.93.86) 2023 оны 09 сарын 22

Юу хийж байгаагаа ойлгохгүй амерк зөнөг өвгөний нохойд барьдаг мод байхаа больмоор юмаа украин

2  |  0
Top