Г.Амарсанаа: Сурагчдын үдийн хоолонд сүү, цагаан идээ хэрэглүүлэхэд маш сайн үр дүн гарсан

Автор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 08

“Эрхэт Монгол” медиа групп сар тутам нэг сэдвийг сонгон, олон талын эх сурвалжтай, тэнцвэртэй, асуудал дэвшүүлсэн, шийдэл хайсан мэдээ, сурвалжилга бэлтгэх зорилготой “Нэг сэдэв-Нэг сар” нөлөөллийн хөтөлбөрийг эхлүүлсэн. Улмаар энэ сард цэцэрлэг, сургуулийн хоол, хүнсний стандарт, шинэчлэлийн асуудлыг хөндөхийн сацуу “Үдийн цайг сүүтэй болгоё” сэдвийг онцолж байгаа билээ. Тиймээс бид энэ удаагийн зочноороо “Путонхуа” дунд сургуулийн Хоол зүйч Г.Амарсанааг урьж ярилцлаа. Тэрбээр өмнө нь 2013 онд 130 хүүхдийн дунд судалгаа явуулж, зургаан сарын турш “Үдийн цай”-нд нь сүү өгөхөд маш сайн үр дүн гарсан бөгөөд энэ удаад нийт сургуулийнхаа хэмжээнд тус хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ажээ.


-Та долоон настай 130 хүүхдэд зургаан сарын туршид өдөр бүр 200 грамм сүү өгөх төслийг хэрэгжүүлсэн юм билээ. Чухам яагаад ийм зүйл хийх болсон бэ. Үр дүн нь ямар гарсан бэ?

-Энэ ажлыг 2013 онд Баянгол дүүргийн 113 дугаар сургууль дээр хийсэн. Долоон настай 130 хүүхдийг энэ судалгаандаа хамруулсан. Энэ судалгааг ШУТИС-ийн Үйлдвэр технологийн сургуулийн багш, доктор, профессор, хоол зүйч М.Пүрэвжав багштайгаа хамтран хийж байсан. Ингэхдээ тухайн хүүхдүүддээ өдөр бүр хөөрүүлсэн сүүг өгсөн. Үүнийхээ өмнө ясны сийрэгжилтийг нь тусгай аппаратаар хэмжсэн. Гэтэл нийт хамрагдсан хүүхдүүдийн 93.2 хувь нь ясны эд цөөрсөн буюу яс сийрэгжилтийн өмнө үед, 2.3 хувь нь яс сийрэгжилттэй, 4.5 хувь нь эрүүл гэж гарч байсан юм. Харин сүүгээ зургаан сарын турш өгснийхөө дараа дахин хэмжиж үзэхэд 87.7 хувь ясны эд цөөрсөн буюу яс сийрэгжилтийн өмнө үе болж буурсан. Мөн яс сийрэгжилттэй хүүхдийн тоо 0.7 хувь болж буурч, эрүүл хүүхэд 11.6 хувь болж өссөн. Энэ нь маш сайн үр дүн гарсан гэсэн үг.

-Та энэ судалгаагаа одоо ажиллаж байгаа “Путонхуа” дунд сургуулийнхаа хэмжээнд хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Ямар байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

-Манай “Путонхуа” дунд сургууль 1-12 дугаар ангийн нийт 750 сурагчтай. Энэ удаад эдгээр хүүхдүүдээ бүгдийг нь 100 хувь хамруулахаар төлөвлөсөн. Манай сургууль бага үдийн цай, өдрийн иж бүрдэл хоол, үдийн цай гэсэн гурван удаагийн хоолтой байдаг юм. Тиймээс бага үдийн болон их үдийн цайн дээрээ сүү, цагаан идээний хэрэглээг нэмэгдүүлье гэж байгаа. Хүүхдийн “Гэр зөвлөмж” дээр хүүхэд өдөрт дөрвөн нэгж сүү, цагаан идээ хэрэглэх ёстой байдаг бол сургуулийнхаа өдрийн хоолон дээр хоёр нэгж сүү, цагаан идээг бүрэн хэрэглэх боломжтой болж байгаа юм. Мөн дээрээс нь Өдрийн иж бүрдэл хоол дээрээ ясны шөл гаргаж, хүүхдүүдээ өгөхөөр төлөвлөж байна.

-Та нэгж гэж яриад байна. Үүнийгээ тайлбарлаж өгөөч?

