Ааруул кг нь 30.000-45.000 төгрөгийн үнэтэй байна

2024 оны 01 сарын 23

 

Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан Архангай аймгийн малчдын бэлтгэсэн цагаан идээ, сүү, сүүн бүтээгдэхүүн, махны нэгдсэн үзэсгэлэн худалдаа "Тусгаар тогтнолын талбай"-д буюу бидний нэрлэж заншсанаар Ялалтын талбайд нэгдүгээр сарын 20-оос хоёрдугаар сарын 5-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн 9 сумын 46 иргэн өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээ ийнхүү худалдаанд гаргажээ. 


Үзэсгэлэн худалдаанд оролцож буй иргэд нэг кг ааруулыг дунджаар 30.000-45.000 төгрөгийн хооронд худалдаалж байлаа. Сүүн хуруудны ааруулаар хийсэн тавгийн идээ 450.000-550.000 төгрөгийн үнэтэй байгаа бол аарцны ааруулаар хийсэн тавгийн идээ дунджаар 350.000 төгрөгөөр худалдаалагдаж байна. 

Энэ тухай худалдаа эрхлэгчээс тодруулахад: Одоо бид аарцаа данхраадаар дарж хийж байгаа учраас үнийн хувьд хамаагүй боломжийн. Өмнө нь тэргэн дээр дардаг байхад маш шингэн, 2-3 цаг буцалгаж хийдэг байсан. Энгийн аарцны ааруулаар тавгаа зассанаас хойш гурав хоногийн дотор халуун гэрт мод шиг хатуу болоод хатчихдаг. Энэ ааруул маань тос даасан учраас хатах асуудал байхгүй. Хүмүүсийн худалдан авах чадвар дажгүй сайн байна гэж харж байна. Үнэтэй гэж хэлэх хүмүүс мэр сэр бий. Хүмүүс шар тос, хайлмаг гаргаж авах зорилгоор ихэвчлэн зөөхий худалдан авч байна гэлээ.

 

 

Нэрмэл архи 1 литр нь дунджаар 10.000 төгрөгийн үнэтэй байгаа бол хонины махыг кг нь 8000-9000 төгрөгөөр тооцон авах боломжтой. Хонины гулууз мах хэмжээнээсээ шалтгаалан 190.000-260.000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа тухай худалдаа эрхлэгчид дурдлаа. 

 

 

Тусгаар тогтнолын талбайд Сар шинийн бэлтгэл ажлаа базааж буй иргэдийн хөл тасрахгүй байлаа. Монгол түмний уламжлал болсон "Цагаан сар"-ын баяртаа бэлдэж буй иргэд малчдын хөдөлмөрийг үнэлж, эко бүтээгдэхүүн худалдан авч байгаадаа сэтгэл хангалуун байгаа тухайгаа ийн илэрхийллээ. 

Малчид "махаа зулгааж" цагаан идээ хийж байгаа учраас энэ зэргийн үнэтэй байж болно гэж бодож байна. Маш их хөдөлмөр ордог ажил шүү дээ. Ааруул 35.000-40.000 төгрөгийн хооронд байна. Бид энэ мөнгөөр таваг хоол авахаар болсон байна шүү дээ. Таваг хүрэхгүй хоолны мөнгөөр ийм сайхан цэвэр, эко бүтээгдэхүүн худалдан авч байгаа нь сайхан л байна. Миний хувь өнөөдөр зөөхий, ээзгий, ааруул зэрэг бүтээгдэхүүн худалдан авлаа.

 

 

Орон нутгийн иргэд наашаа зориод ирж байгаа учир авалгүй яахав. Яг дотор байгаа бодлоо хэлбэл жаахан үнэтэй байгаа юм уу даа гэж бодлоо. Гэхдээ өвлийн хүйтэнд ингээд гадаа зогсоод худалдаа хийгээд, сүүгээ саагаад, ааруул хийнэ гэдэг чинь том ажил шүү дээ. Ингээд бодохоор байх боломжтой үнэ гэж л харж байна. Юм болгон л үнэд орж байгаа цаг шүү дээ. Малчдынхаа хөдөлмөрийг хүндэлж байна аа. 

 

 

Худалдаа эрхлэгчдээс үйлчлүүлэгчдийн худалдан авах чадвах хэр байгаа тухай асуухад дараах хариултыг өглөө. 

Хүмүүсийн худалдан авалт дажгүй сайн байгаа ч өмнөх жилүүдээ бодвол арай муудсан юм уу даа гэж харж байна. Миний хувьд жил бүр үзэсгэлэн худалдаанд оролцдог. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээсээ худалдан авалт муутай байгаа юм шиг санагдаж байна. Тээврийн хөлс нэмэгдчихсэн, цас, зудтай байгаа учраас малчдад их хүнд байгаа. Ааруулууда 35.000-38.000 төгрөгийн хооронд худалдаалж байгаа.

 

 

Манай лангуун дээр 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн байгаа. Одоо гэхдээ бараг дуусч байна. Үзэсгэлэн худалдаан дээр гараад гурав л хонож байна. Үйлчлүүлэгчид ам сайтай байгаа. Бид ихэнхдээ шар сүүгээ бүтээгдэхүүн болгож чаддаггүй шүү дээ. Энэ зун манайх шар сүүгээрээ чихэр хийсэн. Үнэр, амт оруулагч, тогтворжуулагч огт ороогүй. Ердөө аарц болон бяслагийн шар сүүгээр хийсэн. Цөцгий болон үзэм, хулууны үр зэрэг нэмэлт бүтээгдэхүүнээр мөн баяжуулж өгсөн. Үнийн хувьд савлагаанаасаа хамаараад 5.000-15.000 төгрөгийн үнэтэй байна. Манайх 20-оод жил үзэсгэлэнд гарч байгаа учраас мэддэг хүмүүс маань ирээд авчихдаг.

Уламжлалт аргаар бүтсэн, эрүүл, баталгаатай цагаан идээ худалдан авахыг хүссэн иргэдэд ирэх сарын 5-нийг хүртэл энэхүү үзэсгэлэн худалдаа нээлттэй байх ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.57.93.22) 2024 оны 01 сарын 23

Tiimee bie zaschihaad gar ugaadag hun mongold barag haraagui.

0  |  0
baatar(66.181.185.101) 2024 оны 01 сарын 23

Энэ ааруул чинь Алтан тариан гурилтай юу? Улаанбаатар гурилтай юу? \n

0  |  0
zochn(59.153.86.212) 2024 оны 01 сарын 23

Aaruul bish guril n iim unetei bgaa shu

0  |  0
зочин(66.181.189.166) 2024 оны 01 сарын 24

ариун цэвэрийн шаардлга сайн хангаж хийгээрэй манай хөдөөнийхөн биеэ засчихаад гараа угаадггүй л хүмүүс шүү дээ

2  |  0
Top