Энэ жилийн цагаан сараар “Ааруул” гэсэн үг трэнд боллоо. Урьд өмнө ааруул тийм их ач холбогдолтой байсангүй. Өнгөрсөн жилээс, ялангуяа хот газрын залуу гэр бүлүүд нүсэр их боов өрж, ууц шүүс тавихаасаа ааруул цагаа, чанасан мах голлосон минимал маягийн ширээ засалтыг голчлох болсон. Ахмад настнууд ч гурилан боовноос цагаан идээг чухалчлан ааруулаар идээ засах болсон билээ. Цэвэрхэн ч харагддаг, сар шинийн дараа хаягдал болдоггүй онцлогтой. Тэгээд л шинэ он гаруут ааруул” анхаарлын төв”-д орж ирсэн хэрэг. Гэтэл ааруулын үнэ тэнгэрт хадаж кг нь 70 мянган төгрөгт хүрснээр үл барам “Далан мянга болох байтугай авчихсан байвал яахав” гэсэн эмэгтэйн үг сошиалыг “чимэв”.
Сар шинэ дөхөхөөр эхэлдэг Архангайн цагаан идээний уламжлалт үзэсгэлэн худалдаа Эрх чөлөөний талбайд гарч, дундын ченжгүй ааруулыг худалдан авах боломж гарч ирэв. Энэ жилийн үзэсгэлэн худалдааны онцлог гэвэл бараг л ааруулаар дагнасан байна билээ. Бусад төрлийн цагаан идээ өмнөх жилүүдийнхээс арай хомс боловч байна аа, байна. “Хилэнт эх” хэмээх хөх модон луу жилийн цагаан сараар хэрэглэх ааруулын үнэ нэг кг нь 25-35 мянган төгрөг харагдана лээ. Мөнөөх 70 мянган төгрөгийн ааруул тэгэхээр нэг нугарсан үнэтэй байсан болж таарлаа. Ченжийн гар орсон, ороогүйн зөрүү ийм байдаг аж.
Тэгвэл орон нутагт, тухайлбал, Ховд аймагт нэг кг ааруул хольцтой, хольцгүйгээсээ хамаараад 20-32 мянган төгрөгийн хооронд, иж бүрэн тавгийн ааруул хэмжээнээсээ хамаараад 130 000-300 000 төгрөгийн үнэтэй байгаа дуулдана. Тэгэхээр ааруулын ханш хөдөө, хотгүй л өндөр байгаа гэсэн үг. Малчны цаг наргүй хөдөлмөр, цагаан идээ хийх нөр их ажил, энэ өвлийн зуд турханы байдлыг бодолцвол ийм үнэтэй байхаас ч аргагүй мэт. Энэ бүхнийг ойлгоод иргэд цагаан сарын ааруулаа базаагаад л байгаа харагдана. Цагаан сар “ажиллагаа”-ны чухал нэг хэсэг энэ удаад ийнхүү “ааруул базаах” гэсэн нэгэн шинэ “чиглэл”-тэй болж байна.
Сэтгэгдэл ( 5 )
ТҮҮХИЙ БООВ ӨРЖ, ДАНХАЙСАН БАРАГ ӨМХИЙРСӨН ӨВЧҮҮ, УУЦ ҮЗЭСГЭЛЭН МЭТ ШИРЭЭН ДЭЭР ОХОЖ СОЛИОРОХ ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ. ЭНЭ ҮГШИРСЭН ХУУЧИН АХУЙН БАЙДЛЫГ ӨӨРЧИЛЬЕ
Дэндүү үнэтэй. Ааруул хэрэггүй ээ хуурамч бөөн гурил бөөн чихэр
Ааруул 69 мян гэдэг чинь худлаа бичлэг пм шүү, уучлаарай, мөнгөөр хийсэн клип юм шүү
Тэнгэрт хадсан үнэтэй ааруул маань бүгд гурилан хольцтой болсон тийм ч эрүүл биш ихээр биш идээ чимэх төдийд авч байгаач туйлширхаа больж үз
Гашилсан сүүгээр хийдэг ааруул яахаараа тэнгэрт гардаг бна аа заавал ааруулаар таваг зас гэсэн хууль шүү дээ сайхан ётонгоор засаж болно шүү дээ