-Хүүхдүүд өдөрт дөрвөн нэгж сүү, цагаан идээ хэрэглэх ёстой гэж байгаа. Нэг нэгж гэдэгт 200 мг сүү, тараг ордог. Мөн 30 грамм, аарц, ааруул ордог юм. Манай сургууль дээр өдөр бүр нэг аяга сүү, тараг, аарц гэсэн байдлаар өгөх буюу өдөрт хоёр нэгжийг нь хангах бүрэн боломжтой болж байгаа. 

-Хүүхдэд чухам яагаад сүү, сүүн бүтээгдэхүүн чухал хэрэгтэй байдаг вэ?

-Яс сийрэгжих өвчин л гэхэд ихэнхдээ ахмад настан болон эмэгтэйчүүдэд тохиолддог байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд манай улсад суурин амьдрал ихсэж, хотжилт нэмэгдэж, төв суурин газар амьдрах иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор сүү, цагаан идээний хэрэглээ маш ихээр буурсан. Үүнийгээ дагаад зөвхөн ахмад настан, эмэгтэйчүүд гэлтгүй бага насны хүүхдүүд яс сийрэгжих өвчнөөр өвдөх нь ихэссэн. Мөн сүү, цагаан идээний хэрэглээ бага байснаар шүд цоорох, шүдний өвчлөл ч нэмэгдсэн. Тиймээс хүүхдүүдийг бага наснаас нь эхлэн зөв зохистой хооллох хэв зуршилд сургахын тулд сүү, цагаан идээг тогтмол хэрэглүүлэх хэрэгтэй байгаа юм. Би судалгаагаа ШУТИС-ийн Үйлдвэр технологийн сургуулийн дэргэдэх Монгол-Солонгосын хамтарсан Шим тэжээл судлалын төвтэй хамтарч хийж байгаа. Яс сийрэгжилтийг Sonost-3000 аппаратаар хэмжиж, хүүхдийн өсөлт, хөгжилт, уураг, эрдэс бодисыг тодорхойлдог In body аппаратыг мөн ашиглаж байна. Энэ хоёр төхөөрөмжөөр хүүхдүүдээ одоо шинжлээд сүү, цагаан идээгээр хангасныхаа дараа буюу хичээл амрахаас өмнөхөн тавдугаар сард дахин шинжилгээ хийнэ. Ингээд харьцуулсан судалгааны дүн гарна. Энэ дүндээ үндэслэн цаашид сурагчдын Үдийн хоол дээр сүү, цагаан идээг хэрэглэхийн ач тусыг тайлагнана гэсэн бодол, зорилготой байгаа.

-Манай “Эрхэт Монгол” медиа групп сар тутам нэг сэдвийг сонгон шийдвэр гаргах түвшинд нөлөөлөхөөр аян хэрэгжүүлж байгаа юм. Энэ сард “Үдийн цайг сүүтэй болгоё” гэсэн сэдвийг сонгосон. Харин таны хувьд одоогийнхтойгоо нийлээд хоёр сургууль дээр үдийн цайг нь сүүтэй болгох ажлыг хийж байгаа юм байна. Тэгэхээр ер нь нийт сурагчдын үдийн цайнд сүү, цагаан идээ өгдөг болох боломж бий болов уу. Та юу гэж хардаг вэ?

-Одоогийн байдлаар төрийн өмчит сургуулиудын үдийн хоолны мөнгөний төсөв нь 1500 төгрөг байгаа. Ийм хэмжээний мөнгөөр хоол дээр нь сүү, цагаан идээ нэмэх ямар ч боломж байхгүй. Харин төсөв, мөнгийг нь нэмэгдүүлээд өгчих юм бол бүрэн боломжтой. Дээрээс нь энэ хичээлийн жилээс эхлээд хувийн сургуулиудын 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд өгдөг байсан хоолны 1500 төгрөгийг өгөхөө больж байгаа юм шиг билээ. Тэгэхээр чинь юун нэмж сүү, цагаан идээ өгөх дээрээ тулж байна шүү дээ. Уг нь ирээдүй хойч болсон хүүхдүүдээ эрүүл чийрэг, сайн сайхан хүн болгон өсгөхийн тулд энэ мэтчилэн зүйлд төсөв мөнгийг нь ахиухан тавьж өгөх ёстой гэж боддог.

-Танай сургуулийн хэмжээнд хүүхдүүддээ ингэж сүү, цагаан идээ өгөхөд нийт хэчнээн төгрөгийн төсөв хэрэгтэй болж байгаа вэ?

-Нэг хүүхдэд өдрийн 5-6 мянган төгрөгийн зардал гарахаар тооцсон.

-Тэгэхээр төрийн өмчийн сургуулиудын өдрийн хоолны мөнгийг энэ хавьцаа болгож байж сүү, цагаан идээгээр хангах боломжтой гэсэн үг үү?

-Судалгаа, тооцоогоор бол одоохондоо энэ хэмжээний мөнгөөр хүүхдүүдийг хоол, сүү цагаан идээгээр нь хамтад нь хангах бүрэн боломжтой.

-Та хоол зүйч хүн. Сүү, цагаан идээнд хүний биед шим тэжээлийн талаасаа ямар ач тустай бодисууд байдаг вэ?

-Сүү, цагаан идээнд хүний биеийн өсөлт хөгжилтөд нэн шаардлагатай үл орлогдох амин хүчил, тосны хүчил төдийгүй эрдэс бодис болох кальци, фосфор, кали, магни гэсэн бодисоор баялаг байдаг. Мөн А, Д амин дэмүүд бага зэрэг, В-ийн төрлийн амин дэмүүд байдаг учраас хүүхдийн өсөлт хөгжилтөд зайлшгүй шаардлагатай байдаг.

-Тогтмол хэрэглэснээрээ ямар өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж болох вэ?

-Мэдээж хамгийн түрүүнд ясны сийрэгжилтээс хүүхэд төдийгүй насанд хүрсэн хүмүүс ч урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Мөн шүд цоорох өвчин, бага насны хүүхдийн рахит буюу сульдаа зэрэг өвчнүүдээс урьдчилан сэргийлнэ. Гэвч хүүхдүүдэд зөвхөн сургууль дээр нь сүү, цагаан идээ өгөөд хангалтгүй. Гэртээ ч гэсэн үргэлжлүүлэн хэрэглэх ёстой. Мөн сургууль дээрээ хэрэглэчихээд гэртээ ирээд кальцийн шимэгдэлтийг бууруулагч бүтээгдэхүүнүүдийг ихээр хэрэглээд байвал ямар ч үр дүн гарахгүй шүү дээ. Тиймээс эцэг, эхчүүд ч гэсэн хариуцлагатай байж, хүүхдүүддээ цагаан идээг тогтол хэрэглүүлж байх хэрэгтэй.

-Кальцийн шимэгдэлтийг бууруулагч бүтээгдэхүүн гэдэгт юу юу орох вэ?

-Бүх төрлийн хийжүүлсэн ундаа, чихэр, чипс зэрэг бүтээгдэхүүнүүд орно. Мөн Д амин дэм дутагдах юм бол яс сийрэгждэг. Д амин дэмийг бид гол төлөв нарнаас л авдаг шүү дээ. Гэтэл манай улс чинь жилийн дөрвөн улиралтай, тэр бүр хангалттай хэмжээгээр нарнаас Д амин дэм авч чаддаггүй. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ Д амин дэмийг нэмэлтээр өгч байх шаардлагатай. Төрийн өмчит сургуулийн хүүхдүүд Үдийн хоолноосоо тэр бүр шим тэжээлийг бүрэн авч чадахгүй байгаа энэ нөхцөлд эцэг, эхчүүд хүүхдүүддээ маш сайн анхаарал хандуулж байх хэрэгтэй.

-Та энэ төслөө хэрэгжүүлэх явцдаа сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс үнийн судалгаа авсан байх. Ер нь 70 гаруй сая малтай гэсэн хэрнээ сүү, цагаан идээ харьцангуй өндөр үнэтэй байдаг шүү дээ. Үнийн хувьд ер нь хэр байна вэ?

-Одоогийн байдлаар үнийн судалгаагаа үргэлжлүүлэн авсаар байгаа. Ирсэн үнийн саналуудаас харахад нэг литр сүү 4000-4050 төгрөг байна. Энэ бол бидний нэрлэдэгээр шингэн буюу задгайгаар авах сүүний үнэ. Үүн дээр нь савлуулах юм бол сав, баглаа боодлын үнэ нэмэгдэх юм билээ. Мөн 250 граммтай сүү гэхэд 1300-1800 төгрөгийн хооронд үнэтэй байгаа. Тараг гэхэд л литр нь 2800 төгрөг юм билээ. Ер нь эндээс харахад сүү, цагаан идээний үнэ үнэхээр өндөр байна.

-Сүү, цагаан идээний үнэ өндөр байгаагийн шалтгаан нь юунд байдаг юм бол?

-Миний харж байгаагаар биднийг бага байхад малчид маань хонь, ямаагаа хүртэл саадаг байсан шүү дээ. Гэтэл одоо хонь, ямаа саадаг айл бараг байхгүй болсон. Голцуу үнээгээ сааж байна. Гэхдээ ингэхдээ зөвхөн цагаан идээ боловсруулахаар хэмжээнд бус зөвхөн өөрсдийн хэрэглээг хангах хэмжээнд л сааж байна. Манай нутгаар бодит байдал ийм л байгаа. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд маань дэргэдээ эрчимжсэн мал аж ахуй байхгүй. Малчдаас сүүгээ явж цуглуулдаг. Ингэхээр тодорхой хэмжээний зардал гарч, үнэ нэмэгдэх бас нэг шалтгаан болж байна гэж хардаг. Дээрээс нь манайх чинь жилийн дөрвөн улиралтай, өвөл, хавартаа буюу мал төллөхөөс өмнө сүү, цагаан идээний хомсдол бий болдог. Зун, намартаа сүү, цагаан идээ нь ихэсдэг ч үйлдвэрүүдийн хүчин чадал бага, малчдад сүүгээ хадгалах боломж байдаггүй нь бас нэгэн шалтгаан болов уу гэж боддог.

-Та өөрийн төслөө хэрэгжүүлэхдээ гаднын улсуудын туршлагыг судалсан уу. Бусад улсууд сургуулийн хүүхдүүддээ сүү, цагаан идээг хэр хэрэглүүлдэг юм бэ?

-Манай урд хөрш Хятад улс гэхэд л 2005 оноос хойш өдрийн хоолондоо нэг аяга сүүг өгч эхэлсэн. Одоог хүртэл энэ нь үргэлжилж л байгаа. АНУ гэхэд л 1940 оноос эхэлж сургуулийн хүүхдүүддээ сүү, цагаан идээг өгч эхэлсэн байдаг. Мөн манай азиуд дотроос Япон, Солонгос гээд хэрэглээ өндөртэй, энэ тал дээр бодлогоор маш сайн анхаардаг.

-Хятад гэхээр л намхан, орсгой шүдтэй байдлаар төсөөлдөг байсан бол сүүлийн үед шал өөр өсөлт, хөгжилтэй болсон гэдгийг хүмүүс ярьдаг. Энэ нь тэр сүүний хэрэглээтэй нь холбоотой болов уу?

-Үнэхээр салшгүй холбоотой. Сургууль, цэцэрлэг нь дэргэдээ туслах аж ахуй эрхэлж, түүнээсээ сүү, цагаан идээгээр бүрэн хангадаг юм билээ. Тайланд улс л гэхэд сургууль, цэцэрлэгийнхээ дэргэд туслах аж ахуйтай байдаг. Газар тариалан, мал аж ахуй, гахай, тахиа үржүүлдэг. Хүүхдүүд нь өөрсдөө ногоогоо тарилцаад, хураагаад хүнсэндээ хэрэглэдэг юм билээ. Энэ чинь давхар амьдралын ухаанд сургаж, танин мэдэхүйн чухал ач холбогдолтой сургалт болдог. Манай Боловсролын тухай хуульд ч гэсэн энэ тухай заалт уг нь бий. Сургууль дэргэдээ сургалт, туршилт, танин мэдэхүйн талбайтай байж болно. Эндээ газар тариалан, мал аж ахуйн хөгжүүлж болно гэсэн байдаг. Харамсалтай нь ийм үйл ажиллагаа явуулдаг сургууль алга. Газрын асуудал, хөрөнгө санхүүгийн боломжгүй байдлаас ч болдог байж мэднэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Namuun(103.212.116.198) 2024 оны 04 сарын 19

Putonhua surguulid bi surdag.Ugluunii tsaindaa suu tsagaan idee idej baigaadaa mash ih bayrlaj bna.Suu tsagaa idseneer bi chiherees iluu tsagaan idee hergeldeg bolson.Tiim uchiraas minii shudnii tsoorhol bagassan.

0  |  0
q(202.9.40.46) 2024 оны 04 сарын 19

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

1  |  1
Харамсалтай нь(202.9.40.254) 2024 оны 04 сарын 19

Тэр сүү нь алга даа.

1  |  1
Top